Амиа алдсан өнгөт арьст залуугийн дүү ард иргэдийг тайвширхыг хүсчээ

2020 оны 06 сарын 02

Жорж Флойд хэмээх хар арьст залуу нь өнгөрөгч тавдугаар сарын 25-нд АНУ-ын Миннеполис хотод цаг бусаар амиа алдсан. Түүнийг саатуулсан цагдаа Дерек Чаувин хүзүүн дээр нь найман минут орчим өвдөглөн сууснаас амь насанд нь хүрсэн билээ. Жорж Флойд амьсгал хураахаас өмнө “Би амьсгалж чадахгүй байна” хэмээн олон дахин давтаж хэлсэн нь гэрчүүдийн гар утасны бичлэгт буусан байдаг. Ингэснээр Америкт эсэргүүцлийн хөдөлгөөн орон даяар өрнөж, эмх замбараагүй байдал газар аваад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор талийгчийн төрсөн дүү Терренс Флойд ахынх нь үхлээс үүдэлтэйгээр орон даяар дэгдсэн эмх замбараагүй байдлыг шүүмжлэв. Энэ талаар Regnum агентлаг дамжуулсан байна. 

Тэрбээр, "Хотоо битгий сүйтгэ, энэ бүхэн хэнд ч хэрэггүй. Флойдын гэр бүлийнхэн ийм зүйл хийхгүй байхад та нар яагаад ийм зүйл хийж байгаа юм? Түүний гэр бүл нь үүнийг даван туулахаар хичээж, шударга ёсыг өөр замаар хайх гэж байхад та нар яагаад нийгмээ сүйдлэж байгаа юм? Та нар энэ бүхнийг дуусгаад эргээд харахад, бүх зүйлийг та нар нураасан гэдгээ олж харна. Амьдралаа чи өөрөө л нураачихлаа гэсэн үг. Тиймээс одоо зүгээр л тайвшир. Шударга ёс тогтоно. Ах минь энх тайвныг эрхэмлэгч байсан, тэр амьд байсан бол ийм зүйлийг харахыг хүсэхгүй" хэмээжээ.

Дашрамд дурьдахад, мэргэжлийн боксын дэлхийн аварга асан Флойд Мейведер Жорж Флойдын оршуулгын зардлыг даахаар болжээ.

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.