-Хожигч нь төр, чейнж, сүлжээ дэлгүүр, хохирогч нь хэрэглэгчид-
НӨАТ-ын буцаалтын хувь хэмжээг нэмэгдүүлэх эсэх санал асуулга 100,000 иргэний дэмжлэг авч, УИХ-аар хэлэлцэгдэхээр болсон энэ цаг үед Монголд худалдааны тухай хууль үгүйлэгдэж байгаа сэдьийг хөндөж байна. НӨАТ-ыг төлөгч нь эцсийн хэрэглэгч буюу худалдан авагч иргэд байдаг. Гэтэл тэдний худалдаж авч байгаа бараа үйлчилгээний үнэ анхны өртгөөсөө хэчнээн хувиар нэмэгдэж очиж байгаа вэ, тэр нэмэгдэл нь ажлын байр бий болгож байгаа юу, төр тэндээс татвараа олж авч чадаж байна уу гэдэг нь маш анхаарал татсан эмзэг асуудал болоод байна.
Худалдааны хууль баталснаар стандарт сайжирч, ажлын байр нэмэгдэнэ
Аль ч салбарт хууль эрхзүйн зохицуулалтыг сайжруулах замаар нийгэм, эдийн засагт эерэг үр дүн гаргах боломж байдаг. Энэ үүрэг, эрх нь гагцхүү төрд бий. Манайд ч яг энэ аргаар буюу зарим салбарын хууль эрхзүйн орчныг сайжруулж, баялгийн хуваарилалтыг тэгшитгэн иргэдийнхээ амьжиргааг тэтгэж, дундаж давхаргаа тэлэх боломж байна. Гагцхүү төр буюу төрийн нэрээр эрх барьж байгаа хүмүүүс хүсэж байна уу гэдгээс их зүйл шалтгаална.
Монгол Улс шилжилтийн үеийг гэтэлгэсэн гэж ярьдаг ч зарим салбарт, тухайлбал, худалдааны салбарт хууль эрхзүйн нарийн зохицуулалт тавьж чадалгүй явсаар өдийг хүрлээ. Гадны улс орнуудад Худалдааны салбарт нарийн хууль тогтоомж үйлчилдэг бөгөөд түүндээ хэдий зах зээлийн эдийн засаг, чөлөөт өрсөлдөөний зарчимтай хэдий ч олох ашгийн хэмжээг нарийн тодорхой зааж өгсөн байдаг. Тухайлбал, жижиглэн худалдааны салбарт шат дамжлага байж болох ч олох ашгийг 10-15 хувь хэмээн хатуу тогтоосон байх жишээтэй. Оролцогчид нэмэгдэж болох ч тухай бүрт өртөг шингээж, тодорхой стандартыг хангах үүрэгтэй нь мэдээж.
БНСУ-д ажиллаж, амьдарч үзсэн хүмүүс мэдэх байх. Нэг бүтээгдэхүүн иргэдийн гар дээр очих хүртлээ дор хаяж 4-6 дамжлага дамжиж, тухайн дамжлага бүртээ ажлын байр бий болгож байдаг. Тэгсэн хэр нь үнэ нь өм цөм өсдөггүй. 5 үйлдвэр дамжихдаа 10, 10 хувийн ашигтай дамжуулаад, хэрэглэгчдэд хүндрэл учруулахгүйгээр хүмүүсээ ажлын байраар хангадаг. Харин манайд жишээ нь махан дээр малчин, чейнж, худалдагч гэсэн гуравхан шат дамжлагатай, чейнж нь тээвэр гэх мэт бусдаар гүйцэтгүүлж болох үүргээ өөрсдөө хариуцдаг. Чейнж ч, худалдагч ч үнийг тус бүртээ 20-30 хувь өсгөн хэрэглэгчдийн нуруун дээр асар их ачаа үүрүүлдэг.
Ченжийн засаглал
Банкны салбарынхан хадгаламж эзэмшигчдэдээ жилд нэг л удаа хүү бодож олгодог, эргэн төлөлтөө сар бүр авдаг /Хуулиар хориглосон "өдрийн зээл" шиг сарын зээл/ хэрнээ "Бид 15 хувийн хүүтэй хадгаламж татаад 18 хувийн хүүтэй зээлүүлж, гуравхан хувийн хүүгийн зөрүүн дээр арай гэж амь зогоож байна" гэж иргэдийн тархийг угаах нь түгээмэл. Түүнчлэн, эргэлдүүлж байгаа мөнгөнийх нь 90 хувийг нийт хадагаламж эзэмшигчдийн 10-хан хувь нь эзэмшдэг талаар хэлэхийг хүсдэггүй билээ. Олонхийн нэр барьж, цөөнхийн их хэмжээний мөнгийг өндөр хүүтэй эргэлдүүлдэг гэсэн үг.
Банкинд хадгаламж эзэмшдэг хүмүүс нийлж байгуулсан Хадгаламж эзэмшигчдийн холбоо гэж байгууллага банкуудад хандаж, "Зээлийн хүүгээ буулгаад өгөөч ээ. Бид нарт өндөр хүүтэй хадгаламж биш, бага хүүтэй зээл илүү их хэрэгтэй байна" гэж хэвлэлийн хурал хийж байсан түүх бий. Тэгвэл худалдааны салбарт бас адилхан, жижиглэн худалдаа эрхлэгчид нэгдэж, "Худалдааны хууль батлаад өгөөч" гэж УИХ, Засгийн газраас шаардаж байсан түүхтэй. Гэсэн ч батлаагүй нь хуульгүйгээр дпураараа аашилж, өм цөм ашиг хийдэг тогтолцооны эрэг шургууд УИХ, Засгийн газар дотор байна гэж хардахад хүргэдэг. Нэгэнт бий болгосон асар их мөнгөө иргэдээс бага хэмжээний хадгаламж өндөр хүүтэй татаж бамбай хийгээд, түүнээс нь давсан хувиар хүүлж суудаг банкны эздээс ялгаагүй чейнжийн гар хөлүүд эрх баигчид дотор байдаг гэсэн үг. Хэрвээ тиймгүйсэн бол аль хэдийнэ Худалдааны хуультай болчих байсан юм.
Худалдааны хуулийг 2015 онд Засгийн газраас санаачилсан ч батлагдаагүй. Сонирхолтой нь, яг тэр үед Демпингийн тухай хууль бас УИХ-аар орсон ч маш хачирхалтайгаар батлагдаагүй байдаг.
Үр дүнд нь Монголд чөлөөт эдийн засаг биш харин “хүчирхийллийн эдийн засаг” бодитойгоор оршиж байна. 10-аад жилийн өмнө нийслэлд кг махны үнэ 5000 төгрөг болж, хөгшчүүлийн гол харлан, “шургаж унах” шахаж байхад Хөвсгөлд ажиллаж байсан УИХ-ын эрхэм гишүүнээс малчид махны үнийг ядаж 1000 төгрөг болгоод өгөөч гэж гуйж байж билээ.
Нийслэлд "мах магнаг болж", хот, хөдөөнийхөн хоорондоо “алалцах” шахаж байх үед болсон энэ явдал хэргийн гол буруутан нь малчид биш, ченжүүд гэдгийг хууль тогтоогчдод ч, иргэдэд ч мэдрүүлсэн. Түүнээс хойш ченжийг үгүй болгох хөдөлгөөн өрнөсөн ч Хөдөө аж ахуйн биржээс өөр дөмөгхөн арга олохгүй явсаар өдий хүрлээ. Махны тухайд, монгол ченжүүд иргэдээ шулдаг байсан бол одоо хятадууд нэмэгдсэн байна.
Сүлжээ дэлгүүрүүд жижиг дунд бизнесийн гол дайсан
Монгол Улсад хамгийн их татвар төлсөн аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг үйлчилгээний байгууллагууд өнгөлдөг үе хараахан арилаагүй байна. Зах зээл жинхэнэ утгаараа хөгжчихсөн орнуудад жижиглэн худалдааны үнэ бөөнийхөөсөө дунджаар 10 хувиар илүү байдаг. Гэтэл манайд 15-30, бүр 50 хувь байгаа нь дэндүү гэмээр. Жижиглэн худалдааны салбарынхан арай гэж ургуулсан ногоо, бүтээсэн талхыг нь 20 хувь илүү үнээр дамлан сул ашиг олж суудаг гэж “Шарк танк” нэвтрүүлгийн “Шаркууд” болох Л.Чинбат, С.Түмэнгэрэл нар харамсан ярьж байсан ч удаатай.
Гахайн утсан махны бизнес эрхлэхээр шийдсэн танил маань борлуулалтын мөнгөө сүлжээ дэлгүүрээс авч чадахгүй байсаар дампуурсан жишээ ч байна. Уг нь сүлжээ дэлгүүр, жижиглэн худалдааны салбар жижиг дунд үйлдвэрлэгчдийн хамгийн чухал түнш, амжилтад хөтлөгч гүүр нь байх ёстой. Гэтэл Монголд тийм биш. Сүлжээ их дэлгүүрүүд жижиг бизнес эрхлэгчдийг дампууруулдаг гол аюул нь болоод хувирчихсан байна. ШӨХТГ-т торгуульсан "Номин" сүлжээ дэлгүүр нэг л жишээ нь. Бусад нь ч дээрдэх юм бараг байхгүй.
Шуналтай байж болно, бирд болж болохгүй
Нэг ийм яриа бий. Английн Ерөнхий сайд асан Томас Морын “Утопи арал” зохиолыг амьдралд хэрэгжүүлэхээр зориглосон В.И.Ленинээс капиталист ертөнцийн нэг эрхэм “Таны байгуулах улс ямар улс байх вэ” гэж асуужээ. В.Ленин тэгэхэд “Социализмд хүрэх тэр цагт баялаг хүн болгонд хүрэлцэхээр их байх болно. Харин тэр баялгаас хүн бүр хэрэгцээний хэрээрээ авах ёстой” гэж хариулсан гэнэ. Нөгөө эрхэм “Хүн хүссэнээрээ л авахыг хүсдэг биз дээ. Хүмүүс шуналтаад, ихээр нь аваад эхэлбэл яах болж байна” гэхэд “Үүний тулд ухамсрын асуудлыг шийдэх хэрэгтэй. Шуналыг үгүй болгох ёстой” гэсэн гэдэг. Тэгэхээр, хүний унаган өгөгдлийг өөрчлөх аргагүй, өөрөөр хэлбэл шуналыг үгүй болгох боломжгүй тул коммунизм байгуулах ажил анхнаасаа л бүтэхгүй байсан гэдэг нь тодорхой. В.И. Ленин өөрөө үүнийг мэдэж байсан ч ард түмний ядуу байдлыг ашиглан төрийн эрхэнд гарах хүслээсээ татгалзаж чадаагүй. В.И.Ленин ч манай жижиглэн худалдаачдын адил шуналын хүлээсэнд орчихсон байж магадгүй гэсэн үг. Тэгэхээр хүний шуналыг үгүй болгох боломжгүй. Гэхдээ зохицуулж болно. Бидний жинхэнэ зэрлэг капитализмтай гэж боддог улсууд зохицуулж байгаа.
Жижиглэн худалдаачдыг ингэж давраасан нь шууд хэлэхэд, эрх баригчдын буруу. Хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн бирж байгуулсанд нь талархъя. Гэхдээ ажиллуулсан шиг ажиллуулмаар байна. Асуудлыг цогцоор нь шийдэх ёстой. Бирж болж бол шийдэл мөн. Гэтэл салбарын сайд Х.Болорчулуун нэгэнтээ биржийн ашгаас, агуулах барьж, сүлжээ үүсгэх боломжтой тэр мөнгөнөөс авч, үхэр ээмэгжүүлэх талаар бодож байв.
Жижиглэн худалдааны хуульгүй цор ганц улс
Бөөний болон жижиглэн худалдааны салбарын ажил хэрэгт төр шууд оролцохгүй ч гэсэн хэм хэмжээг нь тогтоож өгдөг жишиг бий. Засгийн газар Худалдааны тухай хуулийг 2015 онд санаачилсан ч одоо болтол батлахгүй байна. Магадгүй, ийм хууль батлаагүй дэлхийн цорын ганц улс нь Монгол байж магадгүй. Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо /МЖХЭХ/ гэж ТББ байдаг. Энэ байгууллага нь өөрсдөө хүртэл хуультай болгоод өгөөч ээ гэж гуйгаад байхад л баталж өгөхгүй, зохицуулалтгүй явуулсаар байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна