Өнөөдөр үдээс өмнө Сонгуулийн ерөнхий хорооны төв байранд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлаар хэлэлцсэн. Улмаар Сонгуулийн Ерөнхий хорооны хуралдаанаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн асуудлаар Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, шийдвэрээ гаргасан юм. Гэхдээ энэ талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхгүй, харин гарсан шийдвэрийг нам, намд нь хүргэхээр болоод байгаа юм.
Үүнтэй холбогдуулан МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй тус намын гишүүд Сонгуулийн ерөнхий хороо руу орох гэсэн боловч хамгаалагчид оруулаагүйгээс бужигнаан үүссэн.
МАХН-ын дарга Н.Энхбаяр үүнтэй холбоотой тайлбар хийлээ. Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сүүлийн таван жил Монгол Улсад оршин суусан байх ёстой гэсэн шаардлага тавигддаг. Н.Энхбаяр миний бие Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд оршин суудаг, сүүлийн 20 жил хөдөлгөөн хийж байгаагүй. Харин эмчилгээ хийлгэх зорилгоор БНСУ руу явж байсан" гэсэн бол мөн энэ асуудлын талаар МАХН-ын гишүүн З.Баянсэлэнгэ хэвлэлийнхэнд товч тайлбар хийлээ. Тэрбээр, “МАХН-ын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг шударгаар өрсөлдүүлээч ээ гэдэг шаардлага тавьж байгаа. Сонгуулийн хуульд зааснаар СЕХ нь нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэхдээ нээлттэйгээр явуулахаар байгаа. Энэ заалтын дагуу МАХН-аас өчигдөр СЕХ-нд хурлыг нээлттэй зохион байгуулах хүсэлт тавьсан. Гэвч өөрсдөө оруулаагүй. Одоо СЕХ хуралдаж байна. 2008 оны долдугаар сарын 1-ний хэргийг монголчууд мартаагүй, таван хүний амь нас эрсдэж байсан. Сонгуулийн луйвраас болж ийм зүйл болсон. Өнөөдөр тэр үйл явдал давтагдахгүй гэх баталгаа алга, бид аль болох хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг хичээж байна” гэсэн юм.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна