Борлуулалтын орлогоо гаднын банкаар авч инфляци үүсгэдэг “Оюутолгой” ХК ажилчдынхаа цалинг хасах эрхгүй

Zuv.mn
2024/02/27

“Оюутолгой” ХК Хөдөлмөрийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдсөнөөр ажилчдын цалин 30 орчим хувиар буурах нөхцөл бүрджээ. Хувийн хэвшлийн ААН зах зээлийн нөхцөл байдал, санхүүгийн байдлаасаа болоод цалингийн зардлаа бууруулах нь байдаг л асуудал. Гэхдээ Оюутолгойн хувьд, ажилтнуудынхаа цалин хөлсийг нууцалдаг тул үнэхээр Хөдөлмөрийн хуулиас болоод нөхцөл байдал хүндэрсэн эсэхийг мэдэх боломжгүй байдал хамгийн түрүүнд харагдана. 

Дээр нь, монгол ажилчдын эрх ашгийг хохироох энэ үйлдлийг нь хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй байх олон үндэслэл бий. Гомдол тавьж буй ажилчдын дурдсанаар олон улсын зах зээл дээр зэс, алтны үнэ унаагүй. Монголын уурхайн ажилчдын цалин Чили, Индонезийн ижил уурхайнуудаас хамаагүй бага /Гадаад ажилчдын цалин харин бусад улсаас хамаагүй өндөр байж мэднэ/ байдаг. "Оюутолгой" ХХК хэдийгээр Хөдөлмөрийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдсөнөөрөө хууль зөрчихгүй ч тэртэй тэргүй өөр бусад улсад байдаг уурхайнуудаас бага цалин өгдөг байж ажилчдынхаа байдлыг дордуулах сонголт хийж байгаа нь ёс зүйгүй юм. Өөр том шалтгаан ч бий.   


Инфляциас үүдэлтэй үнийн өсөлтөд “Оюутолгой” ХХК-ийн нөлөө бий. Манай улсын хувьд, инфляцаас болж иргэдийн халааснаас алга болж байгаа мөнгөний ихэнх нь ам.долларын ханшийн зөрүүнээс үүдэлтэй байдаг. Түүхий эд экспортолж, бэлэн бүтээгдэхүүн голдуу импортлодог улсын зовлон л доо. Валютын багахан нөөцтэй, жижигхэн эрэлт нийлүүлэлтээс болоод зах зээл дээр үнийн савлагаа үүсэж байдаг манайх шиг улс дэлхийд өөр байдаггүй байх.

 
Уг нь манайх Оюутолгойн борлуулалтын орлогыг дотоодын банкиндаа байршуулахад л валютын ханшаас шалтгаалсан үнийн өсөлтөөс хамгаалагдах боломжтой. Гэтэл Монгол Улсад бүртгэлтэй ААН болох “Оюутолгой” ХК өнөөдрийг хүртэл орлогоо гаднын банкаар авсаар байна.

 

“Хөрөнгө оруулагчид “Танай арилжааны банкууд жижиг байна. Дампуураад харилцахад байгаа мөнгө алга болгочихвол яах юм бэ. Мөн танай татварын байцаагч нар дуртай үедээ ирээд данс хаагаад байх юм” гэсэн хоёр шалтгаанаас болоод "Оюутолгой"-н гэрээнд мөнгөө “Монголын банкуудаар дамжуулахгүй байж болно” гэсэн заалт оруулчихсан юм... Үндсэнхуулийн 6.1-т буй “Байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” гэдэг заалт хэрэгжихгүй байгаа хамгийн тод жишээ бол энэ. Ямар хэмжээний баялаг, ямар гэрээгээр гараад, ямар мөнгө нь орж ирээд байгаа нь мэдэгдэхгүй байгаа. Тэгэхээр татвар авах сууриа бид бас мэдэхгүй байгаа гэсэн үг”
З.Энхболд /Валютын зохицуулалтын тухай хуулийн хэлэлцүүлэг явж байх үед ikon.mn цахим хуудаст өгсөн ярилцлагаас... 2018.Х.17/


Манайхан өмнө нь энэ асуудлыг хуулиар зохицуулах гэж оролдсон ч ОУВС “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-өөр барьцаалан тулган шаардалт хийснээр хэрэгжүүлж чадаагүй. Сүүлд, хувьцаа эзэмшигчдээ төөрөгдүүлсэн хэрэгт унаад баларч байхад манай тал дахин шаардлага тавихад “Орйн гурван жилд төсөвт нэмэлтээр 350 сая доллар оруулья” гэж аргалсан. Үүнээс ч өмнө манай талаас "Оюутолгой ХХК-ийн дансыг Монголбанкин дээр нээгээд өгчихье /Дампуурахгүй гэдэг утгаар/" гэдэг хувилбарыг манай талаас гаргасан ч ажил хэрэг болоогүй.  Манай талд нэг талаар валютын урсгал, нөгөө талаар хэчнээн ам.долларын орлоготойгоо мэдэх нь чухал байсан ч хөдөлгөж чадаагүй.

Энэ бол гаднын банкаар мөнгө авах нь Монголд жилд 100 гаруй сая ам.доллар төлөхөөс илүү ашигтай, эс бөгөөс компанийн дансаар орж гардаг мөнгөн урсгалаа мэдэгдүүлэхгүй байх нь энэ хэмжээний үнэ цэнэтэй болохыг харуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нууцаар гүйлгэдэг мөнгө хөрөнгө байхыг үгүйсгэхгүй гэсэн үг.

Товчхондоо яг энэ, Монголын зэс, алт, мөнгийг зарсан валютын орлогоо Монголын банкинд байршуулдгүй нь инфляци үүсэх, үнэ өсөх, улмаар иргэдийн худалдан авах чадамж буурахад нөлөөлж байгаа. Ийм нөлөө үзүүлдэг компани төрийн бодлогоос зөрөж цалингаа бууруулж таарахгүй.
Бас нэг зарчмын юм хэлэхэд, Засгийн газар уул уурхайгаас орж ирсэн орлогыг өнгөрсөн жилээс цалингийн нэмэгдэлд зориулж эхэлсэн. Энэ бол инфляци буюу үнийн өсөлт иргэдийн амьжиргаанд нөлөөлснийг төр хүлээн зөвшөөрсний тэмдэг. 

Тэгвэл “Оюутолгой” ХХК-ийн том толгойтой удирдлагуудын гаргасан шийдвэр төрийн бодлогоос зөрж байна. Гэтэл “Оюутолгой” ХХК төрийн өмчит компани шүү дээ. Цалин хасах шийдвэрийг ТУЗ-д Монголыг төлөөлж сууж байгаа гишүүдэд танилцуулсан уу, тэдэнд мэдэгдэхгүй шийдэв үү гэдэг маш том асуудал.
Ажилчдын өгч байгаа мэдээллээс үзвэл, олон улсын зах зээлд зэсийн үнэ ханш өөрчлөгдөөгүй, харин гүний уурхайн бүтээн байгуулалтад ажилласан ажилчдын цалингийн зардал өссөн учир нийт ажилтнуудынхаа цалинг бууруулсан гэх. Мартаагүй бол,  Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ, ТЭЗҮ хэлэлцэх үед хөрөнгө оруулагч тал өөрсдөө “Ил уурхай, гүний уурхай хоёр тусдаа төсөл” гэж мэтгэдэг байв. Одоо харин цалин хасах болохоороо нэг төсөл болчихдог гэнэ. 

Бид Оюутолгой ХК-ийн Монгол Улстай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилт, анхны болон шинэчлэгдсэн ТЭЗҮ-д нөөц хэрхэн өөрчлөгдөж байгаа, үүн дээр үндэслэсэн санхүүгийн нөхцөл байдал /нэгэнтээ нарийн мэдээлэл байхгүй учир/, ижил чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад уул, уурхайн компаниудын /Чилийн "Эскондида" гэх мэт/ цалин хангамж, ил тод байдал зэрэг асуудлыг цаашид хөндөх болно.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.201
    2024/02/27

    hund nuhtsuld ajillaj bgaa mongolchuud n harein ch tsalin baga geh ym bna lee

    Хариулах