Өвөр монгол олон түмний нэр хүндийг заазуурдаад байна уу, үгүй юу

2017/01/08
Заазуурчин алиалагч

Шинэ жилийн баярыг сэртхийн цочим аюумшигт гэмт хэрэг сэвтээсэн нь саяхан. Хятадын иргэн Ө. Монголын иргэн эхнэртэйгээ архи уун сууж байгаад, согтуугийн галзуу солиод автан, заазуур эргүүлэн дайрч, тэднийд харуулахаар орхисон байсан 4 настай хөөрхий балчир үрийг цавчин егүүтгэж, эхнэрээ үхлүүт шархдуулж, 13 настай хүүгээ гэмтээн зугтаалгасан байдаг. Энэ жигшүүрт хэргийг үйлдсэн этгээд хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээх ёстой.

Гэтэл залгуулаад манайхан бас сонин хэрэг тарих юм аа. Эхнээсээ л “ӨВӨР МОНГОЛ ХҮН АЛСАН” гээд л хамгийн гол нь өвөр монголдоо байгаа юм шиг, Өвөр Монголын түмэн олон алчихсан юм шиг зарлан тунхаглаж гарсан. Хэвлэлийнхэн мэдээг цагдаагийн байгууллагаас авсан байх магадлалтай. Тэгвэл цагдаагийн байгууллага маань хэрэг илрүүлэхээс гадна, яс үндэс илрүүлж зарлуулдаг ажил үүрэгтэй болоо юу гэж асуумаар байна. Цагдаагийн байгууллага тийм мэдээлэл гаргаагүй бол, хэвлэл мэдээллийнхэн маань яс үндсийг эрэн сурвалжилж, яс үндсийг шившиглэдэг ёсзүйтэй болоо юу гэж асуумаар байна.

Одоо бүр Өргөнтал гэх хүний нэр ус, бүх амьдралын бүрэн намтрыг олж нийтэлж, Монголын түүхэн дэхи хамгийн аймшигт хэрэг, муу муухай явдал бол энэ, хамгийн анхаарах асуудал энэ гэж ойлгогдохоор болж ирж байна. Зарим хүн компьютер лүүгээ нулимж байна гэх юм...

Урьд өмнө би гэмт хэргийн мэдээллүүдийг харж байхад засаг захиргааны юм уу, улсын харьяаллыг нь бичсэн байхтай л тохиолдож байсан. Харин өвөр монгол хүн хилсээр голдуу хэрэгт холбогдоход л “ӨВӨР МОНГОЛ ХҮН!” гээд л онцгой их ач холбогдол өгөн, орилж чарлаж, хийрхэж хуйсганаж гарахтай цөөнгүй удаа тохиолдож байна даа. Хятад хүнийг “ӨВӨР МОНГОЛЫН ИРГЭН” ч гэнэ.

Тэгвэл өөр яс үндэстэй хүн байвал хятад үндэстэн, орос үндэстэн гэх зэргээр бичсэн байхыг ер харж байсангүй. Каплагийн ямар үндэстэн болохыг нь тодруулж зарласан уу. Тэгвэл зургийг нь яаран тавиад, бүх амьдралынх нь намтрыг нэгд нэггүй сийрүүлэн нийтэлж байхыг бүр ч үзээгүй юм. Монголын хуулинд “гэмт хэрэгтний яс үндсийг илрүүлж зарлана, яс үндсийг жигшүүлнэ” ч гэдэг юм уу, “өвөр монгол хүн бол яс үндэс, зураг, намтрыг нь яаралтай нийтэлж, олон нийтэд хүртээл болгоно” гэх заалт бий юу? Тийм заалт байгаа бол гаргаад ир. Байхгүй бол, төрийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас Монголд гэмт хэрэг үйлдсэн гадаадынхны яс үндсийн жагсаалтыг гаргаж өг, адилхан зарла гэж шаардаж байна. Эсбөгөөс, бусад яс үндэстэнд хайртай, харин өвөр монголчуудыг үзэн яддаг юм байна гэж ойлгоё.

Зүй нь, “монгол ахан дүүсийн хооронд сэвтэй юм даа, яс үндсийг нь зарлаад яахав” гэж монгол хүн бодмоор. Үгүй шүү. Хаанахын ямар даалгавраар ингэж хагаралдуулах явуургүй оролдлого хийгээд байдаг юм бэ. Дэлхийн 10 гаруй сая монгол хүний нэг Өргөнтал согтуугийн галзууд ухаанаа алдаж, хоёр сайхан монгол хүнийг хөнөөлөө. Залгуулаад, далимдуулаад манай зарим ухвар мөчид этгээдүүд өвөр монгол олон түмний нэр хүндийг заазуурдаад байна уу, үгүй юу. “Заазуурчин алиалагч” гээд кино байдаг. Заазуурчин алиалагч шиг байхаа болиоч ээ. Ямар ажил үүрэгтэй, хэн билээ гэдгээ санаач ээ.

Ч.Мөнхбаяр


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна