Х.Баттулга сэтгэлийн хэт хөөрөлтэй популистуудаар ЕТГ болоод зөвлөхүүдээ дүүргэвэл гал дээр тос нэмнэ

2017/07/14
Тав дахь Ерөнхийлөгч аврах уу? аль эсвэл...
 
Ямар ч байсан нэгэн содон Ерөнхийлөгчийг олон түмэн сонгож чадлаа. Ер нь дэлхийн чиг хандлагыг ажиглахад ХХI зууны эхний 2О жилд популистуудыг төрийн удирдлагад илүү гаргаж байна. Халтмаагийн Баттулга бол популизмын нэгэн сод фигур. Гэхдээ бусад популистуудаасаа нэлээд бодилог шинж ажиглагддаг. Популизм сайн, муу хоёр талтай. Сайн тал нь маш хурц шийдэл гаргаж чадах эр зоригийн илэрхийлэл болдог бол сөрөг тал нь олон түмэнд таалагдах гэсэн увайгүй ичгүүргүй ямар ч үйлдлийг хийж чаддаг "жүжигчин" юм. Халмаагийн Баттулга хэр ухаалаг популист юм мэдэхгүй. "Төрийн ажлыг чимээгүй хийх ёстой" гэж Ж.Самбуу гуай хэлсэн байдаг.Тэр үе өнгөрсөн бололтой. Ямар ч байсан сонирхолтой, бас шинэ содон, өвөрмөц зүйлийг хүлээж болох 5 дахь Ерөнхийлөгчөөс их зүйлийг хүлээж байгаа. Тэр болгонд уураглуулан Ерөнхийлөгчийн эрхээ хэтрүүлж болохгүй байх. Ерөнхийлөгчийн засаглалтай улс биш гэдгээ эрхбиш мэдэх газар. Өнөөдрийн ялалт бол маргаашийн ялалт бас биш.Өнөө цагт хэт үндэсэрхэг үзэл хол явахгүй, харин ч олон улсын харилцаанд Монголыгоо алдана уу? гэхээс аврахгүй. Үндэсний үзлийг үндэсэрхэг үзэлтэй хольж хутгаж болохгүй. Энд төрийн маш нарийн ухаан хэрэгтэй. Гадаад харилцаанд алдаа гаргавал энэ жижиг Монгол орноо сүйрүүлнэ. Энд хөөргөн дэмийрэл гай болно. Манайханы цусанд буцалж байдаг, уран бүтээлч миний ч хувьд бас л лугшиж байдаг тийм нэг нанхиадын эсрэг үзлийг хэт дэвэргэвэл ард түмнээ хорлон сүйтгэнэ, эх орноо сүйрүүлнэ. Хоёр их хөрштэйгээ алагггүй харилцах ёстой. Муйхар зориг дайнд хэрэгтэй болохоос,төрийн ухаанд хэрэггүй. Ер нь жижиг Монгол гадаад бодлогоор нэг их гайхуулаад шинэ шинэ юм манаргаад байх нь инээдэм шог болно уу? гэхээс нэг их мундаг нэр төр авчрахгүй дээ. Дэлхийн бодлогыг тодорхойлдог 2О-хон орны хэрчлээсэнд ороод л дуусна. Бидний "хөнжил" бага, харин хөл том шүү. Монголын Ерөнхийлөгч Х.Батулга НҮБ-ын индэр дээр гарна.. Дэлхий харна. Монголоо төлөөлнө. Том том юм бүлтрэх юм бол түмэн үеийн шившиг болно. Сайн ухаалаг, даацтай, туршлагатай зөвлөхүүд энэ хүнд түшиг тулгуур болно. Сэтгэлийн хэт хөөрөлтэй популистуудаар Ерөнхийлөгчийн Тамгын газар болоод зөвлөхүүдээ дүүргэвэл гал дээр тос нэмнэ, төрийн жинг багасгана. Юм болгон дээр эх орон гэж хашгираад байвал ёстой хөгөө чирнэ шүү. Тэртээ тэргүй монголчууд 1ОО хувь тэр чигээрээ эх оронч хүмүүс. Энд эргэлзэх зүйлгүй. Германы үгийн санд "эх орон" гэдэг үг байхгүй. "Эх орон" гэсэн дуу шүлэг ч байхгүй. Нацизмын хүрэн тахал ийм үг хэлэхийг германчуудад үгүй болгосон. Манайх бол тийм бишээ. Үндэсний үзэл бага оронд хамгаалалт, том оронд нацизм болдог. Эх оронч гэдгээр тодорсон Ерөнхийлөгч болох гэж 3 сая эх орончдын дундаас ялгарч, онцгойрох гээд хэрэггүй. "Жирэмслээгүй байж нярайлахын хоосон дүрийг үзүүлэх хэрэггүй" Энэ үг бол миний үг биш. Илья Эренбургийн үг. Юм болгонд ард түмэнд таашаагдах гэж бүү чармайгаарай, Баттулга минь. Заримдаа эцэг хүн шиг зандарч, чанга дуугарах ёстой. Ард түмэн гэж хамаа намбагүй ихэд ярих нь өөрийгөө хамгаалсан ядмаг заль мэх, арга чарга, бас тэгээд дүвчин зан. Улсаа эх орноо сүйрүүлж болох бүтэшгүй алхам хийснээс "Ерөнхийлөгчөө та ер нь байна уу?" гэж асуумаар чимээгүй байсан нь хавьгүй дээр. "Ерөнхийлөгч болоогүй байхад их амархан юм санагддаг байсан, болсон хойноо хэцүү юм байна" гэж нөгөө нэлээн дур зоргоороо Трамп ам алдсан байна лээ. 
Өнөөдөр тангарагаа өргөх Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгчийн алхам бүр, үг бүрийг шинжих болноо. Монгол орноо уулын уруу алдаж болох тун эгзэгтэй үеэр гарч ирсэн 5 дахь Ерөнхийлөгчөөс урд өмнөх Ерөнхийлөгчдөөс ч хамаагүй илүү зүйлийг хүсэж байгаа. Халтмаагийн Баттулга хэмээх энэ эрхмийн Төрийн сэнтийд залрах эхний хонх цохилоо. Бүтээх, босгох,хийх асар их эрч хүчтэйг тань монголчууд таньсан учраас дэмжсэн шүү. Түүнийгээ гялалзтал харуулах, басхүү түүхэнд ч мөнхөрч болох боломж таны гарт байна. Өмнөх төрийн тэргүүнүүдийн бүхэл бүтэн "школь" бий. Хаяхыг хаяж, авахыг авах хэрэгтэй. Битгий их жүжиглээрэй дээ,спортын хүнд зохихгүй ээ. Заавал том эдийн засагч улс орныг авардаггүй ээ. Орос орныг цахилгаанжуулах төлөвлөгөөнд нэг ч эдийн засагчийг бүү оруулаарай гэж Ленин хэлж байсан гэж профессор Кулешов хэлж байсан нь сонирхолтой байсан. Үнэн худлыг мэдэхгүй. Эдийн засагчдийг үнэлэхгүй байгаа хэр бишээ. Бас цаг алдаж, хэт хаширлан, алдагдлын тоо бодоод, эрсдэл болгоныг тооцоолоод суугаад зориглодоггүй эдийн засагчаас огт өөр стандартын удирдагч гавьяа байгуулж байсан олон жишээ бий. Агуу их жүжигчин Рейган, химич Тетчер улс орноо удирдсан шиг удирдаж, өөрийн нэрээ мөнхөлсөн. Нийгмийн хэт халамжид халуурсан эдийн засаг нь унаж доройтоод балрах шахсан агуу Англи орныг хатуу гараар Тетчер барьж, "төмөр хатагтай" гэсэн нэр авсан ч өнөөдөр англичуудын бахархал болж үлджээ.
Үнэхээр МОНГОЛ ЯЛАХ эсэхийг харцгаая. Шинэ 5 дахь Ерөнхийлөгчийнхөө зөв зүйтэй санаачилга, зүтгэл, амжилт бүрийг дэмжие. "Эх оронч" гэсэн пиараар хошгируулсан энэ нэрэндээ их болгоомжтой хандаарай даа. Сэтгүүлчийн хувьд дөрөө чангалах үгээ Таны тангараг өргөх энэ өдөр үлдээвэй. "МОНГОЛ ЯЛНАА" ГЭСЭН ӨӨДРӨГ ҮГЭЭР ӨНДӨРЛӨЕ.
 
До.Цэнджав


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна