Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улс шатахууны хомсдолтой болоод багагүй хугацааг өнгөрүүлж буй.
Өвлийн улирал хаяанд ирж, шатахууны эрэлт нэмэгдэж буй энэ үед шатахуун түгээх станцуудын гадна урт дараалал үүссээр байна.
Иргэд бензин авахын тулд өглөө эртлэн гарч, зарим нь шөнөжин дугаарлаж хонож байгаа нь энгийн үзэгдэл мэт болжээ.
Зөв.мн сайтын сурвалжлах баг энэ удаа Баянхошуу, Зурагт орчмоос шатахууны очерт дугаарлаж буй нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжиллаа.
Баянхошууны эцсээс Зурагт хүртэлх нийт 5-6 км замын нэгдүгээр эгнээ нийтээрээ шатахууны очерт дугаарлаж буй автомашинууд зогссон байлаа. Зарим ШТС нөөц нь дуусч хаасан бол зарим нь дугаар тараан очерыг тасалж, хязгаарлалтайгаар олгож байв. Иргэдийн хувьд хэдэн цагаар ч хамаагүй дугаарлан балга бензин авах нь чухал байгаа нь харагдана.
Шатахууны хомсдолын улмаас иргэд зөвхөн цаг хугацаагаа алдаад зогсохгүй, ажил хөдөлмөр эрхлэх боломж нь ч хумигдаж байгааг ярьж байв.
“50 мянган төгрөгийн бензин авахын тулд шөнөжин оочирлож байна”
Гурван хүүхэдтэй өрх толгойлсон ээж Б.Гиймаа Баянхошуу орчимд такси үйлчилгээ эрхэлдэг. Тэрбээр бензин авахын тулд шөнөжин очерлож, орлого олох боломжоо алдаж байгаадаа бухимдаж буйгаа ярив.

Тэрбээр “Би шөнийн 03:00 цаг өнгөрч байхад ирсэн. Тэр үед очер гайгүй байсан. Тэгээд хоночхоод урд талын хүндээ очероо захиад хүүхдүүдээ хичээлд нь хүргэж өгөөд буцаад ирсэн чинь очер дайрлаа гээд оруулаагүй. Дахиад араас нь очерлоод явж байна. Би хөгжлийн бэрхшээлтэй нэг хүүхэдтэй. Гурван хүүхдээ өсгөж байгаа хүн шүү дээ. Заримдаа хүүхдээ унтуулаад таксинд явна, заримдаа дагуулаад явдаг.
Одоо бүр уйлах шахаж байна. 50 мянган төгрөгийн бензин авахын тулд хонож өнжих гэж... арай ч дээ. Банкаа дүүргэх гэж байгаа бол яах вэ, гэтэл зүгээр л хэрэглээндээ авах гэж байна. Хүн дэлгүүр ороод талх, масло аваад гардагтай адилхан л зүйл шүү дээ.
Би өмнө нь 15, 20 мянган төгрөгөөр бензин хийлгээд явдаг байсан. Бензиний үнэ 2300 төгрөг байхад 15 мянган төгрөгөөр хийлгэх үе ч байсан. Цалин, хүүхдийн мөнгө орсон үедээ л банкаа дүүргэдэг. Бусад үед дандаа мөнгөтэй байна гэж байхгүй. Дансанд мөнгө оронгуут зээлүүд татаад авчихдаг.
Би таксинд явж байж мөнгө олдог. Өглөө хүүхдүүдээ хичээлд нь хүргэж өгөөд, хооронд нь таксинд явбал хөөрхөн орлого олчихдог. Гэтэл одоо 12 цаг шахам очерлоод суухаар мөнгө олох боломжгүй болчихож байна. Энэ цаг хугацаа эргээд ирэхгүй шүү дээ. Залуу хүмүүс бидэнд хайран цаг хугацаа байна.
Түгээгч нарын ааш занг ч бодох хэрэгтэй. Би олон хоног очерлож үзсэн хүний хувьд таньдаг хүмүүстээ түрүүлж бензин өгдөг тохиолдол байдгийг харсан. Хэлэхээр ‘зайлаач’ гэх мэтээр хандах үе ч бий.
Би хулгай хийж, худлаа хэлчихгүйхэн шиг амьдарч байгаа хүн. Дэлгүүрээс зээл авчихаад хүмүүсийн итгэлийг алдчих вий гэж боддог. Гэтэл бидний амьдрал ийм хэцүү болж байхад төр засаг яаж харж байгаа юм бол? Гэтэл нүдэн балай чихэн дүлий дарга сайд нар нь ард түмний итгэлийг алдчих вий гэж боддоггүй бололтой.
Бидний хувьд амьдрал үнэхээр хэцүү болж байна. Хэрэглээгээ багасга гэх юм. Бид юугаа багасгах юм бэ. Аравдугаар сарын 1-нд жагсаал болно гэж сонссон. Би очно. Гурван хүүхдээ дагуулаад ч хамаагүй очмоор байна. Ямар ч байсан энэ очерт хонож өнжөөд байх ёсгүй баймаар" хэмээн нулимс дуслуулан ярилаа.
“Өглөө 08:00 цагаас хойш очерлож байна”
Өөр нэгэн иргэн өглөөний 08:00 цагаас хойш очерлож, ярилцлага өгөх үедээ ч бензинээ авч амжаагүй байлаа. Тэрбээр шатахууны хомсдол гэр бүл, ажил амьдралынх нь өдөр тутмын хуваарьт нөлөөлж байгааг хэлэв.

“Одоо хүртэл бензинээ аваагүй байна. Бензин нэлээд доошилчихсон болохоор очерлож авахаас өөр аргагүй. Хүүхдээ зөөнө, нөхрөө ажилд нь хүргэж өгнө гээд машинаар амжуулах ажил зөндөө. Машингүй бол үнэхээр хэцүү.
Өглөө 08:00 цагаас хойш очерлож байна. Одоо үдээс хойш 14:00 цаг хүртэл бараг энд зогсож байна. Өдөржин бензиний очерт суухаар хүүхдийнхээ даалгаврыг хийлгэх, гэр орны ажлаа амжуулах цагаа хүртэл энд өнгөрүүлж байна.
Маш их бухимдаж байна. Өчигдөр манай нөхөр очерлож байгаад бензин авч чадалгүй, шатахуун нь дуусаад гэртээ ирсэн. Тэгээд өнөөдөр өглөө дахин гарч ирээд очерлож байна.
Ямар ч байсан бушуухан бензинээ аваад харих юм сан гэж бодож байна. Хүүхдээ сургуулиас нь хүртэл өөр хүнээр захиж авчруулж байна. Ийм байдал байнга үргэлжилбэл үнэхээр хэцүү. Бензин ховор болохоор дагаад юмны үнэ өсөх эрсдэлтэй. Угаасаа үнэ нь өсчихсөн байна” гэв.
“Хөдөө орон нутагт ажилладаг учраас машин зайлшгүй хэрэгтэй”
Хөдөө орон нутгаар урилгаар бариа засал хийдэг нэгэн иргэн өглөөний 07:00 цаг өнгөрөөгөөд шатахуун түгээх станцад ирсэн ч хэдэн цагийн дараа л очер нь дөхөж байгааг хэлэв.

“Өглөө 07:00 цаг өнгөрөөгөөд очерлож эхэлсэн. Одоо хүртэл зогсож байна. Одоо нэг авах нь дээ гээд л хүлээж байна. Очер дөхөхөөр сэтгэл бага зэрэг амарч эхэлж байна.”
Би хөдөө орон нутгаар бариа хийдэг хүн. Хаа сайгүй урилгаар явдаг болохоор машин техник надад яалт ч үгүй хэрэгтэй. Бензин тос багасаад байвал ажил хийхэд хэцүү. Өвлийн улиралд хүмүүсийн унаа тээврийн хэрэгцээ ихэснэ.
Ер нь цаг заваараа нэлээд хохирч байх шиг байна. Өглөө 07:00 цаг өнгөрөөгөөд ирсэн, одоо л бензинээ авах дөхөж байна. Одоо нэг авах нь дээ гэж бодоод хүлээж сууна.”
“Доод тал нь гурваас дөрвөн цаг очерлож байна”

“Манайх энэ хавьд байдаг. Би заримдаа өглөө 06:00 цагт, заримдаа 07:00 цагт ирж очерлодог. Зарим өдөр 10:00, 11:00 цагт бензинээ авч амжина. Заримдаа үдээс хойш 14:00 цаг хүртэл хүлээх үе ч байна. Ер нь доод тал нь гурваас дөрвөн цаг очерлож байгаа байх.
Сүүлийн долоо хоногт очер бүр ихэссэн. Би хөдөө гадаа их явдаг болохоор шатахууны хомсдол их хэцүү байна. Сайд нь асуудалгүй болно, хичээж байна гэж ярьж байсан. Гэтэл бодит байдал дээр очер улам ихсээд байна.
Бухимдал бараг дээд цэгтээ хүрч байна. Гэхдээ яалтай билээ, ингээд л очерлож байхаас өөр арга алга” гэв.
“Одоо байгаа нөөцөө бүрдүүлж байж шинэ сав ярих хэрэгтэй”
"Ер нь бүх юм бензинээр хэмжигдэж байна шүү дээ. Бензингүй байлаа гээд амьдрал хэвийн үргэлжилдэг байсан бол хүмүүс ингэж очерлож бухимдахгүй. Одоо идэш, уушны үе эхэлнэ. Хүмүүс хөдөө гадаа явна. Энэ үед шатахуун хомсдохоор улам л хэцүү болно.

Нөөцийн сав, нөөцийн сав гэж яриад байх юм. Одоо байгаа хэдэн шатахуун түгээх станцынхаа савыг дүүргэж чадахгүй байж дахин нөөцийн сав барихад хөрөнгө зарцуулах нь зөв үү гэж бодож байна.
Нөөцийн сав барихад зарцуулах их хэмжээний мөнгийг нефтийн үйлдвэртээ зарцуулаад ашиглалтад оруулчихбал хэрэгтэй байх.
Засгийн газар маш муу ажиллаж байна гэж би бодож байна. Үүний улмаас ард түмэн маш их хүндрэлд орж байна. Хүмүүс өдөржин очерлож, наад захын хэрэглээгээ авах гэж цаг хугацаагаа алдаж байна” хэмээв.
Баянхошуу орчмын шатахуун түгээх станцад очерлож буй иргэдийн ярианаас бензиний хүртээмжийн асуудал өдөр тутмын амьдралд нөлөөлж буй нь харагдана. Зарим нь хүүхдээ сургуульд хүргэж өгөх, гэр бүлийн ажлаа амжуулахын тулд хүлээж, зарим нь такси үйлчилгээ эрхэлж орлого олох цагаа шатахууны очерт өнгөрүүлж байна. Хөдөө орон нутагт ажилладаг иргэдийн хувьд ч шатахуун тасалдах нь ажлаа хэвийн үргэлжлүүлэхэд саад болжээ.
Жолооч нар аравдугаар сарын 1-нд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, төв зам дээр автомашинаа орхино гэсэн мэдээлэл ч гарсан. Засгийн газар болон холбогдох яамны сайд шатахуун оруулж ирэхээр ажиллаж, орж ирсэн шатахуунаа цаг алдалгүй түгээж байгаа талаар мэдээлсэн ч иргэдийн хувьд асуудал шийдэгдсэн гэж үзэх боломжгүй хэвээр байна.
Очерт олон цагаар зогсож буй иргэд хэнд гомдох, хаана шаардлага тавихаа ч мэдэхгүй болтлоо хүнд байдалд орсноо ярьж байв. Өвлийн улирал эхлэхээс өмнө шатахууны хүртээмж, нийлүүлэлтийн асуудал шийдэгдэхгүй бол иргэдийн өдөр тутмын амьдралд учрах хүндрэл цаашид хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй байна.
Иргэдийн бухимдал зөвхөн очер урт байгаад бус, наад захын хэрэглээгээ хангахын тулд ийм их цаг, хүч зарцуулж байгаад оршиж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.59
Одоо аль ч улсаас хамаагүй, үнэтэй ч байсан хамаагүй АИ-95-аас доошгүй октантай бензин аль болохоор ахиу татан авч нөөцлөх хэрэгтэй байна!!! Өвөл тулаад ирчихлээ, огт шатахуунгүй хэрэлдээд сууж байснаас үнэтэй ч гэсэн бензинтэй сууж байх нь аминд орно шүү!!!!!
Хариулах