Хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн МУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль хуулийн дагуу хүчингүй болж, дахин санал хураалтыг энэ сарын 07-ны өдөр явуулахаар Сонгуулийн Ерөнхий хорооноос тов зарласан. Гэвч өнгөрсөн сонгуулийн саналыг гараар тоолох, хяналтын тооллого хийх ажил багагүй маргаан дагуулж байгаа гэнэ. Санал хураалтын орой МАХН-аас “МАН-ынхан саналыг луйвардсан. Манай нэр дэвшигч 10 гаруй мянган саналаар илүү явсан хэрнээ гэнэт ялагдсан. Баян-Өлгий аймагт сонгууль будлиантуулсан” хэмээн мэдэгдэл хийж, Сонгуулийн Ерөнхий хорооны үүд хаалгыг эвдэх шахан дайрцгаасан.
Энэхүү мэдэгдлийн дагуу МАН, АН-аас Сонгуулийн Ерөнхий хороонд хүсэлт гаргаж, Баян-Өлгий аймгийн иргэдийн саналын хуудсыг дахин тоолж, хяналтын тооллого хийхээр болжээ. Гэвч МАХН-ынхан энэхүү хяналтын тооллогод оролцохоос татгалзсан байна. МАХН-ын хувьд Баян-Өлгийчүүдийн саналыг хүлээн зөвшөөрсөн бололтой. Гэхдээ Монгол Улсын баруун хязгаарт орших Баян-Өлгий аймгийн хувьд нэг цагийн зөрүүтэй, санал хураалт Улаанбаатарын цагтай харьцуулахад нэг цагийн дараа эхэлж, нэг цагийн дараа дуусдаг. Сонгогчдын ирц болон санал хураалтын дүн ч үүнийг даган нэг цагаар хоцорч ирсэн. Гэтэл үүнийг мэдсээр байж Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Д.Содномцэрэн олон нийтэд мэдээлээгүй, хий хоосон хардлага үүсгэсэн гэж бухимдах хүмүүс ч цөөнгүй байна.
Х.Нэргүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна