С.Ганбаатарын санаанд оромгүй амжилт нь тэрээр нийтийн эрх ашгийн төлөө тууштай явсны шагнал

2017/06/29
Сонгуулийн сургамж

1. Хэдий чинээ өндөр албан тушаал хашина. Төдий чинээ түмэнтэйгээ ойр бай. М.Энхболдыг алдар нэртэй гэсэн болгон дагаж "хошуурсан" нь 2009 онд ерөнхийлөгч асан Н.Энхбаярын Ц.Элбэгдоржтой өрсөлдөх үеийн хамгийн том алдааг давтсан. Н.Энхбаярыг СТӨ-д од бүхнийг цуглуулаад "гялбуулж" байхад Эби гудамжинд зажилж явсан бохио хаясан гээд "чичлүүлж" явсныг санаж байна уу. Ард түмэн Эби-г дэмжсэн.

2. Сонгогчид тэнэг бишийг үргэлж сана. Хошин шогийнхон, тайчигч бүсгүй, дүр эсгэгч- жүжигчид, сошиалын учраа мэдэхгүй хийрхэгчдээр төрийн тэргүүний сонгуулийн сурталчилгаа хийлгэх нь төрт ёсыг "тоглоом" болгож, түмнийг "дорд үзэх" хандлага авчрахаас хэтрэхгүй. Өөрийнхөө үнэлэмжийг шавартай хутгахад мөнгө төлөх хэрэг байна уу?

3. Үнэн гэдэг мөнгөөр ч хэмжих аргагүй үнэтэйг сана. Алдаа гаргаж болно. Гагцхүү үнэнээ хэлэх ёс зүйтэй бай. Илт болсон зүйлийг худал болгох гэж "махран зүтгэх" тусам улам муухай болно. Уучлал гуйх тийм хэцүү зүйл биш. Муу нуухаар сайн илчил. 60 тэрбумын бичлэг "эвлүүлэг" гэж итгэе гэхэд сайдын томилгооноос эхлээд л "мөнгө үнэртэж" байхад яалтай.

4. Долоогчид дайснаас хортой. "Аядуу зөөлөн" гээд ичих булчирхай нь ажиллаж болно доо. "Унаган зан " гэж элийрдэг нь юу вэ? Ганц л жишээ энэ. Жамаараа яваа төрийн ажил,төсвийн хөрөнгө оруулалтыг нэр дэвшигчтэй холбох гэж арга ядсан "тууз хайчилагчид" тунг нь хэтрүүлсэн.

5. Үнэгүй зүйл зөвхөн хулганы хавханд байдгийг ард түмэн ойлгочихсон. Насны хишиг, арьс ширний мөнгийг хугацаанаас нь өмнө өгсөн гавьяа чинь ард түмэнд "өр нэмэх" айдас л авчрахаас хэтэрсэнгүй. Оюу толгой 5 толгойн "урьдчилгаа "хэмээх өрийн дарамтыг мартаагүй байна.

6. Амлалтаа хэзээ ч бүү март. Татвар нэмэхгүй, Хүүхдийн мөнгө алагчилахгүй, Мэргэжлийн ЗГ байгуулна гэж амласан л түүнийхээ төлөө эцсийн хүчээ шавх. Чадахгүй бол бүү амла.

7. Эрх баригч байх нь давуу тал болохоосоо сул тал болдогийг сана.

8. Нийтийн эрх ашгийг нэгд тавь. С.Ганбаатарын санаанд оромгүй амжилт нь тэрээр нийтийн эрх ашгийн төлөө тууштай явсны шагнал гэж ойлгож байна.

9. Муу юм модон улаатай. Улс төрд тавьсан холын зорилгоо ойрын "зовлон"-оор сольж болохгүй. Нэр хугарахаар яс хугар.

Эх сурвалж: Сэтгүүлч Баасанжавын Отгон

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна