Хар тамхины хэрэгт холбогдсон прокуроруудыг шүүнэ

2017/01/09
Хар тамхины хэрэгт холбогдон шалгагдсан Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван хүнд холбогдох хэргийг УМБГ, ЦЕГ-ын Тусгай субектийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст удтал шалгасны эцэст энэ сарын 11-нд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр болжээ. Уг хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Б.Сүхбаатар, Х.Тамир, Д.Жавхлан нарт Эрүүгийн хуулийн 188.3, 192.1, 192.2, 268.2, 269.1, 272.2-т заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа. Хэргийг эргэн сөхвөл дээрх нэр бүхий хүмүүс хар тамхины хэрэгт холбогдон, ял эдэлж байсан Б.Сүхбаатарыг Эрээн рүү явуулж, түүнийг Чойр өртөөнд тосч байх үед нь баривчилсан байна. Тухайн үед прокурор Х.Тамирын автомашиндаа хавтаст хэргийн материалуудаа тээвэрлэж явсан гэдэг. Мөн бусдаас хахууль авч, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Тиймээс Нийслэлийн прокурорын газраас Б.Сүхбаатарт хилээр мансууруулах бодис хууль бусаар оруулж ирсэн, Х.Тамирыг мансууруулах бодис хууль бусаар олж авч, хэрэглэсэн, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, хээл хахууль авсан гэж буруутгаж буй.
Б.Сондор


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна