-НӨАТ-ын буцаалтыг нэмвэл төр, төсвийн үүрэг гажуудна-
УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг 50 хувь /одоо 20 хувь байгаа/ хүртэл нэмэгдүүлэх санаачилга гаргаж, д-парламент платформоор санал авч эхэлсэн билээ. Энэ нь нэмэлт 600 тэрбумын эх үүсвэрийг нэмэлтээр олох шаардлага бий болгож, нэгэнт “боочихсон” төсвийг задлах нөхцлийг үүсгэж буй. 600 тэрбум гэдэг том тоо. Сангийн сайд Д.Жавхлан түүнийг санаачилгыг “Боломжгүй” хэмээн үгүйсгэсэн нь том зургаар харвал хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хоорондын зөрчил мөн. Тэгвэл “Энэ зөрчил юунаас болов” гэж хайгаад үзвэл хариулт нь ердөө Г.Занданшатар даргын “Ард түмний орлогыг нэмэгдүүлэх” биш, Б.Жавхлан сайдын хэлсэн “Сонгуулийн попрол” ч биш, харин “2024 оны төсөв” байх магадлал хамгийн өндөр юм. Өөрөөр хэлбэл, УИХ-д, бүр тодруулбал, УИХ-ын гишүүдэд “ээлгүй” төсвийг Засгийн газар өргөн барьчихсан байх магадлал байна.
УИХ өнгөрсөн оны наймдугаар сард Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, өмнөх парламентын үед тогтоосон “Давхар дээл”-ийг халах зарчмаа үгүйсгэсэн билээ. УИХ-ын гишүүн Т.Доржханд ҮХЦ-д хандах маягаар зохион байгуулсан уг өөрчлөлт орсноор “Давхар дээл” сэргэж, Засгийн газарт УИХ-ын гишүүд олноороо орж ирэх нөхцөл бүрдсэн байдаг. Эрх баригчид тухайн үед өөрчлөлтөө Засгийн газар тогтвортой ажиллах дархлаагаа олж авч байна хэмээн сурталчилсан ч доор дурьдсан таагүй үр дагаварыг бий болгох нь тодорхой байсан.
Хэдий ийм сөрөг үр дагаврууд байсан ч төрийн тогтвортой байдал чухал гэдэг агуулгаар иргэд "нүдээ аниад" өнгөрсөн юм. Гэтэл одоо үүссэн нөхцөл байдлаас харахад “Дархлаа” гэж нэрлэж байсан өөрчлөлт нь нэмэр болсонгүй. Сураг сонсвол, УИХ-ын гишүүдийн тойрогтоо зарцуулах мөнгийг хассан төсөв өргөн баригдсан бололтой. Өчигдөр УИХ-ын төсвийн тухай хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж өндөрлүүлсэн ч Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуурыг хангасан эсэх санал хураалт явуулахад чуулганы танхимд наймхан гишүүн байсан нь УИХ үнэхээр одоо орж ирсэн хувилбарт тоомжиргүй хандаж байгаа нь харагдах болов уу.
НӨАТ-ын буцаалтыг нэмбэл төр, төсвийн үүрэг гажуудна
Монгол Улсын хөгжилд НӨАТ-ын гүйцэтгэсэн үүрэг их бий. Зөвхөн төсвийн орлого бүрдүүлэлт дээр өсөлтийг хангаад зогсохгүй татварын талаарх иргэдийн ойлголтыг хэдэн жилээр урагшлуулж, "тархины түгжээ"-г мултлахад их үүрэг гүйцэтгэсэн гэхэд хэн ч маргахгүй биз.
Иргэд татварын асуудлаар маргалдаж, мэтгэлцэж байна. Хууль, шүүхийн байгууллага дээр энэ төрлийн маргаан эр нэмэгдсэн. Энэ нь татварын талаарх иргэдийн ойлголт мэдлэг нэмэгдсэний шинж, сайны тэмдэг.
Өмнө нь “Манайх мөнгөгүй улс, төсөв угаасаа юунд ч хүрдэггүй” гэсэн бодолтой явсан иргэд одоо эрүүл мэнд, нийгмийн даатгалаас жилд хэчнээн төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой, шимтгэлд өгдөг мөнгөө банкинд хадгалуулбал хэр их өгөөж хүртэхээ тооцоолдог болсон. Төсөв өссөн нь ч, иргэд боловсорсон нь ч үр шимээ шууд мэдрүүлдэг НӨАТ-ын ач.
Гэхдээ энд тодруулж хэлмээр нэг зүйл байгаа нь НӨАТ хяналтын механизм байтлаа яагаад татвар болж хувирсан бэ гэдэг асуудал. Шалтгааныг нь сайн мэдэхгүй учраас 100 хувь буцаах ёстой гэсэн санааг илэрхийлдэг. Гэхдээ улс орнууд тэнэг биш. НӨАТ төлөгч нь эцсийн хэрэглэгч байдаг учраас буцаалтыг хамгийн их худалдан авалт хийсэн буюу нийгмийн дээд хэсэг хүртдэг. Гэтэл төрийн үүрэг нь баялгийг оновчтой хуваарилах. Боломжтой /татвар төлөх/ хэсгээс нь авсан татваараа боломжгүй хэсэгт нь хуваарилдаг. Тийм л учраас буцаалт нь зарчмын хувьд зөв ч хуваарилалтын хувьд болохгүй байгааг анзаарч ихэнх хэсгийг өөртөө үлдээн, дахин хуваарилалт хийдэг болсон хэрэг.
Г.Тэмүүлэн /УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга/
Татварыг хүмүүс янз бүрээр ойлгодог. Миний хувьд, татварыг зөвхөн төсөв бүрдүүлдэг гэж харах нь учир дутагдалтай. Татвар бол төсөв бүрдүүлдэг зүйл биш. Эдийн засгийг идэвхжүүлэх, хуваарилалтыг оновчтой болгох бодлогын хэрэгсэл гэж хардаг.
НӨАТ-ын буцаалт нэмэгдлээ гэхэд 600 тэрбум төгрөгийг дэлгүүрээс юм худалдаж авах чадвартай хүмүүс л авна. Судалгаагаар, НӨАТ-ын буцаалтын 52 хувийг нийт НӨАТ төлөгчдийн 10 хувь нь л авдаг гэжээ. Сая төгрөгийн буцаалт авдаг хүн байна гэхээр тэр хүний хэрэглээ зөвхөн худалдан авалт 50 сая төгрөг байна гэсэн үг. Эндээс "НӨАТ-ыг буцаах уу, төсөвт үлдээгээд сургууль барих уу, эсвэл зорилтот бүлэгт зориулах уу. Эсвэл дэмжих шаардлагатай байгаа салбарын татварыг багасгах уу" гэдэг сонголт бий болдог. Төр харин үүргийнхээ дагуу хоёр дахийг сонгодог юм. Хэрвээ эхнийхийг сонговол төр өөрийн үүргээсээ ухарч, няцаж байна гэсэн үг.
2024 оны төсвөөр жишээлэхэд, 6.2 их наяд төгрөг буюу төсвийн нийт орлогын 28 хувьтай тэнцэж байгаа. Энэ нь НӨАТ нэгэнтээ төсвийн нэг хэсэг болсон бөгөөд цалин тэтгэвэр, халамж, бүтээн байгуулалтаас гадна 2024 оны төсвийн гол онцлог болсон "нэрийн данс мөнгөжүүлэх" зэрэг дэвшилтэт зарцуулалтад оролцчихсон байна.
Тэгэхээр, НӨАТ-ын буцаалт гэхээсээ төсвийн оновчтой зарцуулалтыг шаардах нь иргэдийн амьжиргаа, орлогод илүү нөлөөтэй. Гэтэл Г.Занданшатар дарга төсвийг шүүмжлээгүй билээ. Энэ нь эмзэг бүлэг, хэрэгцээ шаардлагатай газраа очоод байршчихсан НӨАТ-ыг буцаалтыг нэмэх байдлаар нийгмийн элит хэсэг рүү буцаах буюу иргэдэд эцсийн дүндээ ашиггүй л үр дүн гаргана.
Гэсэн ч УИХ-ын даргын санаачилга бодитой юу
Онолын талаас авч үзвэл, НӨАТ нь хяналтын механизм тул буцаан олголтыг нэмэх боломжтой. Гэхдээ асуудлыг оруулж ирсэн цаг хугацаа, тавьж байгаа шаардлагыг нь бодохоор энэ удаадаа боломжгүй гэдэг нь харагдаж байна. Тодруулбал, төсөв нэгэнт боогдоод ороод ирчихсэн хойно гэнэт НӨАТ-ын асуудлыг босгож, “600 тэрбумаар шантаажилж” эхэлснийг бодвол нэг юмыг гэнэт мэдсэн мэт. Аймгуудын төсөв их задардаг. Аймгийн ИТХ-д сумдын төлөөлөл суудаг тул том зургаар харсан төсвийг эсэргүүцэж, сум, сумандаа жаал, жаалхан хөрөнгө оруулалт татахын тулд төсвийг унагаж, задална гэж шантаажилж байгаад эрх ашгаа хангуулдаг юм. Нөгөө талаар, Г.Занданшатар дарга төсвийг шүүмжлээгүй. Харин иргэдийг ашиглаж, төсөв задлах шантааж хийж байгаа нь УИХ, Засгийн газар хоорондоо зөрчилдөж байгаа мэт харагдуулж, төрийг хүчгүйдүүлж байгааг өөрөө ойлгохгүй байна гэж байхгүй. Ашиг сонирхол нь хангагдмагц тэсгээд баталчих байдал харуулж буй. Тэгэхээр иргэд төсвийн өөрчлөлтийг сайн ажиглах хэрэгтэй болов уу. УИХ-ын даргын, цаана нь байгаа гишүүдийн гаргаж байгаа үйлдлээс харахад ийм л төсөөлөл бууж байна.
Эцэст нь, буцаалт нэмэх асуудал ямар үед зүй ёсоор хөндөгдөх вэ гэвэл, НӨАТ төлөлт багассан, өөрөөр хэлбэл, одоо үйлчилж байгаа идэвхжүүлэлт нөөц бололцоогоо шавхсан үед аяндаа босож ирнэ. Харин манайд НӨАТ-ын бүрдүүлэлт жилээс жилд өсөж байгаа билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.185.73
УИХ,Засгийн газар гэсэн Сиамын ихэртэй Монголын ард түмэн Хэдий болтол зууралдах юм бэ.
Хариулах