Туурга тусгаар Монгол эх орныхоо өв соёл, үнэт зүйлээ бахархан бахдаж, цэнгэн наадаж буй эрхэм хүндэт наадамчин Та бүхэндээ Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.
Нийслэлчүүд Та бүхэндээ Улаанбаатар хотноо сүүлийн өдрүүдэд болж буй үер усны хүндрэл бэрхшээлийг бодитоор тооцоолж, аюул эрсдэлгүй, энх сайхан наадан цэнгэхийг эрхэмлэн захихын ялдамд нөхцөл байдлыг хэвийн байдалд оруулахаар давхардсан тоогоор 15 мянга орчим ажилтан, алба хаагч өдөр шөнөгүй ажиллаж, үер усны аюулыг гэтэлгэсэн билээ.
Иймд эдгээр ажилтан, алба хаагчид хийгээд хүндрэл, бэрхшээлийг даван туулахад тусалж, дэмжсэн, чин сэтгэлийн хандив өгсөн, өгсөөр байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууддаа талархал илэрхийлье.
Дэлхийд мөртэй, түүхэнд нэртэй Монгол эх орныхоо үүх түүх, өв соёл, үнэт зүйлийг эрхэмлэн сахиж, монгол наадмынхаа ёс төрийг дээдэлж сайхан наадахыг хүсье.
Төрийн сүлдээ цэнгүүлсэн түмний наадам өнөд дэлгэрч, түмэн олноороо сайхан наадаарай.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна