Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат цаг үеийн асуудлаар хэвлэлийнхэнд хандлаа. Тэрбээр “Өчигдөр АН-ын даргын ахлах зөвлөх, иргэн Зандаахүүгийн Энхболд Тавантолгойн нүүрсний худалдааны талаар ТВ-9 телевизээр ярилцлага өгч, олон нийтийн сүлжээгээр түгээж байна. Үүнтэй холбоотойгоор тодорхой мэдэгдэл, тайлбар няцаалт өгөхөөр хэвлэлийхэнд хандлаа. Мөн хүүхдийн мөнгөний олголт ямар байгаа талаарх мэдээллийг хүргэе. Монгол Улсад өнөөдөр хамгийн их экспортод гарч байгаа гол бүтээгдэхүүн бол нүүрс. Тавантолгой ашигтай ажиллаж “Чалко”-д төлөх ёстой байсан 170 сая ам.долларын өрийг зургаан сарын дотор нэг тонн нүүрсийг 71 ам.доллараар борлуулж өрийг дуусгавар болгосон. Нүүрсний үнэтэй холбоотой асуудлаар АН-ын дарга С.Эрдэнийн ахлах зөвлөх З.Энхболд мэдээлэл хийсэн.
Тэрбээр Засгийн газрын 2017 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн ХЭГ-ын 349 дугаартай албан тоот бүхий гарын үсэгтэй бичиг очсон гэж ярьсан. Тэгвэл З.Энхболд нь хуурамч албан бланк үйлдэж, гарын үсгийг нь хуурамчаар үйлдсэн байна. Мөн хуурамч гэрээг гаргаж ирсэн. З.Энхболдын ярьж байгаа гэрээгээр 2017 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр бол бямба гариг байсан. Бямба гаригт төрийн байгууллага ажилладаггүй. Хоёрдугаарт, урд өдөр нь буюу баасан гаригт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 708 тоот дугаартай жинхэнэ албан бичиг нь явсан. Тэгэхээр УИХ-ын дарга асан, АН-ын даргаар ажиллаж байсан хүн хуурамчаар үйлдсэн албан баримт барьж ард түмний өмнө мэдэгдэл хийлээ. Цаашлаад “Тавантолгой” ХК Хятадтай хийсэн гэрээ гэж ярьж байгаа. Энэ гэрээ мөн хуурамч байгаа. Та бүхний харж байгаа дэлгэц дээр“Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрс худалдаалж байгаа үндсэн маягт, стандарт ямар байгаа болон өчигдөр З.Энхболдын гэрээний стандарт ямар байгааг харж болохоор байна. Хуурамч гэрээний номер нь 3 гээд ард нь 1068 гэсэн байгаа. “Эрдэнэс Тавантолгой” нүүрс худалдаалах 1068 компанитай гэрээ хийгээгүй. Сонгууль болж байгаатай холбоотойгоор ийм байдлаар хуурамч зүйлийг зохион байгуулалттайгаар хийж байна. Энэ хүн бол УИХ-ын даргаар ажиллаж байсан хүн шүү. Мөн та бүхэнд тараасан хуурамч бланк дээр 2016 оны аравдугаар сарын 12-ны өдрийн 878 тоот Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна гэж бичсэн. Ерөнхий сайдын захирамж 2012 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хамгийн сүүлийн захирамж гарсан. Үүний дугаар нь 138 тоот юм. Ерөнхий сайд жилд 878 захирамж гаргадаггүй. Энэ бүхэн хуурамч албан тоот, захирамж, гэрээг сонгуулийн ажилд ашиглаж ард иргэдийн тархийг угааж байна. Энэ нь Эрүүгийн хуулийн 23.2-т заасан эрүүгийн шийтгэлтэй хэргийг иргэн З.Энхболд зохион байгуулалттайгаар хийлээ. Энэ хүн энэ албан баримтыг үйлдээгүй байж болно. Тэгвэл З.Энхболд үүнийг олж авснаараа хэн энэ хуурамч албан тоот, гэрээг хийсэн бэ гэдгийг мэдэж байгаа. Тиймээс АН-ын даргын ахлах зөвлөх, иргэн З.Энхболдыг миний бие ЦЕГ-т өргөдөл гаргаж, хууль шүүхийн байгууллагад шалгуулахаар хандаж байна.
Хүүхдийн мөнгийг маргаашийн 13.00 цаг гэхэд олгоод дуусна
Мөн тэрбээр Засгийн газраас бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох шийдвэр гарсантай холбоотойгоор мөнгө олголтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэсэн. Одоогоор ХНХЯ, Сангийн яамны зүгээс Монголбанк руу нийт 48.4 тэрбум төгрөг шилжүүлээд байгаа аж. Энэ дагуу өчигдрөөс данс руу мөнгө орж эхэлснийг онцоллоо. Энэ оны 1-7 дугаар сарын хүүхдийн мөнгийг 403 мянга 445 хүүхдэд нөхөн олгож байгаа аж. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат "Маш олон данс руу мөнгө шилжиж байгаа учраас гүйлгээний хувьд бага зэргийн асуудал гарч байгаа. Өнөө оройны 17.00 цаг гэхэд нийт 403 мянга 445 хүүхдийн мөнгө шилжиж ороод дуусна. Үүнээс гадна хүүхдийн мөнгө авч байгаа хүүхдүүдийн долдугаар сарын мөнгийг өнөөдрөөс эхлэн олгож байна. Энэ нь 18.7 тэрбум төгрөг болсон. Тиймээс маргааш өдрийн 12:00-13:00 цагт бүх хүүхдүүдийн мөнгө дансандаа бүрэн орж дуусна" гэв. Мөн шинээр төрсөн хүүхдүүдийн хувьд данс нь нээгдээгүй учраас маргаашийн дотор дурын банкинд очиж өргөдөл бөглөөд, дансаа нээлгэж хүүхдийн мөнгөө авах боломжтой талаар мэдээллээ.
З.Билэг
Сэтгэгдэл бичигдээгүй байна