Эхлээд "Монгол ялна" гэсэн пайз зүүхгүй л бол сошиалаас гадуурхагдах янзтай болсон. Фэйсбүүкийн гудамжинд шууд буудууллаа л гэсэн үг. "Эвтэй Монгол ялна" гэж энд тэндээс хаа нэг дуугарсан нь хядуулах дөхсөн. Блоклуулж, "шоронд орсон" нь ч олон байх. Бодлого ярьсан нь хужаа, боловсон загнасан нь урвагч, Баттулгыг дэмжээгүй нь эх оронгүй, Энхболдыг дэмжсэн нь хар хятадын хоноцын юу ч билээ болж хувирав. Хүний олноор хүнээ барьдаггүй л гэдэг. Тэр тусмаа олонх хөгжингүй ардчилсан оронд моодноос гарч буй, ажил хэрэгч хүмүүс гар утсандаа апликейшн-ийг нь ч татаж суулгахаас татгалзах болсон фэйсбүүкээр төрийнхөө хувь заяаг шийддэг болоо юу? Энэ бүхэн хэний зохиогоод байгаа үлгэр вэ. Ямар муухай хар үлгэр вэ? Монголчууд бид Баттулгын эх оронд толгой хоргодоод байгаа юм уу? Энхболдын эх оронд малгай тавиад байгаа юм уу?
Монгол Улс, монголчууд нэг нэгнийгээ ингэж хэлмэгдүүлэн хохироосон гашуун түүх орчин цагт сошиалаар давтагддаг болоо юу? Аав ээж шиг минь хүмүүс хүү, охин шигээ залуус руу Баттулгыг дэмжээгүйнх нь төлөө "Биеэ үнэлэгч, янхан" ч гэх шиг үг шидэж, сонгууль эхэлчихээд байхад эмээ өвөө нар хүртэл хууль зөрчин сурталчилгаа хийн улайрахыг харлаа. Х.Баттулга болон түүний багт Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн эрх мэдлийг өгчихвөл юу болохыг ёстой чөтгөр л мэдэх байх гэсэн айдас үүнээс болж нийгэмд төрлөө. Улс орноо хоёр хуваагаад, хужаа монгол, эрлийзээр нь ялгаад өг гэж АН Х.Баттулгыг нэр дэвшүүлээ юу? Ялалт байгуулаагүй байж ингэж байгаа юм чинь ялчихвал хужаа алхаатай, царайтай, төрхтэй болгоныг барьж хорих уу, галд шатаах уу? Үймээн самуун дэгдэж ах дүүсийн чинь нэг нь 7 сарын 1-ний адил золиос болчихвол амийг нь Доржзодовтонгоос нэхэх үү, түүнийг хөөрөгдсөн улсаас нэхэх үү?
Монгол, эх оронч хэмээх ялгуусан аугаа тодотголыг үеийн үед энэ Монголын төлөө амиа зольсон сайн эрчүүд ч ингэтлээ өмчилж байгаагүй юм. Эрхэм эл алдар чинь ганц хүний өмч ч биш. Энэ мэтийн улайрсан дайралт эдүгээ угжны хүүхдийн үлгэрээр үргэлжилж байна. Үнэндээ бол бид 27 жилийн турш нэг л довон дээрээ бүдэрч унасаар өнөөг хүрлээ. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурвын зөрчил бол монголчууд бидний гэнэхнээр хэдэнтээ бүдэчсээр ирсэн, үргэлж өвдөг шорооддог тэрхүү дов гэдгийг тодотгоё.
Эдүгээ төрдөө нэг их эзэн болдог улс С.Ганбаатарын уриалснаар "Цагаан хуудас" хэмээн хошуурч байна. Үнэн хэрэгтээ Н.Энхбаярт Ерөнхийлөгчийн тамгыг бэлэглэснээс өөрцгүй сонголт бол энэ. Төрийн толгойд 16 жил өндөр алба сэлгэн эзэмшихдээ хийгээгүй ажлаа одоо Энхбаяр хийлээ юу? Дээр нь С.Ганбаатар морь унасан толгойгүй хүн гэдгээ үүгээрээ харууллаа. Мориных нь жолоо, Ганбаатарын толгой хоёр Н.Энхбаярын шар дээлийн өвөрт яваа хэрэг үү? Гэтэл муу дээр муухай гэгчээр Х.Баттулга "Бүх иргэнийхээ өр зээлийг нэг удаа төлнө" хэмээн учраа мэдэхгүй хүүхэд шиг хашгираад эхэллээ. УИХ-д 65 суудал эзэлж, бодлого барьж буй МАН үүнийг нь дэмжлээ юү? Ёстой Ерөнхийлөгч байтугай нь бардаггүй ажил. Давдаггүй даваа. Ер нь тэгээд Ерөнхийлөгчийн суудалд Баттулга байтугай Бурхан Будда залраад ч парламент дахь олонхид хориг тавихаасаа өнгөрсөн.
Яг үнэндээ парламентад АН олонхи байсан бол би Баттулгыг дэмжинэ. МАХН олонхи байсан бол С.Ганбаатарыг дэмжих байлаа. МАН олонхи байгаа тохиолдолд 27 жил бүдэрсээр ирсэн довон дээрээ дахин бүдрэхгүйн тулд, төрийн өндөрлөгүүдийн толхилцоон дунд ирэх дөрвөн жил дахин дахин өвдөг шороодохгүйн тулд М.Энхболдоос өөр ЦАГ ҮЕИЙН ГАРЦ бидэнд алга. Үүнийг учир мэдэх бүх хүн ил зарлахгүй л байгаа болохоос ойлгож байгаа. Учир нь нэг чулуунд, нэг довонд, нэг л бартаанд бүдэрч ойчсоор, нэг газраа эргэлдсээр залхлаа. Яршиг зүгээр, тэр Энхболд нь гараад УИХ-ын 65-тайгаа хамтраад нөгөө Сандуй Сундуйдаа арга хэмжээ аваад, хэл аманд хамтдаа орчихоод байгаа СЕХ-гоо шинэчлээд...улс орон нэг зүг харж байж хөгждөг гэдгийг харуулаад өгөөсэй зүгээр! М.Энхболдод үүнээс өөр нэрээ цэвэрлэх гарц ч үлдсэнгүй. Хоёр гурван тийшээ харж, нэг зам дээр зогсчихоод, хөгжил мөрөөдөж залхлаа байна. За тэгээд найзаасаа хасна уу, нам буудна уу, толгойд шуудай углана уу, тонгорно уу, өөрсдөө мэдэцгээ...
Яруу найрагч Р.Эмүжин
Сэтгэгдэл бичигдээгүй байна