Би гэмт хэрэгтнүүд, хагалган бутаргагчдыг сонгож чадахгүй

2017/07/05
Миний сонголт...
 
Би эхний шатны санал хураалтад саналаа өгөөгүй. Харин одоо цагаан хуудсыг сонгоно. Сурталчилгааны явцад ерөөс хэнийг нь ч дэмжих боломжгүй юм байна гэсэн бат итгэл үнэмшилтэй болсон. Яагаад гэдгээ товчхон илэрхийлье. 

НЭГД. Би гэмт хэрэгтнүүдийг сонгож чадахгүй. 
 
М.Энхболдын 60 тэрбумын хэрэг нь төрийн албыг худалдсан, дамласан төрийн эсрэг гэмт биш гэж үү?. Захын дунд сургуульд багшаар ороход хүртэл ханштай болчихсоныг бараг хуугаар л ярьдаг шүү дээ. Яаманд бол ашигтай газрын дарга хэдэн зуун сая, сайд тэрбумаар яригддаггүй гэж үү??? М.Энхболд МАН төдийгүй МАНАН-гын санхүү-эрх мэдлийн гол том бүлэглэлийн зангилаа биш гэж үү? АН, МАН хоёр аль аль нь энэ төрийн албаны НАЙМААГ хавтгай хийдэг, баригдсан нь л Энхболд болохоос. Нэг л их цэвэр ариухан мэт нэгнээ чичлэх нь "Хэрээ хэрээнийхээ харыг гайхав", "Хулгайч хулгайчыг бариарай" гэх мэт үгсийг санагдуулна. Мөн МАН-ын мөнгө хэрхэн тараах тухай, дайрах тухай бичлэг ч ил болсон, халз мэтгэлцээнд бэлтгэж байхдаа ард түмнээ дорд үзсэн агуулгатай үг хэлсэн гэх мэт... Зөвхөн сүүлчийн тэр "Сарандаваад итгэдэг ард түмэн" хэмээн хэлж буй үг нь түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч байх ёсзүйн эрхгүй гэж үзэхэд хангалттай. 

Хэрвээ 60 тэрбум, энэ тэр бүхэн эвлүүлэг, гүжир гүтгэлэг юм бол яагаад шүүхэд өгч, шүүхээр шийдүүлж болохгүй гэж... ??? Эрх мэдэл хэний талд байгаа билээ. Өнөөдөр шүүх засаглалыг атгаж байгаа Ц.Элбэгдорж хэний талд байгаа билээ. 

Х.Баттулга ч дээрдэх юм алга. Тэрбумаар нь мөнгө ачиж яваад газар дээрээ баригдаагүй хэрэг үү? Баттулга нэгэн цагт Ц.Элбэгдоржийн түрийвч яваагүй гэж үү? Түүний олон бохир ажлыг нь зохицуулж яваагүй гэж үү? Яг мафийн сэтгэлгээгээр ажилладаггүй гэж үү? Түүний туулж ирсэн зам тийм ариун цагаан гэж үү? Эр эндэж, эрэг нурдаг. Гэвч алдаагаа засаж, ухаарч чадах нь ухаант хүмүүний зам, жам байдаг. Баттулгыг тийн алдаагаа ухаарч, сэхээрсэн хэмээн найдаж, горьдлого тавьж явсан атал харин ч энэ сурталчилгааны явцад ухаарч сэхээрсэн өчүүхэн шинж харагдсангүй, өнөөх мафийн сэтгэлгээ нь яг хэвээр. Гууль гуулиараа л байдаг юм байна. Түүнээс томоохон өөрчлөлтийг авчрах хүчирхэг үзэл санаа харах, хүлээх боломжгүй нь энэ сурталчилгааны явцад илт харагдав. Би нэлээд найдаж харсан юмсан, уг нь.

Энэ хоёр аль аль нь их хэмжээгээр мөнгө тарааж байна. Мөнгөөр санал худалдаж авах нь төрийн эрх мэдлийг хууль бусаар худалдаж авах гэсэн төрийн эсрэг гэмт хэрэг биш гэж үү? Ингэхэд гэмт хэрэгтнүүд төрийн өндөр суудал өөд уралдан улайрцгааж байгааг бид харахгүй байна гэж үү? /С.Ганбаатар нэгэнт гарсан тул түүний тухай энэ удаад ярих шаардлагагүй/ Бас ард иргэдийн өр тэглэх тухай яриад эхэллээ. Энэ популизм биш гэж үү. Сонгуулийн хууль зөрчиж буй хэрэг биш гэж үү? Өмнө АН эрх барьж байхдаа хийхгүй юу хийж байсан хэрэг вэ? Чухам 1 сая, 1.5 саяыг уралдаж амалсан 2008 оны сонгуулиас л эхэлж үй олон бүтэх бүтэхгүй зүйл амлаж, амласнаа биелүүлэх гэж эдийн засгийн боломжоо шавхаж, хөгжлөө гацааж эхэлсэн, өрд орсон, түүндээ хашраагүй дахиад л амлаж буйг эрүүл ухаан гэх үү? Ард түмнийхээ гачигдал дутагдлыг нь дөрөөлөн санал авах гэсэн арга заль, бач мэх биш гэх үү? Арга зальтан төрийн тэргүүн байх боломжтой юу?

Өнгөрсөн сонгуулиар АН-МАН хоёр хэрхэн яаж ямар сүлжээгээр, ямар арга сиймхийгээр мөнгө тараадгыг нүдээрээ үзсэн. Өнөөдөр ч их хэмжээгээр мөнгөний сонгууль хийж байна. Баримтууд ч ар араасаа цуварч байна. Захын хорооллын бяцхан дэлгүүрүүдийн орлого илт сэргээд ирж байна шүү дээ. Ингэхэд мөнгөөр санал худалдаж авдаг нь төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг санаархсан төрийн эсрэг ноцтой гэмт хэрэг биш гэж үү? Гэмт хэрэгтнийг тэгээд яаж сонгох юм бэ?

ХОЁР: Би хагалган бутаргагчдыг сонгож чадахгүй
 
Монгол Улсын Ерөнхийлөгч бол Монгол үндэстний эв нэгдлийн билгэ тэмдэг. Гэтэл өнөө энэ суудалд санаархаж буй хоёр маань ард түмнээ эвлэрүүлэх биш бүр эвдрэлцүүлэн дуусгаж байна... Зүгээр л дотроосоо дайснаа хялбархаан гаргаад ирэх... 

Уриа нь хүртэл гайхалтай. "Монгол ялна". Тэгээд энэ хачирхалтай уриагаа логикгүй гэнэн тайлбар дагалдуулах нь инээдтэй. Өөрийнх нь эсрэг санал өгөөгүй хүн тэгэхээр монгол биш болох уу??? Тэгээд ялчихаараа Монгол бишүүдээ эх орноосоо хөөх үү, яах вэ? Ингэхэд бид төрөлх эх орондоо биш хэн нэгний эх орны хаяа хатавчинд толгой хорогдож суугаа мэт сэтгэгдэл Баттулгын эсрэг саналтай хүнд шууд л бууна. Ийм сэдэл эвдэрч дуусаж байгаа өнөөгийн Монгол оронд эвлэрлийг авчрах уу, эвдрэлийг улам гааруулах уу? 

Нөгөө тал нь мөн адил. Ёоз ёозоороо гэдэг шиг "Эвтэй монгол ялна" гээд сөргүүлээд гаргаад ирэх. Уг утга нь их сайхан ч гэмт хүнд энэ уриа огтоос зохисонгүй. "Эвтэй байцгаая" хэмээж байгаад эвгүй булхайнуудаа дүйвүүлээд өнгөрдөг заль мэт харагдах. Ингэхэд ерөөс өштөн дайснаа л ялдаг болохоос сонгуульд зөвхөн сонгогддог юм. Үгээ ч уг язгуур утгаар нь хэрэглэж мэдэхгүй хүмүүс хэрхэн яаж эв нэгдлийг хангаж чадах вэ, тэр дундаа өнөөдрийнх шиг ийм самуун цагт. Монголын нийгэм өнөөдөр хагарч бутарч болох бүхнээрээ хагарч, бутарсан нь худал гэж үү? Намаараа, хөгшин залуугаараа, зүүн баруун үзэлтэйгээрээ, жалга довоороо, бүлэг фракцаараа, баян, ядуугаараа гээд. Тэгээд үүнээ ардчилал гэх. Үзэл санаа нийлээгүйгээ үзэн ядах нь ардчилал л лав биш юм. Арга барил нийлээгүйгээ алж хядна хэмээх нь эрх чөлөө л лав биш. Гэтэл манай эрхэм эвлэрүүлэгч ерөнхийлөгч болох гэж буй нэр дэвшигчид маань энэ хагаралдаан, сөргөлдөөнийг улам турхиран гааруулж байна. 

Монгол дотроосоо өштөн дайснаа тодруулан гаргаж ирэх нь сайны, ухаарлын, дэвшлийн, урагшлахын шинж лав л биш. Мэдээж хэрэг хууль зөрчдөг, хулгайлдаг, луйварддаг нөхдүүд бий. Гэхдээ тэдэнтэй тэмцэх ажил нь намаараа талцан үзэн ядалцах, эсвэл намын далбаанд хаацайлан хамгаалах арга замаар хэрэгжих ямар ч боломжгүй, зөвхөн хуулийн хүрээнд л хэрэгжих боломжтой... 

Бид хагарч бутраад ирэхээрээ л харийн өмнө сөхрөн унадаг. Урд цагт ингэж хагарч бутарсныхаа горд, өртөг золиосонд сэлмийн ир, бууны гохон дор сөхрөн унадаг байсан бол одоо доолуур, өрийн дарамтыг даахгүй сөхрөн унахдаа хүрэх нь. 

ГУРАВ. Би хэрхэвч МАНАН-г сонгохгүй.
 
За энд олон зүйлийн тайлбар хэрэггүй биз ээ. Бид сүүлийн жилүүдэд МАНАН дэглэмийн бүхий л шинж байдлыг илчилж, эсэргүүцэж ирсэн. Өнөө нэр дэвшигчид маань харин ард түмнээ манартуулсан, хөгжил дэвшлийнхээ ирээдүйг мананд бүдгэрүүлсэн энэхүү МАНАН дэглэмийн гол төлөөлөгчид биш гэж үү? Баттулгыг өнгөрдөг хавраас энэ дэглэмийн эсрэг хүчтэй сөрж магадгүй нь хэмээн найдан харж байсан. Гэтэл өнөө тэрбээр энэхүү МАНАН-гийн гол найруулагч нөхдүүдтэй хөтлөлцөөд явж байгааг хараад, түүний ард МАНАН-гын нэгэн багана АН бүхий л механизмаараа ажиллаж буйг хараад би өөрийгөө ихэд гэнэн болохоо ойлгов. М.Энхболдын тухайд дээр хэлсэн, тэрбээр энэ МАНАН-гийн нэгэн гол зангилаа болдог гэж.
.
ДӨРӨВ. Би сонголтгүй сонголтыг эсэргүүцэж цагаан сонголт хийж байна. 
 
Сонголтгүй сонголт гэдэг бол тулган хүлээлгэлт, хүчирхийлэл биш гэж үү? Миний өмнө муудаж өмхийрсөн хоёр савтай ус тавьчихаад, заавал нэгийг нь уу гэж буйгаас ялгаа юу байна вэ? Түүнийг нь хүлээн зөвшөөрч хүлцэнэ гэдэг оюун санааны боолчлолыг хүлээн зөвшөөрч буй гутамшигт хэрэг биш гэж үү? Гэтэл би цэвэр тунгалаг ус уумаар байна. 
Намууд нэртэй эрх мэдэл, санхүүгийн хүчирхэг бүлэглэлүүдийн сонгогч бидэнд тулган хүлээлгэсэн сонголтгүй сонголтыг эсэргүүцэж, ард түмнийхээ эв нэгдлийг хангаж чадах, цөөнхийн бус олонхийн эрх ашгийг хамгаалж чадах, зөв, шударга, нэр цэвэр хүмүүсээ гаргаж ирэхийг, цэвэршиж, зөв төлөвшихийг шаардаж буй шаардлага юм. Энэхүү хоёрдахь шатны санал хураалт болж буй нь намуудад, тэдний бүлэглэдэг, хуйвалддаг, мөнгөөр бүхнийг зохицуулж болно гэж үздэг арга барилд нь өгч буй дохио сануулга юм шүү.

ТАВ. НАМ нэртэй ч ДАМ ч, ТАМ ч болсон тогтолцоог эсэргүүцэж цагаан сонголт хийж байна.
 
Ард түмний маань намаараа талцах талцал хүрээ хязгаараас хэдийнэ хальчихлаа. Нам бол эх орон чинь биш шүү дээ. Эсрэг намын гишүүд чинь ч бас чиний эх орны нэг эд эс мөн. Эх орон гэдэг ойлголт бол харьцангуй өргөн ойлголт юм. Өнөөдөр намгүй бол ажилгүй, амьдралгүй шахам болж буйг, жилээс жилд, сонгуулиас сонгуульд энэ байдал улам бүр даамжирч буйг эсэргүүцэж байна. 

ЗУРГАА. Би тархи угаалт, хар пиарыг эсэргүүцэж цагаан сонголт хийж байна. Би оюун санааны эрх чөлөөний төлөө, эрүүл ухаан, үнэт зүйл, эрхэмлэлийн төлөө ийм сонголт хийж байна.
 
Энэ удаагийн сонгууль ямар нэгэн итгэл үнэмшил, үзэл бодол, арга ухаан, хөгжлийн, бодлогын өрсөлдөөн болсонгүй. Эвлэрүүлэгч биш эвдрүүлэгчээ сонгох гэж буй мэт, тэргүүнээ биш адгийн шаараа шалгаруулах гэж буй мэт л сонгууль болж байна. Тийм биш гэж үү? Өнөөдөр бид ийм байдлыг байх л ёстой зүй ёсны зүйл мэт нийтээрээ ойлгодог, хүлээн зөвшөөрдөг нь эмгэнэл биш гэж үү? Энэ цааш даамжирвал дампуурал болохгүй гэж үү?

ДОЛОО. Би энэ тогтолцоо, системийг эсэргүүцэж цагаан сонголт хийж байна.
 
Өнөөдөр бид төрийнхөө тэргүүнийг сонгож чадахгүй мунгинаж суугаа маань ардчилал гажуудаж, систем гацаанд орсныг илтгэн харуулж буй хэрэг юм шүү. Түүнээс биш өнөөгийн үүсэн бий болсон нөхцөл байдал нь ардчиллын зүй ёсны жамт үзэгдэл огтоос биш.
Санал нийлээгүйгээ хараан дайрах нь эрх чөлөө ч биш, үнэнийг мэдэх боломжгүйгээр үймэн самуурцгаах нь ардчилал биш, талцан хагаралдах нь хөгжил ч биш. Нам нэртэй мафиар хувь заяагаа шийдүүлдэг нь эрүүл ухаан лав биш. Бид эндээс ухаарч сэхээрч, тогтолцоогоо, гажигаа засаж залруулах ухаан сийрэх цаг болсон, эс тэгвээс бид улам ихээр хохирно, магадгүй....

Ийм 7 шалтгааны улмаас би 7 оны 7 сарын 7-нд ЦАГААН СОНГОЛТ хийнэ. 

ЦАГААН СОНГОЛТ ХИЙХИЙН ҮР ДҮН, АЧ ХОЛБОГДОЛ НЬ ЮУ ВЭ?
 
Ингэж асууж буй хүмүүс байна. Эхний шатны сонгуульд 13 орчим тэрбум төгрөг зарцуулсан, одоогийн энэ хоёрдахь шатныхад 7 тэрбум гаруйг зарцуулах юм байна. "Ядарч байхад яр" гэгчээр энэ өр зээлтэй хүнд үед дахин дахин сонгууль хийх нь арай биш үү хэмээх хүмүүс олон. Тэгээд дараа нь яах юм бэ? Намар Н.Алтанхуяаг, С.Амаржаргал, У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нарын хэн нэгний төлөө цагаан сонголт хийх юм уу гэж асууж байна. Энэ нь хэн нэгний төлөөх сонголт, шийдвэр огтоос биш юм. Тэгвэл юу байх вэ?

- ЦАГААН сонголт нь сонголтгүй сонголтыг, тулган хүлээлгэлтийг эсэргүүцэх хүч байдгыг, өөр сонголт бас байж болдог юм шүү гэдгийг эрх баригчдад харуулж буйгаараа үнэтэй. 

- ЦАГААН сонголт нь Намын, санхүүгийн бүлэглэлийн дарангуйлал, тархи угаалтын эсрэг жинхэнэ эрх чөлөөнийхөө мөн чанарыг мэдрэх боломжийг өөртөө олгож буйгаараа ач холбогдолтой.

- ЦАГААН сонголт нь Намууд шинэчлэгдэж, бохир тоглоомын дүрмээ өөрчилж, ирж буй цаг үедээ нийцэж, ард түмнийхээ хүсэн хүлээж буй хүлээлт, шаардлагад тэнцэх хэмжээнд өөрчлөгдөн шинэчлэгдэхийг шаардаж буй маш хүчирхэг шаардлага болж буйгаагаараа үнэ цэнэтэй.

- ЦАГААН сонголт нь Сонгуулийг мөнгөөр хахуулдаж, хоосон амлалтаар хуурч авдаг энэ заваан залхаг байдлыг өөрчлөхийг шаардаж байгаа хамгийн хүчирхэг шаардлага юм шүү. Илт мөнгө тараадаг, илт луйварддаг, эрх ашиг, амь амьдралаар нь илт барьцаалдаг мафийн маягийн арга замаар хууль бусаар төрийн эрх авч тоглодог энэ тогтолцоог өөрчлөхийг шаардаж буй хүчирхэг шаардлага гэдгээрээ үнэ цэнэтэй. 

- ЦАГААН сонголт нь нийгмээс шударга ёсыг шаардаж байгаа сонгогч бидний хуулийн хүрээнд байж болох маш хүчтэй шаардлага юм шүү. Гар утас булаасан залууг бол гөлийтөл нь хорьж чаддаг, тэрбумаар нь хулгайлсныг яаж ч чаддаггүй энэ дэглэмийг өөрчлөхийг шаардаж байгаа шаардлага болно. 

- ЦАГААН сонголт нь эцсийн эцэст системээ эргэж харах, өөрчлөхийг шаардаж байгаа шаардлага юм шүү. Ийм систем байгаа цагт арван ширхэг М.Энхболд, таван ширхэг Х.Баттулга гараад ч юуг ч өөрчилж чадахгүй. Ойр зуурын л аар саархан л өнгө засвар төдийг хийнэ. Гэтэл барилгын маань суурьт ан цав гарчихсан байна шүү дээ. Түүнийг засахгүйгээр, шавар шохой төдий хийх нь үр дүнтэй гэж үү? Хэнийг хуурч байна вэ, бид? Өөрсдийгөө, зөвхөн өөрсдийгөө л шүү дээ. Хэрвээ өөрчилж эс чадваас бид дахиад дөрвөн жилийн дараа, найман жилийн дараа мөн л өнөөдрийнх шигээ бухимдсан хэвээр, хагаралдаж, тэмцэлдсэн хэвээр л байна. Ийм дампуурсан систем байгаа цагт юу ч өөрчлөгдөхгүй. Гагцхүү бид энэ систем маань гажиж, гацсаныг энэ сонгуулийн гацаанаас олж харж чадвал тэр том алхам болно.

- Эцэст нь өнөөдрийн хоёр дахь шатны сонгуульд зарцуулах 7 тэрбум, ирэх намрын дахин сонгуульд өгөх 13 тэрбум бол хэдий их мөнгө ч бид дээр дурдсан зүйлсийг хүлээн зөвшөөрсөөр байх юм бол, энэ бусармаг бүхнийг өөрчлөхийг хүсэхгүй, эр зориг гаргахгүй, шийдвэртэй алхам хийхгүй бол бид 20 тэрбум төгрөг төдий биш, харин хорь хорин их наяд долларыг хожмоо алдсаар л байх болно. Бид хөгжил дэвшлээ гарынхаа салаагаар урсгасаар л байх болно. 

Сонгуулиас сонгуульд байдал улам бүр даамжирсаар байх болно. Үүнийг өнөө л эсэргүүцэж, тас цохиж эс чадваас бид түүнээс ч илүү их хохирол хожмоо төлнө. Энэ удаагийнх бол зөвхөн сануулга шүү.
.
Монгол хүн долоогийн тоонд тийм ч сүжигтэй байдаггүй. Гурван долоо давхацсан энэ өдөр долоон шалтгаан дурдаж би ЦАГААН СОНГОЛТ хийнэ. Эр хүн долоо дордоод, найм сэхдэг гэдэг. Энэ бидний сүүлчийн буюу долоо дахь дордолт болж, сэргэхийн шинж болог хэмээн бэлгэшээж ЦАГААН СОНГОЛТ хийнэ.

Жич: Цагаан сонголт хийх нь хууль зөрчсөн хэрэг огт биш. Мөн Цагаан сонголтод уриалах нь ч хууль зөрчсөн хэрэг биш. Ингэхэд мөнгө тарааж, худал амлаж, луйвар хийж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авч, төрийн эсрэг ноцтой гэмт хэрэг хийдэг хүмүүс бүлэг бүлгээрээ гэм зэмгүй сүрэглэж явах атлаа, тэднийг эсэргүүцэж хуулийн хүрээнд цагаан сонголт хийж буй нь яахаараа хууль зөрчсөн болдог хэрэг вэ?

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 99.2 -т "Сонгогч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг нь ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тооцно" гээд цагаан дээр хараар биччихсэн байгаа шүү. 

Саяны эхний шатны санал хураалтад 18 000 хүн цагаан сонголт хийсэн нь энэ гурвын алийг нь ч дэмжих боломжгүйгээ илэрхийлсэн, хууль ёсныхоо эрхээ эдэлсэн хэрэг. 
 
Нийтлэлч Б.Наминчимэд


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна