Тусгаар тогтнолын бэлгэдэл болсон Төгсбуянтаа дагана

2017/01/06
Жил бүр цагаан сарыг хэзээ хийх вэ гэж хэрэлдэж маргалддаг, энэ чинь ийм шүү дээ, тийм шүү дээ гэсэн үг их явах юм. 

Нэгдүгээрт, жил бүр Хятадын ёсыг баримтлагч хэдэн хүн үл бүтэх юм яриад, ганц хоёр хэвлэл дэвэргээд байгаа болохоос, маргаантай юм байхгүй, монголчууд уламжлал ёсоороо л Цагаан сараа нэгэн өдөр хийж золгосоор ирэв. 

Хоёрдугаарт, Цагаан сараа хэзээ хийх учраа олохоо байчихаад, шинээр тогтоох гээд санал асуугаад хураагаад байгаа юм ч үгүй. Монголын тооллоо дагаж, бүх юм болдгоороо л болно.

Зарим хувь хүний хувьд л хаанахын Цагаан сарыг ёслон өнгөрүүлэх вэ гэсэн асуудал гараад байгаа юм байлгүй. Хятадынхыг уу, Монголынхыг уу гэсэн...
Билгийн тоолол буюу сарны календарь нь маш эртний түүхтэй. Түм түмэн жилийн өмнө хувилбарууд нь үүсч байсан анхны календарь юм. Манайх бол энэтхэг гарвальтайг, Хятад өөрийн гарвальтайг хэрэглэж ирлээ. Өвөг дээдэс маань бүр Хүннүгээс ч өмнөх үеэс, хэрэв гаднаас соёлын элемент авч хэрэглэх болбол, уусаж ижилсэх эрсдэлтэй хөрш улс түмнээс хүртэхгүй байхыг эрмэлздэг байсан уламжлалтай.

Цаг тоолол нь юуны хөдөлгөөний баримтлах, ямар цаг ууртай, улиралтай газарт тохирох зэргээсээ болж, хэдэн арван төрөл. Жилийн үргэлжлэх хугацаа нь ч ялгагдна. Энэ нь тэр нь туйлын үнэн гэх аргагүй юм. Аль аль нь л өөрийнхөөрөө зөв. Азид энэтхэг, хятад, ислам маягийн олон цаг тоолол байхад гагцхүү Хятадыг дагана гээд байгаа нь утгагүй. Монголын цаг тооллоо дагах нь яаж ч бодсон зүйн хэрэг.

Хятадад Шангийн үед нь цаг тооллынх нь суурь тавигдаж, олон дэг үүссэнийг Чинши хуанди хаан нь нэг мөр болгон, зарлигаар тогтоож байжээ. Бага зэрэг засаж боловсруулан өдий хүртэл хэрэглэж ирснийг шар зурхай гэж байна. Чингис хаан, эсвэл Хубилай хаан буй болгосон юм шиг яриад байгаа нь ямар ч үндэсгүй юм. Дэлхий даяар хятад зурхай гээд мэдээд байхад, манайд л Намсрай зэрэг хүн монгол зурхай гэдэг нь хачин. Чингис хааныг гэж хэлэвч, Чинши хуандиг дагах гээд байх нь сонин. Хятадын комнамын Банчин богдыг дагадаг Санждорж зэрэг лам нарын фракцийнхны будлиантай үйл ажиллагааны хэв шинжит бүрэлдэхүүн хэсэг юм даа.

Хөхнуурын Сүмбэ хамбо Ишбалжир гэдэг эрдэм билэгт хувраг хүмүүн түвдийн сар, нарны хоёр янзын тогтолцоог судалж, өөрийн үзэл онолтой нийлүүлэн Төгсбуянтын зурхайг зохиосон нь монгол зурхай юм. Монгол цаг тоолол ч юм. Үүнийг өдий хүртэл баримталж ирлээ.

Хятад улс шар зурхайгаа төрийн зурхай гэх бөгөөд, харьяат иргэд нь цөм дагах ёстой гэдэг. 1911 онд Богд хаант Монгол улс тусгаар тогтнолын бэлгэдэл болсон Төгсбуянтын зурхайгаа дээдлэнэ гэж мэдэгдэж, Олноо өргөгдсөний оноо тоолж эхлсэн. Харин ДИУ Төгсбуянтын зурхай нь Хятадын төрийг дагаагүйн бэлгэ тул даруй больж, шар зурхай хэрэглэхийг дахин дахин шаардаж байв.

Гэтэл өнөөдөр дэлхийн бараг хамаг улстай дипломат харилцаатай тусгаар тогтносон улс гүрэн байж, Хятадын төрийн нэгэн бэлгэ болсон тооллыг л дагахгүй бол болохоон байчихаад байгаа юм шиг бужигнахын учир юу вэ? Хятад соёлтой цөөн улс хэрэглэж байгаа болохоос, Ази хэрэглээд байгаа юм алга, энэтхэг, ислам маягийн соёлтой олон улс орон өөр сарны тооллыг янз бүрийн байдлаар хэрэглэж байна. Түвдийн дарлалаас салъя ч гэх шиг. Түвдийн дарлал алга, манайх Түвдээс соёлын нөлөөг өөрсдөө анх залж авчирч, дэлгэрүүлсэн байдаг юм.

Манай баяр цэнгэл нь заавал гадныхтай адил байх ямар ч албагүй. Үндэстэн гэдэг бусдаас аль болох өөр байхыг хичээдэг болохоос, адилхан болохыг зорьдоггүй юм. Яс үндсийн мэдрэмж нь балардаж, овор сүр ихтэйг дууриах сэрэл нь давамгайлсан хүмүүс тийм юм ярьж байгаа бий вий. Энэ жил хятадын цаг тооллоор Цагаан сар хийвэл хамгийн хүйтэн үе тохиох юм байна. Тийм хавар гэж байх уу. Монголынхоороо хийвэл бууз хөлдөөх уламжлалт асуудал босч ирнэ. Хавар гэж урьтай л...
Монгол улс үндэстний баяр цэнгэл учраас монгол цаглабараа хэрэглэнэ.

Ч.Мөнхбаяр


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна