Б.Чойжилсүрэн: Банктай холбоотой худал мэдээлэл тараасан хүмүүсийг шалгуулна

2017/05/16

Сангийн сайд Б..Чойжилсүрэнгийн нэрээ фэйсбүүк хаяг нээн, худал мэдээлэл тараасан хэрэг гарсан. Тодруулбал, “Б.Чойжилсүрэн Сангийн сайд” гэсэн хуурамч хаягнаас “Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Худалдаа хөгжлийн банк дампуурлаа зарлана” хэмээн худал мэдээллийг өчигдрөөс хойш тарааж эхэлсэн юм. Энэхүү ор үндэсгүй мэдээллийг Сангийн яамны зүгээс албан ёсоор няцаалаа.

Мөн Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "2017 оны тавдугаар сарын 15-ны өдрийн УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд Худалдаа, хөгжлийн банк болон бусад банктай холбоотой ямар нэг мэдээлэл хийгээгүй бөгөөд Худалдаа, хөгжлийн банкинд аливаа эрсдэл учраагүй болно.

Банк, санхүүгийн салбарын талаарх энэ мэт худал мэдээлэл нь тус салбарт болон иргэд, олон нийтэд хурдацтай сөрөг нөлөө үзүүлдэг онцлогтой. Иргэд аж ахуйн нэгж байгууллага, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийн аюулгүй байдал, цаашлаад улс орны эдийн засгийн тогтвортой байдалд ноцтой сөрөг үр дагавартай ташаа мэдээллийг олон нийтийн сүлжээ ашиглан зориудаар тарааж буй хүмүүсийг хууль хяналтын байгууллагад хандан шийдвэрлүүлэхээ мэдэгдэж байна.

Сүүлийн жилүүдэд цахим технологи, олон нийтийн сүлжээ хурдацтай хөгжиж, аливаа мэдээлэл баримт нотолгоогүйгээр тархах бололцоотой болсон. Иймээс сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудад үндэслэлгүй худал мэдээллийг хэвлэн нийтлэхгүй, олон нийтийн сүлжээ хэрэглэгчид түгээхгүй, иргэддээ худал мэдээлэлд автахгүй байхыг хүсч байна" гэв.

Б.Анир 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна