Британи, Исланд, Португалд компаниуд ажлын дөрвөн өдөрт шилжиж байна

Х.Батсайхан
2024/02/28

Оффисын ажилд хиймэл оюун ухааны хэрэглээ хурдацтай нэвтэрч байгаа тул зарим компаниуд ажлын дөрвөн өдөрт шилжиж эхэлжээ. Тав хоногийн цалингаар дөрөв хоног ажиллана гэдэг ямар ч ажилтны хувьд сайн зүйл байх нь лавтай билээ.

Ажлын дөрвөн өдөртэй болох туршилт хааяа л, БНСУ гэх мэт ганц нэг улсад гарч байсан бол  Их Британи, Исланд, Португал болон бусад улс орнуудад зэрэг, зэрэг туршилт явагдаж, эерэг үр дүнд хүрсэн компаниудын тоо нэмэгдэж байна.

Лондонд төвтэй Tech.co АНУ-ын 1000 гаруй компанийн удирдлагаас судалгаа авахад ажлын дөрвөн өдөртэй байгууллагуудын 29% нь фирмийнхээ үйл ажиллагаанд хиймэл оюун ухааныг өргөнөөр ашиглаж, ChatGPT зэрэг хиймэл оюун ухааны хэрэгслүүд болон үйл ажиллагааг оновчтой болгох бусад хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг болохыг тогтоожээ. Харин ажлын таван өдөртэй байгууллагуудын ердөө 8 хувь нь хиймэл оюун ухааныг ийм хэмжээнд ашигладаг гэсэн дүн гарсан байна. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал ийнхүү хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, ажлын цагийг багасгах нөлөө үзүүлж байна.

Компанийн хэмжээнээс хальж, улсаараа дөрвөн өдөртэй болох асуудал яригдсан БНСУ-д ажлын дөрвөн өдөртэй болох асуудал 15 жилийн өмнөөс яригдаж, одоо улсаараа шилжих асуудал улс төрийн дээд түвшинд хүрч очжээ.  


Чунжу хотын гоо сайхны бараа үйлдвэрлэгч 2010 онд долоо хоногт ажлын дөрвөн өдөртэй болоход борлуулалт нь 20 хувиар нэмэгдэж, ажилчдынхаа тоог хоёр дахин нэмэх боломж гарсан гэнэ.

Өдгөө ажлын дөрвөн өдөртэй болохыг дэмждэг Ардын намын нэг улс төрч энэ жишээнд ихэд ач холбогдол өгч, “Хэрвээ амьдрал дээр батлагдвал бид ердөө ажлын цагийг долоо хоногт 32 болгож бууруулснаараа 500 000 ажлын байр бий болгож чадна” гэж ярьж байв.

Ажлын дөрвөн өдөрт шилжихийг дэмжигчид санаагаа зөвтгөхдөө ажлын зургаан өдрөөс таван өдөрт шилжсэн шилжилтийг жишээ болгодог. Тухайн үед ажлын таван өдөртэй болсноор ажиллах цаг улс орнуудын онцлогоос шалтгаалаад долоо хоногт 4-12 цаг, жилд 200-500 цагаар буурч байжээ. Улмаар улс орон бүрт эсэргүүцэл, үл итгэлцэх явдалтай нүүр тулж байсан аж. Жишээ нь, БНСУ ажлын таван өдөртэй болоход хэвлэл мэдээллийн хэрэгслүүд баруун солгойгүй шүүмжилж, “Эдийн засгийг сүйрүүлнэ” гэцгээж байж. БНСУ өдөрт олон цаг ажилладаг болохоор жилд 500 шахам цагийн хөдөлмөр үгүй болчих гээд байж ядаад байж л дээ. Гэвч ухаантай улсууд бодож тооцоолоод хийсэн ажил учраас бүтээмж буураагүйн дээр эдийн засаг улам хүчирхэгжсэн аж. Тиймээс долоо хоногт ажлын дөрвөн өдөртэй болох санаачилгыг гаргасан нөхөд энэ удаагийн шилжилт ч эдийн засаг төдийгүй иргэдийн амьдралд эерэг нөлөө авчирна хэмээн үзэж байгаа юм байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна