Төв азийн цээжинд орших хөх толбот Монголчууд бид хар, хар цоохор зүйлд ясны дургүй ард түмэн билээ. Тиймдээ ч муу бүхнийг хар өнгөтэй зүйрлэж, өвөг дээдсийн үеэс цээрлэж ирсэн уламжлалтай. Хар пи-ар, хар дом, хар үйл, хар машин гэх мэт...
Хар цоохор өнгө нь нэг харахад гэгээлэг боловч нөгөө харахад бараан өнгө. Уй гашуу, зовлон гунигийн бэлгэдэл болсон хар өнгөнд цэвэр ариун, цав цагаан сүүг бэлгэдсэн цагаан өнгийг шингээсэн нь цэвэр ариуныг хар бараан зүйлээр дарж буй утгатай гэж үзэн ахмадууд цээрлэдэг.
Харахад тун хээнцэр хар цоохор өнгөнд залуус ихээр татагддаг нь нас залуу, цус шингэнийх юм. Залуу нас гэдэг зорилго, хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж явдаг үе. Тиймдээ ч аливаа зүйлийн гадаад өнгө үзэмжинд хууртах нь элбэг. Үүнээсээ болж алдах тохиолдол их бий тул энэ үед ахмад настныхаа үгийг сонсож, нэгийг бодож, хоёрыг тунгааж явах нь зүйтэй.
Ийм учраас 2017 оны хар бараан, хар цоохор бүхнийг зайлуулахын тулд билэг оюунт Монголын ард түмэн цагаан хувьсгал хийх цаг нь болжээ. Монгол орны минь өнцөг булан бүрт шигдэж хар бараан луу улам татсаар байгаа энэ муу ёрын хар домоос салж болох алтан боломж 2017.7.7 гэдэг гурван 7 давхцсан ивээлт өдөр бидэнд тохиож байна.
Монгол орон минь мандан бадрах цаг хэдийнэ болжээ. Миний ардын сэтгэл цагаан хөдөлгөөн ялах болтугай. Сонголтгүй сонгуульд цагаан хуудас уншуулж цагаан хувьсгал хийцгээе.
Эдийн засгийн ухааны доктор Төмөрдөшийн Баярхүү
Сэтгэгдэл бичигдээгүй байна