УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Намайг намаасаа гарах гэж байна гэх мэдээлэл гарсан. Миний шууд бичлэгийг үзвэл МАХН-ын удирдлагууд намайг намаасаа гарахад хүргэж байна гэж ярьсан. Намайг намаасаа гарсан гараагүй МАХН-ын нэр дэвшүүлэх эрх хадгалагдаж байгаа. МАХН-ыг зөв шударга, үнэний талд байгаасай гэж хүсч байна.
Би Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуун, академич хуульч С.Нарангэрэл нарын нэрийг дэвшүүлэхээр санал болгосон. Учир нь Л.Эрдэнэчулуун их өрийг тэглэсэн, геополитикоор мэргэшсэн, өндөр боловсролтой. Гурван үеийн дипломатч. Гэтэл манай намын Ц.Шаравдорж тэргүүтэй хүмүүс Л.Эрдэнэчулууныг янз бүрийн байдлаар дарамталсан учраас Л.Эрдэнэчулуун гуай боловсноор нэрээ татсан. С.Нарангэрэл нь доктор, профессор, прокурорын байгууллагад олон жил байсан, УИХ-ын гишүүн байсан зэргээс шалтгаалж, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхэд тохирох юм байна гэж үзсэн. С.Нарангэрэл гуай ч нэр дэвших өргөдлөө өгсөн байдаг. Харин намын нэр бүхий хүмүүс “10 тэрбум төгрөг намд бэлнээр өг. 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж сонгуульд орно гэдэг баталгаа бичиж өг гэсэн асуудал тавьсан. Мэдээж эрдмийн мөр хоосон, их сургуулийн багш хүнд тэр их хэмжээний мөнгө байхгүй учир нэрээ татсан. Энэ шалтгаанаар хэд хэдэн хүнийг болиулсан.
Би С.Ганбаатарын нэрийг дэвшүүлэхэд эсэргүүцсэн. С.Ганбаатарын нэр яригдаж эхлэхэд би С.Ганбаатараас асуухад дэвшихгүй гэж байсан ч гэнэт Бага чуулган дээр нэрээ оруулаад ирсэн. Энэ нь МАХН-ыг зөв шударга, зарчимтай байя гэсэн миний үзэл бодолтой зөрчилдсөн. Сонгуулийн тухай хуулинд өөр намын хүнийг дэвшүүлж болохгүй гэж заасан байгаа. Гэтэл С.Ганбаатар намаасаа гарсан эсэх тухай баримт алга. Уг нь намаас гарсан тухай бичиг батламж баймаар юм. Иймэрхүү зүйлээс болж МАХН сонгуульд орохгүй байх вий гэхээс ихэд санаа зовж байна.
Бага чуулганаар МАХН сонгуульд орохгүй байх тухай яригдаж байсан. Би маш их эсэргүүцэж, улмаар дахин санал хурааж, сонгуульд оролцохоор болсон. МАХН сүүлийн жилүүдэд сонгуульд маш амжилтгүй оролцож байна. Тиймээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд амжилтгүй оролцвол намын эгэл жирийн гишүүд намын удирдлагуудтай, намын даргатай хариуцлага тооцно” гэлээ.
Б.Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна