Х.Баттулга Үндсэн хуулийн эх дээр гараа тавьж, "Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Үндсэн хуулийг дээдлэн сахиж Ерөнхийлөгчийн үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая" хэмээн тангараг өргөлөө.
Харин халаагаа өгч буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн тамгыг тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгад шилжүүлэн өгсөн юм.
Үүний дараа иргэдийн төлөөлөл "үмэн олондоо хүндлэгдсэн, төр улсаа мандуулсан, ард түмнийхээ итгэл сэтгэлийг даасан, улс орноо дэлхийн хөгжилтэй орны жишигт хүргэсэн тийм сайн Ерөнхийлөгч болоорой миний хүү" хэмээсэн бол Ерөнхийлөгч Х.Баттулгын ээж сүү өргөн хүүдээ баяр хүргэлээ.
Ингээд тангараг өргөж Ерөнхийлөгчи йн бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрхтэй болсон Х.Баттулга ард түмэндээ хандаж хэлсэн үгийг хүргэж байна.
"Элэг нэгт ахан дүүсээ, УИХ-ын эрхэм гишүүд, хүндэт зочид хатагтай ноёдоо.
Миний бие иргэдийн итгэлийг хүлээж Ерөнхийлөгчийн тангаргаа өргөлөө. Би Ерөнхийлөгчийн албыг чин шударгаар зүтгэх дуудлага хэмээн хүлээн авч байна. Итгэл өгч, мөрийн хөтөлбөрийг маань дэмжсэн нийт иргэддээ халуун баяр, талархал илэрхийлье. Өнөөдөр Монголын ард түмэнд олон төрлийн хүлээлт байна. Олон түмний хүлээлт хийх ажлыг минь замын зураг болж, түүнийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх нь надад оногдсон үүрэг. Шийдлээ хүлээсэн олон сорилтууд эх оронч сэтгэлгээ, хамтын ажиллагаа, хөдөлмөр зүтгэлийг шаардаж байна.
Та бүхнийхээ өндөр итгэлийг шаргуу зүтгэлээр хариулан ажиллахаа тангараглаж байна.
УИХ-ын эрхэм гишүүдээ, нэн тэргүүнд би иргэдийг ядуурлаас гаргах, ажилгүйдлээс аврахын төлөө та бүхэнтэй хамтран ажиллах болно. Өнөөдөр ядуурал, ажилгүйдэл ноцтой хэмжээнд хүрч, Үндэсний аюулгүй байдлыг хэмжээнд хүрээд байна. Хамтын хүч ямагт амжилт авчирдаг билээ.
Монголчууд аа, ахан дүүсээ. Би иргэдээ сонсдог, иргэдтэйгээ хамтран ихийг бүтээдэг Ерөнхийлөгч байна. Монгол Улс богино хугацаанд эдийн засгийн бодит өсөлтийг бий болгосон, дэлхийд нэртэй үндэсний үйлдвэрлэлтэй улс болно. Миний бие хууль ёсыг уландаа гишгэсэн хуйвалдаанч түшмэлийн бодлогыг дэмжихгүй. Төрийн албыг наймаалдаг аливаа төрлийн гэмт үйлдэлтэй шийдвэртэй тэмцэнэ. Иргэдээ ядууруулж цөөн хүний халаас зузаардаг бурангуй ёсыг таягдан хаяна.Хүний эрхийг хөсөрдүүлдэг, иргэдээ ялгаварладаг харгис жишгийг халах болно.
Би эв нэгдлийг эрхэмжлэж, Үндэсний эрх ашгаа дээдэлсэн Ерөнхийлөгч байна.
Би эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн Ерөнхийлөгч байна.
Би экологийн тэнцвэрт байдлыг хангаж, газар нутгаа хамгаалсан Ерөнхийлөгч байна.
Би их спортын шинэ эрнийг эхлүүлсэн, эрх тэгш гадаад харилцааг эрхэмлэгч Ерөнхийлөгч байна.
Мөнхийн хоёр хөрш БНХАУ, ОХУ-тай найрамдалт харилцаагаа бүх талбарт тэлж, гуравдагч хөршийн бодлогод онцгой анхаарна. Монголын маргаашийг, эх орныхоо хөгжлийн замыг алс харж чаддаг, түүний төлөө сайн үйлсийг дэлгэрүүлдэг, хамтарч чаддаг Ерөнхийлөгч байна.
Мөнх тэнгэр биднийг ивээг. Сайн бүхэн дэвжин дэлгэрэх болтугай. Дээдсийн маань хийморь сүлд биднийг уриалан дуудаг. Монгол Улс хөгжин бадартугай" гэлээ.
С.Отгон
Сэтгэгдэл бичигдээгүй байна