НӨАТ бол хяналтын систем, иргэд 10 хувиа буцааж авсан ч болно​

Х.Батсайхан
2023/10/18

НӨАТ-т төлсөн мөнгөнийхөө 50 хувийг иргэдэд буцааж өгдөг болох асуудал ид яригдаж, анхаарал татаж байна. Үүнтэй холбоотойгоор НӨАТ-т төлсөн мөнгөний талыг нь иргэдэд буцааж өгөх нь боломжтой, боломжгүй гэх мэтгэлцээн ч өрнөж байгаа бололтой. Бид энэ удаа НӨАТ гэж юу болох, ямар зорилготой, буцаан олголтыг нэмэгдүүлснээр гарах үр дагаврын талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна. 

НӨАТ гэж юу вэ, ямар зорилготой вэ

НӨАТ-ыг анх Францын татварын алба татвар төлөгчдийг хэдий хэмжээний орлого олж байгааг шударга үнэнээр нь мэдэхийн тулд бий болгосон гэж үздэг. Худалдагч, үйлдвэрлэгч өөрийн борлуулж байгаа бараа, үйлчилгээний үнэ дээр нэмээд НӨАТ 10 хувийг суулгаж, тэрхүү 10 хувийг эцсийн худалдан авагч худалдан авсан барааны үнэ дээрээ нэмж төлдөг болсон нь НӨАТ юм. Худалдан авагч НӨАТ төлсөн 10 хувийн татварын баримтаа хадгалж байгаад дараа татварын байгууллагаас эргүүлэн авахдаа борлуулагчийн орлогыг илчилнэ. Товчхондоо бол НӨАТ гэгч үйлдвэрлэгч худалдагчдын орлого, зарлагыг мэдэх арга юм. Анх гарсан зарчмаараа бол худалдан авагч нэмж төлсөн НӨАТ-аа 100 хувь буцааж авдаг байсан ч яваандаа “тагнуул”- ын агуулгыг нь алдагдуулалгүйгээр буцаан олголтын хувь хэмжээг нь багасгаж иржээ. Одоогоор дэлхийн 166 улс НӨАТ авч байгаа бөгөөд Европын улсуудад дунджаар хамгийн их буюу 19.9 хувь, Өмнөд Америк, Африкийн орнуудад 14 орчим хувь байдаг. Манай улсын хувьд найман хувь (хоёр хувийг буцааж олгодог учир) байгаа нь дэлхийн дунджаас (15.5) бараг хоёр дахин бага гэсэн үг юм.

НӨАТ Монголын далд эдийн засгийг илчилсэн

Монгол Улсын хөгжилд НӨАТ-ын тухай хуулийн гүйцэтгэсэн үүрэг их бий. Зөвхөн орлого бүрдүүлэлт төдийгүй татварын талаарх иргэдийн ойлголтыг хэдэн жилээр урагшлуулж, тархины түгжээг мултлахад их үүрэг гүйцэтгэсэн гэхэд хэн ч маргахгүй биз. Иргэд сүүлийн үед татварын асуудлаар маргалдаж, мэтгэлцэх нь их болжээ.

Хууль, шүүхийн байгууллага дээр ч энэ төрлийн маргаан их гарч байгаа. Энэ нь татварын талаарх иргэдийн ойлголт мэдлэг нэмэгдсэний шинж, сайны тэмдэг. Өмнө нь “Манайх мөнгөгүй улс, төсөв угаасаа юунд ч хүрдэггүй” гэсэн бодолтой явж асан иргэн одоо эрүүл мэнд, нийгмийн даатгалаас жилд хэчнээн төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой, шимтгэлд өгдөг мөнгөө банкинд хадгалуулбал хэр их өгөөж хүртэхээ тооцоолдог болсон нь яах аргагүй НӨАТ-ын ач. Гэхдээ нэг л ач. НӨАТ-ын систем ажилласны хамгийн гол ашиг тус нь далд эдийн засгийг ил гаргаж, төсвийн орлогыг урьд хожид байгаагүйгээр өсгөсөн явдал юм. 2016 оноос хойш гарсан төсвийн өсөлтийн багагүй хэсэг нь НӨАТ төлөлт, түүнтэй холбоотойгоор ил гарсан хөрөнгөтэй холбоотой байсан. 


Улс орнууд далд эдийн засгаа илчлэх аянд мордож байна, манайх ч бас...

Олон улсын валютын сан, Дэлхийн банкнаас баялгийн тэгш бус хуваарилалт буюу орлого, амьдралын чанарын хэт ялгаатай байдал, төсвийн алдагдал, цар тахалтай холбоотой бэрхшээлийг бага дунд орлоготой улс орнуудад тулгарч буй үндсэн сорилт гэж үзээд даван туулах арга замыг тодорхойлсон зөвлөмж гаргажээ. Зөвлөмжид, далд эдийн засгийг илчлэх нь дээр дурдсан гурван бэрхшээлтэй нэгэн зэрэг тэмцэх чухал арга болж орсон байна. 

Дээрх хоёр байгууллагаас гаргасан судалгааны үр дүн, тайлан, түүнд үндэслэсэн зөвлөмж, бодлогын баримт бичгүүд нь гишүүн улс орнуудын хувьд цаашид баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний чигээ тодорхойлоход нь мэдээллийн чухал эх сурвалж болдог. Тэгэхээр, ирэх жилүүдэд улс орнууд далд эдийн засагтайгаа тэмцэхэд урьд өмнөхөөс илүү хүчин чармайлт гаргаж ажиллах нь тодорхой байна. 

Манай улсын хувьд, НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлж байгаа нь энэ зүгт хийх том алхам болно. Албан тушаалтан, эрх мэдэлтнүүдэд хэт ээлтэй төсөв, төрийн үйлчилгээний хүртээмжгүй байдал, эдийн засагт эзлэх төрийн хувь хэмжээ зэрэг нь татвар төлөх хүсэл эрмэлзлийг бууруулах, улмаар далд эдийн засгийг өсгөх шалтгаан болж байгаа. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх нь дээр дурдсан сул талуудыг бага ч атугай нааштай болгох юм. 

НӨАТ-ын хувь хэмжээг нэмэх нь төр иргэдээ хуурснаа залруулж, өгсөн амлалтаа биелүүлсэн хэрэг болно

Найдвартай орлогыг аз эзээс дээгүүрт тавьсан хэсэг иргэний гаргасан “НӨАТ-ын сугалааг зогсоож, буцаан олголтыг нэмэгдүүлэх” шаардлага өнгөрсөн оны дөрөвдүгээр сард /Төсвийн хэмнэлтийн хууль батлагдахын өмнө/ интернэт орчинд хүчээ авч, Засгийн газраас шийдвэр гаргуулж чадсан билээ. Засгийн газар сугалааг цуцлах шаардлагыг хүлээж авсан ч хамгийн гол шаардлага болох буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэхийг хангалгүй орхисон. Энэ шийдвэр иргэдийг нэлээд хашрааж, цаашид төр засгаас хоёр юм нэг зэрэг хүсэхдээ бодолтой хандахгүй бол горьгүй гэдэг сануулгыг өгсөн гэж болно. Нөгөө хэсэг бүлэг нь хүчтэй дуугарч байж ирэх оны нэгдүгээр сараас сэргээх шийдвэр гаргуулсан инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг явдал болоод өнгөрсөн. Сугалаа цуцалснаар хэсэг бүлэг иргэд санасандаа хүрч, Засгийн газар мөн тал алдалгүй өнгөрсөн ч "НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх" гол шаардлага нь биелэлгүй үлдээд байв. Тиймээс НӨАТ-ын буцаалтын хувь хэмжээг өсгөх нь угаас иргэдийн хүсэл зориг байсан бөгөөд энэ ажлыг хийхийн тулд иргэдээс асуух нь БНХАУ монголчуудаас тусгаар тогтнох эсэхийг асуусантай ижил юм. Гэхдээ баттай өөрсдийнх нь талд шийдэгдэх асуудлаар өргөдлийн платформын эхний үр дүн гаргаж, иргэдээ идэвхжүүлэх арга ч байсан байж болно, муу талаас нь хараад яах вэ.  

 НӨАТ-ын буцаан олголтыг нэмснээр татварын орлого буурна гэж айлтгүй.  Харин ч нэмэгдэнэ. Учир нь НӨАТ бол  төсвийн орлого бүрдүүлэхээс гадна “далд эдийн засаг”-тай тэмцэх хамгийн үр дүнтэй тэмцэх зэвсэг гэдгийг мартаж болохгүй. НӨАТ-т төлөгдсөн нэг төгрөг цаанаа байгаа 9 төгрөгийг илчилж байдаг.

Далд эдийн засгийг өсгөдөг олон хүчин зүйл бий. Авлига, татварын шударга бус тогтолцоо, хэт хатуу чанга хууль журам, төрийн байгууллагын хэтийдсэн эрх мэдэл гэх мэтээр ихэнх нь төртэй холбоотой байдаг. Эдийн засгаа далд хэлбэрт оруулах ажлаа төр өөрөө хийдэг гэсэн үг. Харин тэмцэх аргын тухайд, олон хүчин зүйл гэж ерөнхийлөн нэрлэсэн шалтгаан бүрийг нэгбүрчлэн арилгахыг эс тооцвол НӨАТ-ын төлөлтийг нэмэгдүүлэх л хамгийн боломжтой нь юм. 

НӨАТ-ын буцаалтыг нэмэх шалтгаан

Одоо манайд ашиглаж байгаа НӨАТ-ын систем үр дүнтэй ажиллаж байгаа ч сул тал бий. Тухайлбал, аж ахуйн нэгжийн орлогыг гаалийн мэдүүлэг, НӨАТ баримтад үндэслэж тооцдог болсон нь баримтгүй худалдсан орлого бүртгэлээс шууд гарах боломж бүрдүүлдэг Тодруулбал, гаалийн бүрдүүлэлтээ аргалаад, худалдан авагчдаа баримт өгөхгүй байхад л татвараас бултах боломж бүрдсэн. Эдүгээ зарим аж ахуйн нэгж худалдан авагчдаа НӨАТын баримт авах, нийт үнийн дүнгээс 5 хувь хөнгөлөх сонголтыг санал болгож буй. Худалдан авагч иргэн дотроо “НӨАТ-ын буцаалт үнийн дүнгийн 2 хувь шүү дээ” гэж бодож сонголтоо хийдэг тул энэ маягаар их хэмжээний хөрөнгө бүртгэлээс гадуур эргэлдэж байна. Буцаан олголтын нийт үнийн дүнгийн дор хаяж 5 хувьд хүргэж байж л энэ байдлаас гарах боломжтой.

Татвар төлөх нь эх оронч үзлээс гадна өөртөө хийж буй хөрөнгө оруулалт гэдэг утга агуулдаг болсон байна 

Эдийн засгийн хүндрэл нь биеэ үнэлэлт, хууль бус наймаа, татвараас бултах эрмэлзлийг нэмэгдүүлэх зэргээр далд эдийн засгийг нэмдэг. Улмаар аж ахуйн нэгжүүд татвар төлөгч байх сонирхол буурч, татан буугдаад албан бус секторт шилждэг байна. Манайд энэ үйл явц үргэлжилж байгаа. Дээр дурдсан ОУВС, Дэлхийн банкны зөвлөмжид албан бус сектор нь далд эдийн засагт ордог, татвар төлдөггүй гэдэг ч үнэн хэрэгтээ орлоготойгоо харьцуулахад маш их татвар төлдөг болохыг Перу, Угандагийн жишээн дээр өгүүлсэн байсан. 

Тодруулбал, хууль ёсоор тогтоосон хувь хэмжээнээс илүү их мөнгийг орон нутгийн эрх баригчид, хууль хяналтынханд төлдөг нь ил болж байжээ. Ийм явдал манайд ч бий. Хууль бусаар алт олборлогчид гэж гадуурхагддаг бичил уурхайчин нэгэн “Техник хэрэгслээ байсхийгээд хураалгаж, хэдэн сая төгрөг төлж байж буцааж авдаг, орлогын талаас илүү нь ийм маягаар гадагшилдаг” тухай ярьж байсан. 

Эцэст нь, татвар төлөхийг эх оронч үзэлтэй холбож, энхийн үед татвар төлөх нь дайны цагт эх орныхоо төлөө тулалдаж баатарлахтай ижил мэтээр сурталдах нь одоо зохихгүй болжээ. Татварынхаа үр шимийг үзэж байж л татвараа төлнө гэсэн бодолтой болж. 

Тиймгүй бол татварт өгөх хэдэн бор юм аа атгуулж байгаад төрийн үйлчилгээг бусдаас арай илүү авна гэдэг бодолтой болсон байна. Энэ нь төсвийг илүү үр дүнтэй зарцуулах, иргэндээ хүрч ажиллахыг эрх баригчдаас шаардаж байна. Ямар ч байсан одоогийнх шиг “Та татвар төлөх ёстой, таны төлсөн татварыг яахаа УИХ мэднэ, яасан ч дур” гээд, нүдэн дээр баяжаад яваад байж болохгүй нь. “Төлсөн татвараа би буцааж авах ёстой” гэдэг ойлголтыг иргэдэд суулгасан, буцаалтын хувь хэмжээ өссөнөөр цаашид бүр ч гүнзгий суулгах нь НӨАТ-ын хамгийн том гавьяа ч байж мэдэх юм.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.