МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъянтай ярилцлаа.
-Танай намаас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн С.Ганбаатар хоёр дахь шатны санал хураалтад “Цагаан хуудас”-ны хувьсгал хийхийг уриалсан. Сонгуулийн үйл явдалд танай нам ямар дүгнэлт хийж байна вэ?
-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль сонирхолтой болж өнгөрлөө. Өмнө нь сонгууль хоёр шаттай болж байсангүй. МАН, АН-ын нүүр царай ард түмний нүдэн дээр бодитоор дэлгэгдлээ. Нөгөө талаар маш заваан сонгууль боллоо. Заваан сонгуулийг бид цагаан сонгууль болгоё гэсэн санаачилга гаргасан. Маш муухай хар сонгууль боллоо. Монголчууд харыг цагаанаар дардаг домтой ард түмэн. Тиймээс хар сонгуулийг бид цагаан хуудсаар домноё гэж байгаа юм. Хоёр нэр дэвшигч бие биеийнхээ булай, булхайг хангалттай дэлгэлээ. Монголчууд тэдний ямар муу, муухай юм хийснийг харлаа. Ёс суртахууны талаас ч, хууль эрхзүйн хувьд ч Сонгуулийн хуулийн бүх зүйл, заалтыг зөрчсөн учраас энэ хоёр хүнийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах бүрэн үндэслэлтэй. Хэрэв СЕХ ийм шийдвэр гаргах эр зориггүй, тэднээс айсан, халаасанд нь орсон байдаг юм бол ард түмэн тэднийг эргүүлэн татах эрхтэй. Тэр нь хуулиараа “Цагаан сонгууль” буюу хэнд ч санал өгөхгүй байх эрх юм. Өөрөөр хэлбэл, саналын хуудсанд бичигдсэн хоёр хүний хэнийх нь ч нэрийн урдах дугуйг будахгүйгээр хоосноор нь хар машинд хийнэ гэсэн үг. Хэрэв цөөхөн хүн цагаан хуудас өгвөл ирц нь гүйцэж, түүнээсээ хамгийн олон санал авсан нь буюу энэ хоёр муу хүний аль нэг нь гараад ирнэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Өнөөдөр монголчууд бүгд ярьж байна. Энэ хоёр арай ч биш ээ. Нэг нь 60 тэрбумын, нөгөө нь тэрбум ам.долларын хэрэгтэй. Дээр нь янз бүрийн бичлэгүүд задарлаа. Олон янзын муу муухай явуулгууд илэрлээ. Иймээс тэдний хэн нь ч биш юм гэдгийг ард түмэн таньж, мэдэрч, ярьж байна. Энэ муу муухайг үл тэвчиж буй, дургүй нь хүрч байгаа хүмүүс бүгд маш идэвхтэй сонгуульдаа оролцох хэрэгтэй. Ирцийг маш өндөр бүрдүүлэх хэрэгтэй. Ирсэн хүмүүс бүгд цагаан хуудас өгч байж дахин сонгууль зарлуулж чадна. Эс тэгвээс нөгөө хоёр хүн чинь намынхаа гишүүд, дэмжигчдээр ирц бүрдүүлж байгаад аль нэг нь сонгогдоод гараад ирнэ. “Цагаан хувьсгал-Цагаан сонгууль” гэдгийн цаад зорилго бол дахин сонгууль явуулах юм.
-Ингэснээр сонгууль шударга болж чадах уу?
-“Цагаан хувьсгал-Цагаан сонгууль” хийснээр хоёр муу хүний нэрийг татуулж, дахин шинээр сонгууль явуулж, хаа хаанаасаа нэр цэвэр, шударга сайн хүмүүсийг нэр дэвшүүлж, жинхэнээсээ төрийн тэргүүнээ сонгох боломж бүрдэнэ. Хоёр муугийн нэгийг шалгаруулаад толгой дээрээ тавьчихъя гэдэг ард түмэн байхгүй шүү дээ. Бид сайныг өрсөлдүүлэх хэрэгтэй байна. Хоёр намд сайн хүнээ гаргаад ир гэдэг шаардлагыг цагаан хуудсаар л өгнө. Давтаад хэлэхэд, бид өнөөдөр хоёр муугийн нэгийг сонгох болчихоод байна. Энэ бол төрөө, ард түмнээ доромжилсон хэрэг. Бид гурван сайны нэгийг сонгох хэрэгтэй. Энэ сонгуулийг яаралгүйгээр ирэх намар ч хийж болно шүү дээ.
-“Хар” бас заваан сонгууль болсон гэлээ. Намуудын сонгуулийн явцыг хэрхэн харьцуулж харж байна?
-Дэвшил гэх юм үндсэндээ гарсангүй. Бие биеэ тагнаж чагнадаг, нэг нэгийнхээ намд тагнуул шургуулдаг, эсвэл өөр намаас урвагч худалдаж авдаг буруу соёл руу нэвтэрлээ. Нөгөө хүн нь муу муухай л байгаа байх. Хэний ч хөнжлийг сөхөөд үзвэл сайн юм харагдахгүй. Тэрийг нь сөхөх гэж хүн явуулдаг, сөхөөсэй гэж мөнгө төлдөг, түүнийгээ ард түмэнд дэлгэдэг нь дэндүү увиагүй явдал. Энэ сайн зүйл биш. Монгол Улс мандан бадарч явах үеэс ирсэн том зарчим бол урвагчидтай нөхөрлөж байгаагүй. Урваад ирснийх нь толгойг авдаг байсан. Урвагчид бол Жамухыг барьж ирсэн шадар цэргүүдтэй адил. Гэтэл тийм хүмүүсийг хажуудаа авч, мөнгө өгч ашиглаж байна гэдэг нь Чингисийн сургаалын эсрэг явж байгаа байдал. Зүй нь ам руу нь алгадаж, цагдаа, хуулийн байгууллагад нь өгч, түүгээрээ шалгуул гээд явуулчих ёстой байхгүй юу. Гэтэл монголчуудыг дэндүү эвдсэн, муу муухай зүйлд сургасан сонгууль боллоо. Энэ талаасаа улс төрийн соёлын хувьд, ухралт хийсэн муухай сонгууль болсон. Х.Баттулгын штаб ийм юм хийсэн, М.Энхболдын штаб ч мөн адил ийм зүйл хийлээ.
-Жишээлбэл?
-Ардын намын сонгуулийн штабаас “МАХН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо” гэсэн нэр авчихсан тоглоомын байгууллагыг хэдэн ч удаа ашигладаг юм бэ. 2013 онд өөрсдөдөө элсүүлээд авсан. Шадар сайд У.Хүрэлсүх тэр хүмүүст бүгдэд нь албан тушаал өгч, Тусгаар тогтнолын ордонд ороод суучихсан Г.Баярсайхан хурандаа, экс гишүүн Логийн Цог гэх мэт хүмүүс сонгууль эхлэв үү үгүй юу М.Энхболд дээр оччихсон хадаг бариад гүйж явсан. Сонгуулийн дундуур нөгөө хэд нь хэвлэлийн хурал хийчихсэн МАХН-ыг дэмжих үгүйгээ шийднэ ч гэж байх шиг. Дэмжихгүй, өөр намын харъяалал бүхий урвагчид гэдэг нь тодорчихоод байхад шүү дээ. Өчигдөр бас л хэвлэлийн хурал хийчихсэн МАХН-ын ахмадууд гэх нэр өмнөө тавьчихсан сууж байх юм. Энэ чинь нөгөө шүүмжлээд байгаа “Женко” Баттулгын арга барилаас ямар ялгаатай юм бэ? Өөрөөр хэлбэл, урвагчдыг ашигладаг, урвагчидтай нийлж байгаа маягтай. Үүнээс харахад М.Энхболдын эргэн тойронд дан урвагчид цуглахгүй яах юм бэ. Бичлэг нь дамжаад явахгүй яах юм бэ. Ямар хүнээр хүрээлүүлж байна гэдгээ бодох ёстой. Энэ аль ч намын хувьд бодууштай зүйл. Ийм муухай зүйлийг сонгуулийн дэвшил гэж хэлэх аргагүй. Монголчууд өөрсдийн баримтлах ёстой хамгийн том зарчмаас ухарсан, буцсан. Монголын уламжлалт ухаанаар авч үзвэл энэ хүмүүс төр барих ямар ч чадваргүй. Урвагчдыг худалдаж авдаг, хөөж зайлуулах байтугай мөнгө төлөөд толгойг нь илдэг. Урвагчаар найз нөхрөө хийдэг, урвагчийг ашигладаг бол монгол төр мөхөхийн цондон. Өөдлөхийн билэгдэл яавч биш.
-Том намууд мөнгө их цацлаа. Мөнгөний нөлөө их орсныг олон нийт ярьж, бичиж байна?
-Хоёр нам ямар их мөнгөтэй юм бэ гэдгийг хангалттай харж авлаа, монголчууд. Жишээ нь, АН-ынхан Ардын намын асар их мөнгө тарааж байгааг гайхаад байгаа. Гэтэл өөрсдийнх нь тарааж байгаа бага мөнгө нэг аймагт гэхэд тэрбум төгрөг шүү дээ, Говь-Алтай аймагт л гэхэд бараг тэрбум төгрөг илэрсэн. Наргиа болгож, тоглоом шоглоомоор хэлэхэд, Ардын намын гишүүд ч тэр, Ардчилсан намынхан ч тэр бүгд хоёр дахь шатны санал хураалтад цагаан хуудас-цагаан санал өгчих. Тэгээд хэдүүлээ дахин сонгууль явуулъя. Адаглаад та бүхнийг ядуу зүдүү гэж үзэж, мөнгөөр худалдаж авна гэж бодож байгаа танай намын дарга нарын мөнгө дуусахгүй юм байна. Ирэх намар сонгууль хийхэд дахиад л та нарт мөнгө гаргана. Дахиад 400-500 мянган төгрөг цалинд өгнө, дахиад сонгогчдын саналыг худалдаж аваарай гээд зуу, зуун мянгаар тооцоод мөнгө өгнө. Түүнийг нь аваад шинэ жилээрээ баярлахгүй юу. Би хоёр намын гишүүдэд ингэж л хэлнэ. Өнөөдөр төсвийн 7-8 тэрбумын хөрөнгө мөнгө сонин биш. Энэ хүмүүс гарчихаад түүнээс 100 дахин их мөнгийг хулгайлах, түүнээсээ хэд дахин илүү идсэн мөнгөө нуун дарагдуулах, өөрсдийгөө өршөөх ийм л юм ярьж байна. Түүнийхээ төлөө юу ч хийхээс буцахгүй байна. Тиймээс энэ хүмүүст нэг удаа хүний, өөрийнгүй хариуцлага тооцъё. Ардын намынхан ч өөрийнхөө нэр дэвшигчтэй хариуцлага тооц. Ардчилсан намынхан ч өөрийнхөө хүнд хариуцлага тооц. Ингэж байж ирэх намар дахин сонголтоо хий. Энэ хоёроос арай дээр хүн гарч ирэх байлгүй дээ. Алдаагаа ухаарч муугаа засаад саяынх шиг муу муухай аргаар биш арай цэвэрхэн байдлаар өрсөлдөг л дээ. Алдаандаа дүгнэлт хийг л дээ. Ийм хугацаа, боломжийг бас тэдэнд олгох ёстой шүү дээ. Өнөөдөр зарим нь ичиж байгаа шүү дээ. Арай ч дээ, манай намынхан гэж байна. Яагаад гэвэл ард түмэн дүн тавьчихлаа шүү дээ. Тэр бол нэр дэвшигчид нь тавьж байгаа дүн биш, намд нь, намынх нь гишүүдэд, намынх нь аппаратад тавьж байгаа дүн. Би бүх нам Монгол Улсын төлөө байдаг гэж итгэж байна, ерөнхийдөө. Бүгд л тэгж тэмүүлж зүтгэж байгаа юм чинь муу муухай юм хийсэн хүн, нам, намынх нь аппаратад нэг удаа алганы амт үзүүлье.
