Н. Тэгшбаяр: Атомын цахилгаан станц аймшигт утаанаас аварна

2023/10/19

Цөмийн энергийн газрын дарга асан, физикийн ухааны доктор Н.Тэгшбаяртай ярилцлаа.

-Ойрын өдрүүдэд олон нийтийн дунд ураны асуудал их яригдаж байна. Энэ нь манай улсын Ерөнхийлөгч БНФУ-д айлчлахдаа уран олборлолтын төслийн талаар төвлөрч ярьсантай холбоотой болов уу. Таны хувьд  ураны талаар тайлбар өгөх боломжтой хамгийн чухал эх сурвалж гэж бодож байна?

-Ерөнхийлөгчийн БНФУ-д хийсэн энэ айлчлал нь төрийн хэмжээний түүхэн айлчлал боллоо. Монгол, Франц хоёр улсын олон жилийн хамтын ажилагааны  үр дүнгээр хоёр улсын хамтарсан “Бадрах энержи” гэдэг компани байгуулагдсаныг та, бид мэднэ. Цөмийн энергийн тухай хуулиар тус компанийн 34 хувийг Монгол Улс үнэ төлбөргүй авсан байдаг. 

Хайгуулаар манай улсыг 200 мянган тонн байгалийн ураны нөөцтэй гэж тогтоосон. Үүний 50 хувь нь “Бадрах энержи” компанийн мэдэлд байгаа юм. Дулаан-Уул, Зөөвч овоо гэсэн ордуудыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг хийх цаг үеийн шаардлага бий болсон. Өөрөөр хэлбэл, энэ хөрөнгө оруулалтын гэрээг хийчих юм бол хайгуулын шатнаас олборлох, шар нутгийг экспортлох шатанд очих юм. Сая манай улсын Ерөнхийлөгч Франц улсад айлчлах үеэр уг хөрөнгө оруулалтын гэрээний ерөнхий зарчмуудыг тохиролцсон тохиролцоон дээр “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт гарын үсэг зурлаа. “Эрдэнэс Монгол” компани бол Монгол Улсын “Бадрах энержи” компаниас эзэмшиж байгаа Монгол Улсын 34 хувийн эрдэс баялгийг бодлогыг хэрэгжүүлдэг корпораци шүү дээ. Энэ бол түүхэнд тэмдэглэгдэх ийм үйл явдал боллоо. Цаашлаад энэ хөрөнгө оруулалтын гэрээ албан ёсоор үргэлжилж, УИХ-аар оруулж батлаад ажил хэрэг болоод явах учиртай.

-Хөрөнгө оруулалтын гэрээний талаар та судалж үзэв үү. АМНАТ, Рояалти гэх зэрэг анхаарал татсан асуудал дээр юу хэлэх вэ?

-Ямар ч байсан рояалтиг өндөр тогтооё гэсэн зарчимд хүрсэн юм билээ. Үнийн өсөлтөөс шалтгаалан 19 хувь хүртэл, стандарт нь 11, хамгийн багадаа тав байхаар тохирсон. Манайхан “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашина” гэж ярьдаг. Рояалти гэдэг бол эзэнд өгч байгаа мөнгө юм. Өмнө нь хоёр улсын Засгийн газар хоорондын ойлголцлоор бол хамтраад шар нунтаг гаргаад эхлэхээр Монголд оногдох хувьтай тэнцүү эцсийн бүтээгдэхүүнийг уранаар нь авна гэсэн тохиролцоо байгаа. Ингээд ирвэл стратегийн хувьд Монгол, Франц улсууд хамтран мега төсөл хэрэгжүүлэхэд нэг алхмаар урагшиллаа гэсэн үг. Мега төсөл гэдэг чинь 500 сая ам.доллараас дээш мөнгөн дүнтэй төслийг хэлдэг. Ийм хэмжээний төслийн мөнгө тухайн улсын банкуудаар дамжин орж ирэх ёстой. Мөн хүний нөөцийн 95 орчим хувь нь монгол ажилчид байх зарчмын тохиролцоо хийгдсэн байна. Энэ мэт олон мега төслүүд хэрэгжүүлж байж манай улс өрсөлдөх чадвартай улс орон болно.

-Энэ төсөл манай улсад эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой ч уран олборлох нь экологи болон хүний эрүүл мэндэд асар хортой гэсэн нийгмийн хандлага бий. Уран хортой, хоргүй тал дээр таны байр суурь?

-Эдийн засгийн талаасаа мэдээж чухал үр нөлөөтэй. Бүх төрлийн татвараа төлөөд ажлын байр бий болгоод явна. Гол асуудал бол Оюу толгой дээр гаргасан алдааг давтахгүй байх ёстой. Үүн дээр Засгийн газраас ч анхаарч байгаа байх гэж найдаж байгаа. Ингэхийн тулд рояалтиг л маш сайн ойлголцох хэрэгтэй. Дээрээс нь цөмийн болон цацрагийн аюулгүй байдал, байгаль орчинтой хэрхэн харилцах тухай заалтуудыг тусгайлан оруулж өгөх нь нээлттэй байгаа. Франц улс бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орны нэг. Манай улсыг НҮБ-ын гишүүнээр элсэхэд анхлан дэмжсэн орнуудын нэг шүү дээ. Өөрөөр хэлбэл, манай хоёр улс маш өргөн, урт хугацааны дипломат харилцаатай. Энэ оны тавдугаар сард Франц улсын Ерөнхийлөгч манай улсад айлчлахдаа “Монгол Улс бол Францын онцгой түнш” гэж зарласан. Тэгвэл сая манай Ерөнхийлөгч очихдоо манай гуравдагч хөрш гэж зарлана гэдэг бол хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа их өндөр түвшинд очсоныг харуулж байгаа юм. Үүний дараагийн алхам бол стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурах явдал. Энэ хөрөнгө оруулалтын гэрээгээр дамжин бусад хөрөнгө оруулагч нар ч орж ирнэ. Франц улс бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орны нэгээс гадна Европын холбооны эдийн засаг, геополитикийн гол тоглогч орон. Ингээд бодохоор Европын хөрөнгө оруулагчид, улс төрийн анхааралд манай улс очиж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хэрэгжүүлж болох юм гэсэн ойлголтыг өгсөн. Үүний ч дагуу зөвхөн уран гэлтгүй уул уурхайн бусад салбаруудад хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа хөрөнгө оруулагч нар илэрхийлээд эхэлсэн байна. Мэдээж аливаа зүйлийн тунг нь тааруулах л чухал. Жишээ нь өндгийг бид зөв хадгалахгүй бол маш хурдан мууддаг. Хүний биед хордлого өгдөг. Уран ч гэсэн үүнтэй ялгаагүй. Уран бол химийн талаасаа хоруу чанартай. Ийм учраас идэж уугаад байдаг зүйл биш. Тиймээс уран, цацраг идэвхит бодистой харьцахдаа олон улсын дагаж мөрддөг зарчмыг чанд сахих хэрэгтэй. 

-"Бадрах энержи" ХХК-ийн уран олборлох аргыг та судалж үзсэн үү. Газар доор уусган баяжуулах арга гэж яг ямар процесс явагддаг гэж ойлгох вэ?

-Ганцхан манай улс уран олборлох гээд байгаа юм биш. Монголоос өмнө Канад, Казакстан, БНХАУ, ОХУ газар дор уусган баяжуулах аргаар уран олборлож байна. Монголчууд аливаа зүйлийг хоёр талтай гэдэг. Гэхдээ одоо бид хоёр талтай бус аливаа зүйлийг олон талтай гэж ойлгож харах хэрэгтэй. Тиймээс цөмийн болон цацрагын идэвхит бодисын аюулгүйн хяналтыг сайтар сахих хэрэгтэй. 

Ураныг бид олборлоод эхэлбэл, цөмийн энергийг ашиглах, атомын цахилгаан станцтай болоход нэг алхам ахиж байна гэсэн үг. Цаашид бид атомын цахилгаан станцтай боллоо гэхэд эрчим хүчний хараат болж, Улаанбаатар нь утаагүй, эрчим хүчний аюулгүй байдлаа бүрэн хангасан ийм орон болох бүрэн боломжтой. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.179
    2023/10/20

    Станцуудын утаа бишээ маш н гэр байшингийн утаа шүү доктор гуай

    Хариулах