​ Засгийн газар 2008-2012 оны хооронд Монголын улстөрчдөд авлига өгсөн асуудлаар “Рио Тинто”-г “НУУЦ“ шүүхэд өгчээ

Х.Батсайхан
Өчигдөр 10 цаг 33 минут

-Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар хэлэлцүүлэх боломжийг хайж байна уу-

Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” группыг Оюутолгой төслийн хэрэгжилтийн эхэнд үед буюу 2008-2012 онд Монголын улстөрчдөд хахууль өгч байсан гэх асуудлаар шүүхэд хандсан гэсэн мэдээллийг Австралийн “Australian financial review” цахим сонин өчигдөр нийтэлжээ.

Рио Тинто Монголын улстөрчдийг мөнгөөр хахуульдсан байж болзошгүй талаар улстөрчид, олон нийт сэжиг таамаг уралдуулсаар ирсэн. Том төсөл, дээр нь Монголд ашиггүй байдлаар зурагдсан гэрээ зэрэг нь “Авлигаас ангид явах боломжгүй” гэсэн сэтгэгдэл төрүүлдэг нь ч нууц биш. Тиймээс Засгийн газар өөрт байгаа мэдээлэлдээ үндэслээд гомдол гаргасанд уг нь бол гайхаад байх зүйлгүй. Гэхдээ, мэдээлэлд энэ удаагийн хууль шүүхийн маргааныг “Нууц” гэж тодорхойлсон нь анхаарал татаж байгаа юм /Rio Tinto Group (ASX:RIO) has been accused of political bribery in a secret lawsuit involving its Oyu Tolgoi copper mine in Mongolia, the Australian Financial Review reported Sunday, citing details obtained on the allegations filed on May 20/.

Монгол Улсын Засгийн газар бол монголчуулдыг төлөөлдөг. Монголчуудын эрх ашгийн өмнөөс явдаг газар гэж болно. Энэ утгаараа хууль, шүүхийн маргаан эхлүүлснийг ойлгож болно. Гэтэл энэ удаад хувь улстөрчидтэй холбоотой асуудлаар шүүхэд хандахдаа “Нууц” байдлаар явуулах санаатай байгаа нь ямар учиртай вэ гэдэг асуулт анхаарал татаж байгаа юм.

Үүнд сайн буюу олон нийтэд ашигтай, муу буюу зөвхөн хөшигний арынханд хамаатай гэсэн хоёр янзын тайлбар байх боломжтой.

2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д оруулж ирж, өөрчлөх

Эхнийх нь, “Рио Тинто” 2009 оны гэрээг авлигын замаар байгуулсан гэдгийг нотолж, улмаар өөрчлөх боломжийг үүсгэх. 2009 онд 30 жилийн хугацаатай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр Монгол Улс зөвхөн татвар, хууль эрхзүйн орчныг тогтвортой байлгах үүрэг хүлээгээгүй, маш олон хөнгөлөлтүүдийг эдлүүлэхээр болсон байдаг. “Рио Тинто” “Оюутолгой”-н Монголд өгч байгаа өгөөжийг нийт дүнгээр нь буюу 2009 оноос хойш дээр нь нэмж, нийт дүнгээр нь хэлдэг учраас л байнга нэмэгдэж байгаа болохоос, жил жилээр нь гаргавал буурч байгаа гэдгийг уншигчдын зарим нь мэдэж байгаа байх. Дээр нь, Оюутолгойн ордын нийт нөөцийн 20 хувь гэгдсэн ил уурхайн нөөц дуусаж байгаа бөгөөд жилээр тооцвол 12 жилийн дотор л ийм хэмжээнд хүрч очсон гэсэн үг.

Зэсийн эрэлт өсөж байгаатай холбоотойгоор “Рио Тинто”-гийн өрсөлдөгч “Гленкор” зэрэг  үндэстэн дамнасан корпорациуд зэсийн олборлолтоо жилд нэг сая тоннд хүргэхээр өрсөлдөж буй. “Рио Тинто” энэ өрсөлдөөнд “Оюутолгой”-нл ордод гол найдлагаа тавьж байгаа гэдгээ ил хэлсэн. Олборлолтыг нь жилд 400,000-500,0000 тонн цэвэр зэс агуулсан баяжмал экспортолно гэсэн үг бөгөөд ордын нөөц маш хурдтай дуусахын дохио. Чухам иймээс 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэх асуудал хөндөгдөж байгаа бөгөөд Засгийн газар нууц маргаан эхлүүлсэн нь 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэх байж магадгүй.

Нууц тэмцэл нууцаар үргэлжилж байгаа хэлбэр үү

Авлигын асуудлаар Засгийн газар шүүхэд хандана гэдэг бол сэжиг таамаг, тодорхой баримт байж байж л маргаан эхлүүлэх боломжтой. Тэгвэл маргааныг нууцаар явуулах ямар хэрэг байна вэ гэдэг асуулт гарах нь мэдээж.

2009 оны Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үйл явцад тухайн үеийн Засгийн газрын тэргүүн С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт тэргүүтэй хүмүүс голлох үүрэгтэй оролцсон байдаг. С.Баярын халааг авсан Сү.Батболдын нөлөө Д.Зоригтоор /Д.Зоригт нь “Сү.Батболдын гарын хүн” гэгддэг бөгөөд хувийн “Алтай трейдинг” компанийг нь удирдаж байсан/ дамжиж орсон ч гэдэг.

Хуулийн маргаан явж байгаа бол дээр нэр дурдагдсан хүмүүсээс холбогдох нь өдөр шиг л тодорхой. Гэтэл бүхэл бүтэн Засгийн газар илээр маргаан өрнүүлэхээсээ болгоомжилно гэдэг цаанаа том асуудал байгаагийн шинж ч байж мэднэ. Тодруулбал, 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар хэлэлцүүлэх нэг үндэслэл гэгдсэн "Онтрэ гоулд" ХХК-тай холбоотой асуудал гацаанд орсон тул өөр хувилбар хайсан гэж таамаг байна. 

Ямартай ч Засгийн газар “2008-2012 оны хооронд Монголын улстөрчдөд авлига өгсөн” гэдэг асуудлаар “Рио Тинто” групптэй маргаан эхлүүлсэн талаар Австралийн хэвлэлд мэдээлсэн байна.

Хуулийн маргаан аль талд гарснаас үл шалтгаалаад Оюутолгойн 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар хэлэлцүүлж, өөрчлөх шаардлагатай гэдэг нь дээр дурдагдсан шалтгаануудаас тодорхой харагдсан биз ээ.  



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.94
    Өчигдөр

    Хамгын их хахууль авсан улс төрчид бол с баяр дараа нь МАН бас доллорын саятан хүрэлсүх одоо бол ёөк болсон тэр үед намын ерөнхий нарын бичигтйн дарга бсан хүн маш их ноотой энэ хүрэлсүх сул дорой хүн хэзээ ч эх орон ард түмний төлөө сэтгэл зүтгэл гаргахгүй хүн гадаад маш их үл хөдлөх хөрөнгөтэй хүн дээ эх орон ард түмний төлөө хөдлөх гэхээр бүх ажилд саад хийж бна одоо бүүр засаг хөмөрч ард түмэн эх оронд маш их хор хохирол учруулж бгаа ш дээ манай иютусгай алба бол хүкийн гарт бна л даа тэрнээс юу бгааг дорхноо мөрдөөд гарган ш дээ

    Хариулах
  • 124.158.104.200
    Өчигдөр

    ашгүй дээ, гэрээг шинэчилэх хэрэгтэй

    Хариулах