-Яаж алганы амт үзүүлэх вэ?
-Гаргасан мөнгөнийх нь тоогоор торго. 20, 30, 60 тэрбумыг гаргасан бол тэр хэмжээгээр нь алгадчих. Цагаан хуудсаар алгадчих. Дахиад ингэж хүн доромжлоод үзээрэй, дахин хууль зөрчөөд үзээрэй гээд алгадчихъя. Дахиад тэд 10, арваннэгдүгээр сард биднийг гуйгаад хүрээд ирнэ. Тэр үед өөдөөс нь хараад сууж байя.
-Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ нэгэн цул, нэг тийш харж ажиллах ёстой. Иймээс УИХ-ын 65-ын бүлэг, Засгийн газар дээр нэмээд Ерөнхийлөгчийг ч энэ намд өгч, бүдүүн бүлэг болгох ёстой гэсэн ухуулга их явж байна. Ийм байж таарах уу. Төрийн хяналт юу болох бол?
-Ардын нам, Ардчилсан нам хоёрын 2013 онд хүмүүст шидэж байсан мессэжийг хараарай. Өнөөдрийнхөөсөө 360 градус эсрэг юм ярьж байсан. АН тэр үед эрх мэдлийг нэг дор өгчихвөл бид гоё юм хийх гээд байна гэсэн. Тэгээд Ц.Элбэгдоржийг дэвшүүлсэн. Ардын нам нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг гурвууланг нь нэг намд өгчихвөл аюултай. Улс орон сүйрнэ. Тиймээс хяналт тогтооё гэж ярьж байсан. Өнөөдөр яагаад хэлж ярьж байсныхаа эсрэг байгаа юм бэ. Энэ хоёр намд тогтсон үзэл баримтлал байхгүй байна шүү дээ. Зөвхөн өөрсдөдөө ашигтай зүйлийг тэр өдөртөө ярьж байна. Ийм хүмүүс улс орныг удирдахгүй. Дөрвөн жилийн цаадахыг харж чадахгүй байгаа хүмүүс 40 жилийн цаадахыг харахгүй. Гэтэл хоёр хөрш маань ямар байгаа билээ. Дөрөв байтугай 40, тэр бүү хэл 400 жилээр геополитикийн бодлогоо тодорхойлоод явж байна. Зөвхөн ялахын төлөө өөрсдийгөө өчүүхэн гэдгийг харуулж, өчигдөр хэлснээсээ өнөөдөр буцаж, өнөөдөр хэлснээсээ маргааш буцахад бэлэн байгаа энэ хүмүүс улс төр хийхгүй, улс орныг удирдахгүй. Тэгэхээр энэ хоёр /МАН, АН/-ын аль нь ч биш гэдгийн шалтгаан ч энэ юм. Дөрөвхөн жилийн дотор эргэж буцаж байгаа нь энэ хоёр хоёулаа чадахгүй байгаагийн шинж. Иймээс өмнө нь бид “Өөр гарц байна” гэж хэлж байсан. Өнөөдөр үндсэндээ манай С.Ганбаатарын саналыг луйвардаад алга болгочихсон учраас “Өөр гарц” байхгүй болчихлоо. Одоо “Цагаан хувьсгал-Цагаан хуудас”-наас өөр гарц алга.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна