Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит долоо дахь удаагийн сонгууль болоод дууслаа. УИХ-д суудалтай гурван намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчид маань Яг юуг санал болгосон бэ? Юу амласан бэ? Хэнийг нь чухам юунд үндэслэн Та дэмжсэн бэ?
Иргэн Та сонголтоо хийхийн тулд нэр дэвшигчдээс олон зүйлийг асуух хэрэгтэй байсан байх. Х.Баттулга Та “Талх чихэр”, “Max импекс” ХК-ийг яаж хувьчилж авсан бэ? М.Энхболд Таны 60 тэрбумын бичлэг эвлүүлэг юм бол эх хувилбар нь яг ямар болохыг хэлээч? С.Ганбаатар Таны хандивт авсан 50 сая вон нэр татах үндэслэл мөн үү? Гэх мэт асуултууд сонгогчдын хувьд эцсийн мөч хүртэл хариултгүй байсаар 18 хоног дуусчихав.
Сонгуулийн сурталчилгаа дуусах мөчид болж өнгөрсөн ТВ мэтгэлцээнд нэр дэвшигчдэд хаяглан ирүүлсэн асуултууд олны шүүмжлэлийн бай болж байгаа нь зүйн хэрэг ч гэлээ үнэндээ сонгогчид юун бодлого ярих манатай, энэ хэд хоногт бөмбөгдүүлсэн хар бараан мэдээллийнхээ үнэн мөнийг дэнслэх хэмжээнд толгой нь эргэчхээд байгаагийн л тусгал байлаа.
Нам, намын пиарчид маш олон замбараагүй, хариултгүй асуултуудыг нийгэмд шидчихээд тэдгээрт нь сонгогчид хариулт олох, тунгааж бодох хугацаа олгохгүйгээр шууд бодлого ярина гэвэл угаасаа бүтэхгүй зүйл байв. Хар, бараан гүтгэлэг, гутаалт, хий хоосон сүржигнэл тодорхой хугацааны дараа хөөс нь дарагдаж, хүмүүс тийм зүйлд автахааргүй болсны дараа л нэр дэвшигчид бодлогоор мэтгэлцдэг бололтой.
Манайх шиг “муухай” улстөрчидтэй, “муу” пиарчидтай улсад 18 хоногт сонгогчид яагаад ч бодлого шүүх хэмжээнд мэдээлэлжиж амжихгүй, нэр дэвшигчдийн талаарх элдэв цуунд хариу сонсож мухарлах гэсэн “гэнэн” үе дээрээ л саналаа өгөх болж байгааг “бодлогын" болж чадаагүй мэтгэлцээн харуулсан.
Жишээ нь, Х.Баттулга Та гэр бүлээ танилцуулаач гэсэн асуултыг сурталчилгааны төгсгөл дээр сонгогчид өөрөөс нь асуугаад байж байх нь учир дутагдалтай. Иргэдийн элдэв таамаг, цуурхлыг дагуулаад байсан “гэр бүлийн байдал”, “боловсролын байдал” гэх зэрэг асуултыг нэр дэвшигчийн анкетыг нягтлан хүлээж авсан Сонгуулийн Ерөнхий хорооноос асуух ёстой, хариултыг ч тэд бэлтгэх ёстой байв.Түүнчлэн МАН-ын нэр дэвшигчийн нэр холбогдсон 60 тэрбумын бичлэгийг "эвлүүлэг болохыг тогтоосон” аль жилийн өмнө тогтоосон хууль, хяналтын байгууллага “яагаад” ингэж тогтоосноо тайлбарлах.
АН-ын нэр дэвшигч Х.Баттулга төмөр замын гэх 200 сая ам.долларын хэрэгт шалгагдаж байгаа эсэх, яллагдагч хэвээр эсэхийг, МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатарын авсан гадаад иргэний хандив нэр татуулах үндэслэл мөн эсэхийг мөн л хууль, хяналтын байгууллага, СЕХ нийтэд үнэн зөвөөр нь хэн нэгний асуулт, шахалт шаардлагагүйгээр мэдээлэх үүрэгтэй байсан. Яагаад гэвэл тэдний нэр дэвших чадамжтай эсэхийг хуулийн хүрээнд олгогдсон эрхийнхээ дагуу хянан нягталж, улмаар зөвшөөрсөн шийдвэрийг гаргасны хувиар тэдгээр байгууллагууд шийдвэрээ хамгаалах, олон нийтэд ил тод мэдээлэх үүрэгтэй байх талаар социологичид хөндөж байна.
Цаг цагт нь эрх, үүрэг бүхий байгууллагууд хариултыг нь өгч чадаагүй, эсвэл хүсээгүй үй түмэн асуултууд сүүлийн 30-аад жилд хэтэрхий их хураажээ. Өмч хувьчлал 90-ээд онд ямар нөхцөлд яаж явагдсан, яагаад одоогийн эздэд очсон, үгүй гэхэд өнгөрсөн жилүүдийн хямрал, уналт хэний Засгийн газрын ямар шийдвэрээс үүдсэн, яагаад ийм үр дагаварт хүрснийг улстөржилтгүйгээр буюу улстөрчдийн амнаас биш мэргэжлийн байгууллага, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр иргэд сонсохыг хүсэж байна.
Захиалгагүй, мэргэжлийн судалгааны байгууллагууд хэрэв хөл дээрээ босдог бол хийх ажил их байна. Өнгөрсөн хугацаанд асуулт болгонд улстөрчид л өөрсдийнхөө популист буюу хагас нь үнэн хариултыг өгч, биднийг хуурсаар иржээ.
Хариулт нь олдохгүй байгаа аливаа асуулт хар аяндаа хардлага, сэрдлэгийг дагуулж, энэ хэрээрээ иш мухаргүй элдэв таамаг руу хөтөлдөг. Таамаг бол таамаг. Үнэний ор хэдэн хувьтай байхаас үл хамааран цуурхал болж ам дамжсаар эцэстээ “худлыг мянга давтвал үнэн болж хувирдаг” ёсоор хэзээ нэг өдөр тодорхой болох жинхэнэ ҮНЭНИЙ орыг эзэлж орхидог бололтой. Үнэнд нэгэнт зай үгүй болсон учраас тэр үнэнд итгэхээсээ итгэхгүй нь их.
Яг л чөтгөрийн тойрог гэдэг шиг хардлага, таамаг, цуурхал араас араасаа залгасаар эцэст нь монголчууд нэгэн нэгэндээ итгэхээ байж, .итгэлгүйгээсээ болоод хагарал, хуваагдалдаа хүрч эвээ гээсэн юм шүү.
Сэтгэгдэл бичигдээгүй байна