Сонгуулийн ирцийг түүхэнд байгаагүй өндөр хувьд хүргэцгээе

Х.Батсайхан
2024/06/28

1945 оны 10 дугаар сарын 20 Монгол Улсад монголчууд тусгаар тогтнох хүсэлтэй байгаа эсэхийг тогтоох бүх нийтийн санал хураалт манай улсын хувьд хамгийн өндөр ирцтэй бүх нийтийн санал хураалт гэж тэмдэглэгджээ.

Сонгогчдын нэрсийн жагсаалтад 494,960 хүний нэр бичигдсэнээс 487,409 хүн оролцож, ирц 98.47 хувьтай гарсан байна. Энэ бол монголчууд түүхэн сонголтод хариуцлагатай хандаж чаддаг гэдгийн маш том нотолгоо.

Тиймээс энэ удаад ч яг тэр үеийнх шиг хариулагатай хандаж, ирцийн хувьд дээд амжилт тогтоосон, хэн ч хүлээн зөвшөөрөхүйц хариуцлагатай сонгууль хийцгээе гэж нийт монголчууддаа уриалж байна.

1945 оны сонгуулийн ирц, үр дүнгийн ач холбогдол юу вэ гэвэл, нийт сонгочлын 98.47 хувь нь оролцож, саналаа өгсөн иргэд бүгд /487,409-өөс 487,409/ тогтнох хүслээ илэрхийлчихээр олон улс, тэр тусмаа санал хураалт явуулахыг ятгасан БНХУ /тухайн үеийн нэрээр/ ямар ч гарцгүй болчихож байгаа юм. Ирц өндөр байх нь тухайн улсын ард иргэдийн хүсэл зоригийг нарийвчлалтай илэрхийлж байгаа хэлбэр учир ач холбогдол нь өндөр.

Энэ удаагийн сонгуулийн хувьд, Монгол Улс, монголчууд ардчилалтайгаа, олон намын тогтолцоо, чөлөөт ардчилсан сонгуультайгаа үлдэх хүсэл байна уу үгүй юу гэдгийг дэлхий нийтэд баталж харуулах ёстой сонгууль. Үүний тулд эрх баригч МАН, парламентад суудалтай АН, ХҮН, парламентад суудалгүй намууд бүгд хүчин чармайлт гаргаж, маш ихээр хичээсэн. УИХ-ын суудлын тоог нэмж, Парламентын тогтолцоог Үндсэн хуулиар баталгаажуулсан. Энэ хүчин чармайлтыг одоо ард түмэн 100 хувь баталгаажуулах хэрэгтэй байна.

Үр дүн яаж гарах нь хамаагүй. Мөрийн хөтөлбөр, дэвшүүлсэн зорилтдоо хүрэх арга зам нь л ялгаатай болохоос аль ч нам ялсан улсаа хөгжүүлнэ, иргэдийнхээ төлөө ажиллана, улс үндэстнийхээ том эрх ашиг дээр нэгдэнэ. Харин, Монгол Улс хоёр хөршөөсөө арай өөр, ардчилсан зам дээрээ улс төрийн хүчнүүд нь ч, ард иргэд нь ч баталгаатай зогсож байгаа юм аа гэдгийг бид өнөөдөр сонгуулийн ирцээрээ олон улсад баталж харуулах учиртай юм.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.