С.Ганбаатар: Цалинг ТАВАН САЯ болгож, залуучуудад ОРОН СУУЦ ҮНЭГҮЙ олгоно

2018/02/13
Монгол Ардын хувьсгалт намын дэд дарга, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатараас тодруулга авлаа.

-МАХН-ын хоёрдугаар их чуулган болж нам дотроо олон шинэчлэл хийлээ. Тухайлбал нарийн бичгийн даргаа шинээр томилсон гээд нэлээд өөрчлөлт оржээ...?

Б.Тулга гээд эрдэм боловсролтой, тууштай, чадварлаг, улс төрийн өндөр мэдрэмжтэй залууг Монгол Ардын Хувьсгалт намын ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон. Энэ залуу МАХН-ын өдөр тутмын үйл ажиллагааг удирдаад явчих бүрэн чадвартай.

-Танай намын II чуулганд бусад улс төрийн намууд илгээлт ирүүлж, Монгол улсын төлөө хамтдаа зүтгэе гэсэн.

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АН-ын дарга С.Эрдэнэ гишүүн, МҮАН-ын дарга Б.Цогтбаатар, Иргэний зориг Ногоон намын дарга Ганхүлэг, Ногоон намын дарга Д.Бум-Ялагч нарын идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бусад улс төрийн хүчнүүд манай намын чуулганд илгээлт ирүүлсэн нь МАХН-ыг хүчтэй, лидертэй нам гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Тэд улс төрийн том соёл үзүүлсэн. Бид ингэж нэгдэж байж хөгжих ёстой. Нэг нэгнийхээ бурууг ил хэлж, алдааг нь засдаг байх ёстой.

-Төрийн мэдэлд байгаа уул уурхайн баялгаа ард түмний өмч болгож, одоо эзэн суусан хэдхэн хүнээс салгаж явах ёстой гэсэн байр суурьтай байгаа юм байна. Гол яаж үүнийг ард түмний дундын өмч болгох юм бэ. Одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж буй Үндсэн хуулиар төрийн эрх барих дээд байгууллага нь ард түмнээс сонгогдсон УИХ байна гээд заачихсан шүү дээ?

Энэ Үндсэн хууль цаг үетэйгээ тохирохгүй байна. Энэ хуулийн заалт бүрийн цаана хэн нэг эрх мэдэлтний булхай луйвар, арга саам явж байна. Тийм учраас МАХН-аас боловсруулсан Шинэ Дээд Үндсэн хуулийн төслийг бүх ард түмнээр хэлэлцүүлээд дэмжиж гарын үсэг зуруулаад батлуулах ёстой. Үндсэн хуулийг ард түмэн нь хүлээн зөвшөөрч байвал УИХ нь ёсчилж, дэмжих нь үүрэг шүү дээ. Уул уурхайн баялгаа хулгайгүй болгоё. Ингэснээрээ дээд боловсролоо үнэгүй болгоё, орон сууцаа үнэгүй олгох бүрэн боломжтой. Цалинг таван сая болгоно. Монголчууд Норвегиос илүү баялагтай. Гэтэл тэр улс иргэдээ үнэгүй орон сууцаар хангаж, залуучуудаа дэмжиж байна. Монголд бол Оюутолгой, Тавантолгойн баялгаа гадныханд үнэгүй өгч, иргэдээ ядуу зөдүү, ажилгүй болгож байгааг харахаар СЭТГЭХҮЙН ГАЖИГТАЙ хүн шиг харагдаад байна. Ийм байдлыг бид таслан зогсооно.

-Шинэ дээд үндсэн хуулиа хэрхэн батлуулах вэ. УИХ-д Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсэг гарч, ард нийтийн санал асуулга явуулсан шүү дээ?

Парламентад нэг, 10, 65 суудалтай байх нь огт хамаагүй. Шинэ Дээд Үндсэн хуулийг гурван сая ард түмнээс сонгуульд санал өгөх эрхтэй хоёр сая орчим хүн байгаа. Хоёр сая хүн дэмжээд гарын үсэг зурчихсан Үндсэн хуулийг парламент уг дуугүй дагах ёстой. Зүгээр л ёсчилж, батлах үүрэгтэй. Бид ард түмнээс зөвшөөрөл авна. Бүх нийтээр хэлэлцүүлнэ

-АН-ынхан жагсаал цуглаан хийж байхад МАХН-ынхан дэмжиж оролцсон. Энэ үеэр УИХ-ыг тараана гэж байсан.

Ажлаа хийж чадахгүй байгаа УИХ-г тараах ёстой. Хэн нэгэн хүн, улс төрийн хүчин тараана гэж ярихаас илүүтэй парламентын гишүүд өөрсдөө ёс зүйгээ ухамсарлаад огцрох хэрэгтэй. АН-ынхан бус ард түмэн бухимдсандаа жагссан гэж ойлгож байгаа.

-УИХ-ын намрын чуулган завсарлачихлаа. Засгийн газраа унагасан гээд яривал их түүх хөвөрнө. Та энэ парламентын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?

Энэ парламентын гишүүдийг хүндэтгэж байна. Би гишүүн шиг гишүүн байжээ л бодож байна.

-МАХН өнөөдөр парламентад суудалтай юу?

Суудалтай. 2016 оны сонгуулиар Орхон аймгийн ард түмэн МАХН-д санал өгч сонгосон болохоос зүгээр нэг бие даагчид санал өгөөгүй.

-О.Баасанхүү гишүүнийг эргүүлэн татна гэсэн үг үү?

Энэ асуудал МАХН-ын дээд байгууллага хуулийн шатанд ярьж байгаа.

-Эргүүлэн татах үндэслэл байгаа юм уу?

Байгаа...

-МАХН-ын их чуулганы хамгийн бодит үр дүн нь юу вэ?

-Хүмүүс янз бүрийн зүйл ярих байх. Манай нам хүчтэй лидертэй, хүчтэй дэмжлэгтэй. Энэ бол хамгийн чухал үр дүн гэж харж болно.

Эх сурвалж: Ulsturch.mn
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна