Б.Наминчимэд: Охиноо олзлогдоод явахыг харсан ч хамгаалж чадаагүй хад мэрээд үлдсэн аавын түүх үнэхээр гашуун

Zuv.mn
2023/09/20

“Байтаг богдын нүргээн”, “Хөх илдний очис”, “Цагаан бороо” зэрэг олны унших дуртай номын зохиолч Б.Наминчимэдтэй "Номын баяр"-ын үеэр уулзаж, цөөн асуултад хариулт авлаа.

-Сайхан намаржиж байна уу, та. Сүүлийн үед баруун хязгаар нутгаар явж байгаа харагдсан. Явсан газрын сонин хачин юутай байна?

-Өнгөрөгч хавар Баянхонгороос Баян-Өлгий хүртэл 1000 гаруй км явж, хилийн цэргийн 90 жилийн ойд зориулсан баримтат кинонд гар бие оролцлоо. Хил хамгаалах үйлсийн талаар урьд нь  зөвхөн ардын арми, хилийн цэргийн тухай гардаг. Тэгвэл хилийн бүс нутагт ажиллаж, амьдарч байсан малчин ард  хил хамгаалах үйлсэд хэрхэн, яаж оролцсон талаарх баялаг баримтыг цуглуулж, баримтат кино болгосон. Ялангуяа баруун хил хязгаарт 40 гаруй жил тасралтгүй буун дуу гарсан байдаг. Байнгын дээрэм, тонуул болдог. Аргаа барахдаа нохойныхоо хошногыг хайрдаг. Улаадсан илүүгээр хайрахад хуцаж  чадахаа байдаг юм байна. Нохойн дуунаар хүртэл дээрэмчид хүрээд ирдэг байсан болохоор тэр. Тэгэж их дээрэмчдээс айдаг байсан мөртлөө газар нутгаа орхиж яваагүй байдаг. Хил хязгаараа ийм эрэлхэгээр хамгаалж үлдэж чадсан баруун хязгаар нутгийн ард түмний тэмцэл бол үнэхээр аугаа.

-Тухайн үед газар нутгаа найр тавиад өгч байсан талаар яриа бас байдаг?

-1960-аад онд  хилийн цаанаас байнгын Хятадын халдлага орж ирж байсан. Одоо зарим хүн буруу ойлголттой байдаг. Тухайн үед найр тавиад л газар нутгаа өгчихсөн мэтээр ойлгодог. Гэтэл  хил хамгаалах хүч яагаад ч хүрэлцдэггүй байж.  Хятадтай хилийн хэлэлцээр хийе гэхээр хийдэггүй. Манай хилчид хүн бүл цөөтэй. Нэг застав тав, аравхан цэрэгтэй  байсан ч хэдэн мянган км-ийг хамгаалдаг байсан. Ингээд 1960-аад онд хилийн хэлэлцээрээ хийж, үүний үр  дүнд манай улс хоёр хөрштэйгээ хилийн маргаангүй байгаа. Энэ бол маш том боломж. Тухайн үед маш хүнд нөхцөлд хилийн хэлэлцээр хийсэн шүү.

-Та “Цагаан бороо”-ны дараагийн цувралыг гаргах нь ээ дээ?

-Баруун хязгаараар яваад байгаа нь “Цагаан бороо”-ныхоо дараагийн дэвтрээ гаргахад л бэлдээд байгаа юм.

-Хязгаар нутгийн иргэд хил хамгаалах үйлсэд их гавъяа байгуулсан гэлээ. Та жишээ болгоод ярих боломжтой юу?

-Маш олон жишээ байна. Баян-Өлгий аймгийн Алтай суманд гэхэд тэр үеийн дайчдын үр хүүхэд үлдэж хоцорсон байдаг. Ховд аймгийн Булган сумын өндөр настан Маажаа гуай  яриад уйлж байна. Би “Ааваа” гэж дуудахыг мөнхөд хүсдэг гэж. Маажаа гуайн аав нь нэг өглөө хилийн  хамгаалалтад  яваад л эргэж ирээгүй байдаг.

Баянхонгор аймгийн Баян-Өндөр нутгийн уугуул иргэн ярьж байна. Өвөө аав нь Шарав гэдэг хүн байж. 1930-аад оны үед цаанаас дээрэмчид орж ирсэн байна. Тэр зургаан хүүхэдтэй.  Нэг охин нь найман настай. Охин хүүхдийг дээрэмчид аваад явчихдаг учраас ч тэгсэн юм уу. Үсийг нь хусчихсан байж. Яг тэр өдөр нь охины арван настай ах нь дүүдээ ээмэг зүүгээд өгчихөж. Гэтэл дээрэмчид охиныг эрэгтэй хүүхэд гэж андуураад хаяад явах гэж байтал нэг нь ээмгийг нь ажиглаад аваад явсан байдаг. Охин “Ааваа авраарай” гэж орилсоор дээрэмчдэд олзлогдоод явсан тэр агшны талаар үнэхээр өр өвдмөөр зүйлийг ярьж байсан. Аав нь таван хүүхдээ авч амжаад хадны цаана нуугдаж чадсан ч тэр охиноо хамгаалж чадаагүй. Дээрэмчдэд олзлогдож байсныг нь нүдээр харсан ч нөгөө таван хүүхдээ олзлуулахгүйн тулд хад мэрээд үлдсэн аавын талаар гээд  гашуун түүхүүд баруун хязгаарын ардын дунд их байна. Дүүдээ ээмэг зүүж өгсөн ах нь насан туршдаа харамсаж, гашуудсаар 1990-ээд оны дундуур өөд болсон гэдэг. Энэ мэт хил орчмын ард, тэр дундаа баруун хязгаар нутгийн уугуул иргэд нутгаа сахиж, халдан ирсэн дээрэмчидтэй хилчдийн хамт тэмцэж ирсэн нь үнэхээр бахархмаар. Бид тэр түүхэн үнэнийг үр хойчдоо ном зохиолоороо дамжуулан мэдүүлэх нь үүрэг юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна