Уул уурхайн салбарын эрчимтэй хөгжил, барилга хот байгуулалтын салбарт өрнөж буй бүтээн байгуулалтын нөлөөгөөр Монгол Улсад гадны иргэд маш ихээр орж ирж байгаа билээ. Энэ байдлын шалтгааныг албаны хүмүүс “Монголд барилга, уул уурхайн салбарын ажиллах хүчин хомсдолтой байдаг, мөн хятадаас орж ирж байгаа ажилчдын цалин монголчуудынхаас харьцангуй бага байдагтай холбон тайлбарладаг бол ажил олгогчид монгол ажилчид чадвар муутай, хулгай хийдэг, архи ууж, ажил тасалдаг нийтлэг дутагдалтай, хятад ажилчид бол цалин багатай, ажлын байрандаа байрлах учир хулгай хийдэггүй зэрэг сайн талтай учраас авч ажиллуулах дуртай байдаг гэсэн тайлбар хэлдэг. Харин монгол ажилчид болохоор компани нь хятад ажилчид монголчуудаас илүү цалин авдаг гэсэн мэдээллийг өгдөг. Эсрэг тэсрэг эдгээр мэдээллийн алинд нь итгэх вэ.
Үнэндээ бол гадаадаас ажиллах хүч авах нь тухайн компаниас багагүй бэл бэнчин шаарддаг, хэрийн компани хийчих ажил биш юм. Үүнийг манай улс хөдөлмөрийн зах зээлээ гаднаас хамгаалах их л өндөр дархлаатай гэж хэлсэн ч болно.
Гадаадаас ажиллах хүч авах тухай хуульд зааснаар бол гадаадын иргэн ажиллуулж байгаа байгууллага хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх “Ажлын байрны төлбөр”-ийг ажилтан бүрийнхээ тоогоор төлөх ёстой байдаг юм байна. Ажлын байрны төлбөр төлөхгүй байх нөхцөл гэж бас байна. Гэхдээ үүнд уул уурхай, барилга хамаарахгүй. Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 000 төгрөг байдаг гэхээр нэг гадаад иргэн ажиллуулдаг байгууллага сар бүр 1.100.000 төгрөгийг Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газарт төлдөг гэсэн үг. Төлөхдөө гэрээ байгуулсан хугацааг үндэслэж урьдчилж төлнө. Байгууллага ажлын байрны төлбөрийг 1 сараас дээш хугацаагаар төлөөгүй нөхцөлд эрх бүхий байгууллага тухайн гадаадын иргэний хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгож, энэ тухай иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх /АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨР АВАХ, ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ, ЧӨЛӨӨЛӨХ ЖУРАМ 4.3/ хатуу журамтай. Дээр нь хөдөлмөрийн хөлсийг нэмж өгөх нь мэдээж хэрэг. Хятад ажилчин дунджаар 1 000 000 төгрөгийн цалин авдаг гэж тооцвол тухайн байгууллагаас хятад барилгачин бүр нь сард дунджаар 1 840 000 төгрөг гаргуулдаг гэж үзэж болох нь. Монгол ажилчдын ажлын хөлсөөс илүү байна. Ажиллах хүч зуучлах байгууллага шимтгэл авдаг гэж тооцвол энэ мөнгө мөн л нэмэгдэж таарна.
“Ажлын байрны төлбөр” хаашаа ордог вэ
Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд зааснаар бол “Ажлын байрны төлбөр”-өөс орж ирсэн хөрөнгийг “Ажил эрхлэлтийг дэмжих зориулалтын санд байршуулж, ажлын байр шинээр бий болгох, ажилгүйдлийг бууруулах ажилд зарцуулна” гэж заасан байдаг юм байна. “Ажлын байрны төлбөр”-өөс гадна өөр олон орлого энэ газарт орж ирдэг бөгөөд Засгийн газраас өгсөн орлогын төлөвлөгөөг биелүүлэхээр хэрэндээ зүдэрдэг аж. Орлогын төлөвлөгөө жил ирэх бүр нэмэгдсээр байгаа юм. Үүнээс болж ГИХАЭГ зарим жил төсөвт оруулах орлогын төлөвлөгөөгөө биелүүлж чадахгүйд хүрч байжээ. Монгол Улс гадаадаас авах ажиллах хүчний тоог 2018 онд 20, 2019 онд 30, нийт 50 хувь бууруулах зорилго тавьсан бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ээлж дараалан нэмэгдүүлсэн нь дээрх зорилтыг биелүүлэх эдийн засгийн хөшүүрэг болж байгаа гэж ойлгож болох аж.
Яагаад заавал хятадууд юм бол...
Гэсэн ч барилгын салбарт хятад ажилчид олноороо ажилласаар байна. Монголд барилгын салбар хөгжиж байгаа ч ихэнх нь хятадаас ажиллах хүч авч байгаагийн шалтгаан нь юу юм бол.
Монголд хөрөнгө оруулагчдын “Хятадын бизнес худалдааны нийгэмлэг”-ийн барилга, барилгын материалын салбарын дарга Чэнь Жиэн Хуа гэгч “Глобал таймс” сонины сэтгүүлчид “Улаанбаатарын газар сайгүй барилгажилт явагдаж байна. Барилгын салбарт ажиллаж байгаа дийлэнх хөрөнгө оруулагчид Хятадын бизнес эрхлэгчид юм. Мөн барилгын ажилчдын дийлэнх нь хятадаас оруулж ирсэн ажиллах хүчнүүд. Гэхдээ монголын гадаадын ажиллах хүчинд тавих хязгаарлалт болон холбогдох хууль дүрэм маш хатуу чанга байдаг учир нэг хэсэг хятад ажилчид “хар”-аар ажилладаг юм” хэмээн ярьж байжээ. Эндээс харахад, компаниудын “Хятад ажилчин авчрах хүсэл”-ийн цаана хятадын ашиг сонирхол байдаг гэж үзэхэд хүргэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монголын барилгын салбарын хөрөнгө оруулагч, “нууц ноёнтнууд” нь хятадууд байдаг байж магадгүй гэсэн үг юм. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын болон гадаадын байгууллага л ажиллах хүчнийхээ 30 хүртэлх хувийг гадаадын иргэдээр бүрдүүлдэг. Уул уурхайн салбарт ажилчдын 10 хувь нь л гадаад байж болно, хэрвээ илүү гарсан бол ажилтан бүрийн тоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төлбөрийг сар бүр төлдөг. Ашигт малтмалын хуулийн 43.1, 43.2 дугаар зүйлд энэ талаар тодорхой зааж өгсөн байдаг. Бусад байгууллага гадаад ажилтан нэг бүрийн тоогоор ажлын байрны төлбөр төлөх ёстой.
Сонгуулийн үеэр гаднын иргэдийн тоог хязгаарлах уу
Гаднаас ажиллах хүч авах зөвшөөрөл ярвигтай, төлбөр өндөр байдаг нь манай хөдөлмөрийн зах зээлээ хамгаалах босго гэдгийг дээр хэлсэн. Гэхдээ энэ босго намсах нь цаг хугацааны асуудал болоод байна. УИХ-аар хэлэлцэхийг түр хойшлуулсан Хөрөнгө оруулалтын тухай хууль, манай улс өөрөө зарим салбөарт ажиллах хүчний дутагдалд орсон зэрэг нь үүнд нөлөөлж буй. Өөрөөр хэлбэл, Бангладешаас эмч сувилагч, Хятадаас уул уурхай, барилгын ажилчид орж ирэх нь цаг хугацааны асуудал болсон. Энэ бол зөвхөн ажиллах хүчтэй асуудал бол дээр нь жуулчид гэж бас байна. Манай улс жуулчдын тоог өнгөрсөн жил 650,000 хүргэсэн, энэ жил ахиулна гэж байгаа. Гэтэл нэг улсад, нэг цаг мөчид оршин байх гаднын иргэдийн тоо нь Үндэсний аюулгүй байдалтай холбоотой эмзэг асуудал болдог.
Аливаа улс нутаг дэвсгэр дээр нь байгаа гадны улсын иргэдийн тоог байнгын армийн тоотойгоо харьцуулан зохистой хэмжээнд барьдаг жишиг бий. 128 сая хүнтэй Япон гэхэд гадаад хүний тоог 1.1 хувиас хэтрүүлдэггүй. 2008 онд тус улсад байнга оршин сууж байгаа цагаач, дамжин өнгөрч байгаа, 90 хоногийн визтэй гадаадын тоо нэг цаг мөчид 2.2 саяд хүрсэн нь хамгийн их тоо гэх юм билээ. Швед, АНУ, Франц зэрэг улсуудад энэ тоо харьцангуй өндөр байдаг ч бүрдүүлж байгаа үндэстнүүд нь олон янз байдаг учраас эрсдэл харьцангүй бага гэж үздэг байна. Харин манайд байгаа гадны иргэдийн ихэнх нь нэг улсынх. Энэ бол бодож үзэх ёстой асуудал мөн.
ГИХАЭГ-аас Монгол улсад нэг зэрэг байх гадны иргэдийн тоог зохистой хэмжээнд барьдаг гэж баталдаг ч байнгын оршин суух зөвшөөрөлтэй гадаад иргэдийн тоог хэлэхээс хэтэрдэггүй. Гэтэл 90 хоногийн визээр, эс бөгөөс харилцан визгүй зорчдог улсуудаас хэчнээн хүн нэг цаг мөчид Монгол Улсад байгааг тогтооход бэрх. Дээр нь, манай улс дэлхийн олон улстай харилцан визгүй зорчдог болж буй. Зүй нь, сонгуулийн жилд энэ асуудал онцгой ач холбогдол өгөх ёстой юм. Өөрөөр хэлбэл, ажиллах хүч, хөрөнгө оруулагч, жуулчин нийлээд нэг цаг мөчид хэдүүлээ байж болох вэ гэдэг асуудлыг шийдэх шаардлагатай. Гол ньв хяналтыг сайжруулах тал дээр онцгой анхаармаар байна.
Энэ жил сонгуулийн жил. Улс төрийн сонгуулийн үеэр улс орны аюулгүй байдал эмзэг болдог. Энэ үед ядаж энэ асуудалд ач холбогдол өгье.
Нэг барилгын суурийн давхарт 800 орчим хятад иргэд бөөнөөрөө байж байгаад баригдсан. Тухайн үед цахим гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй гэсэн мэдээлэл гарсан ч толгойлсон гэх цөөн хэдийг нь авч үлдээд бусдыг нь албадан гаргасан байдаг. Тэгвэл сонгуулийн жилд бид энэ хэргийг арай өөр талаас нь харах учиртай. Сонгуульд нөлөөлөх оролдлого гарч болно гэдэг утгаараа. Тийм ч учраас сонгуулийн жилд гадны иргэдийн урсгалыг огцом багасгах шаардлага бий.
Монгол оронд яг одоо сонгуультай холбоотойгоор гаргасан маш олон журмууд хэрэгжиж байна. Сонгуулийн тухай хуульд ч үндэсний аюулгүй байдалтай холбоотой, ийм асуудлаас сэргийлэх зорилготой олон заалтууд тусгагдсан. Тэгсэн хэрнээ гадны иргэдийг Монгол Улсад оруулж ирэхийг хориглолгүй явж ирсэн байдаг. Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлд “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахад харшилж байвал “Гадаадын иргэнийг Монгол Улсад орж ирэхийг хориглож болно” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна