Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт нэр холбогдсон нь томоохон дуулиан тарьлаа. Д.Гантулгад хүчиндүүлсэн гэх 25 настай иргэн Н-ын төрсөн эгч Ч.Саранзаяагийн ярьсанчлан Д.Гантулга хэрэг үйлдэгдсэн өглөө нь Ч.Саранзаяатай “Гурван гал” эмнэлэг дээр очиж уулзан, хэргийг нийгэмд задлахгүйн тулд 20 сая төгрөг өгч тохиролцсон гэх.
Үүнийг нь батлах бичлэг хүртэл цацагдсан. Тэгвэл Д.Гантулгын өөрийнх нь хэвлэлд өгсөн мэдээллээс харахад 6 сарын 11-ний орой Энканто комплексийн саунд тэрбээр хэсэг сэтгүүлчдийн хамтаар сууж байгаад орой нь хохирогчийн гэрт найз Ц-ийн хамт очиж хоноод, өглөө гарсан нь бас л үнэн юм байна.
Харин Ч.Саранзаяагийн ярьж байгаа шиг Д.Гантулга энэ үеэр хүчин үйлдээгүй бөгөөд түүний төрсөн дүү Н цагдаад худал мэдүүлэг өгч “Д.Гантулга гэгч нь намайг хүчиндчихлээ” хэмээн гүтгэсэн бололтой юм.
Эндээс нэг асуулт урган гарч ирж байгаа нь үнэхээр хүчин хийгээгүй юм бол юуны учир Д.Гантулга яаран сандран “Гурван гал” эмнэлэг дээр давхиж очин 20 сая төгрөг өгч тохиролцохыг оролдов гэдэг асуулт. Мөн тэрбээр “Иргэн Ц-ийн гэрээс өглөө гарахдаа бандаажаа үлдээгээд явсан нь үнэн юм уу” гэх сэтгүүлчийн асуултад “Би бандаажаа өмсөөд гарсан” гэх хачин хариултыг өгөв.
Тэгвэл МАН дахь эх сурвалжаас авсан мэдээллээр Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН дотор халаа сэлгээ, хариуцлагын дайн өрнөх бололтой. Энэ үеэр 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон Ц.Сандуй, А.Ганбаатар нарт хариуцлага тооцож намаасаа шахан зайлуулах, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийг огцруулж, Д.Гантулгыг гишүүнээс нь эргүүлэн татуулах зэрэг асуудлуудыг УИХ-ын бүлэг, Удирдах зөвлөлийн түвшиндөө авч хэлэлцэх гэнэ.
Хэрвээ эрх баригч нам эдгээр нэр дурдагдсан хүмүүстэйгээ хатуухан хариуцлага тооцож чадвал ард түмнээсээ гарцаагүй “очков” авна. Олон нийт ч МАН-ын энэ мэт алхамыг тэсэн ядан хүлээж байгаа болох нь цахимд бичигдэж буй иргэдийн сэтгэгдэл, постуудаас тодорхой харагдана.
Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татвал Хэнтийн тойрогт дахин сонгууль явуулах нөхцөл шинээр үүснэ. Тэгвэл Шадар сайд У.Хүрэлсүх Хэнтийн тойрогт Д.Гантулгын оронд нэр дэвшиж өрсөлдөх тохироо хийгдсэн байж магадгүй талаар улстөрийн хүрээнд яригдаж байна. Үнэн, худлыг цаг хугацаа харуулах биз.
Ямартай ч “үлдсэн бүх насаа төрд зориулна” хэмээн ам гарч асан Д.Гантулга энэ удаа өөрийн болчимгүй үйлдэл, бодлогогүй алхамаасаа болж нэрээ татуулах нь тодорхой болж байх шиг байна.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна