"COP 16": Цөлжилт, ган гачигт нэрвэгдэж буй улсуудад 12.15 тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ

Х.Батсайхан
12 цаг 30 минутын өмнө

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо болж өндөрлөлөө. Хуралд дэлхийн 200 улсын удирдагчид чуулж, бүтэн хоёр долоо хоног хуралдсан нь оролцогчдын тоо, үргэлуилсэн хугацаа, хэлэлцсэн асуудлын цар хүрээгээр урьд, урьдын хурлуудаас хамгийн өргөн нь болов.

Хуралдааны үр дүнд талууд цөлжилт, ган гачигтай тэмцэх үйл ажиллагааны гол стратегиа улс нэг бүрийн хүчин зүтгэлээс гадна олон улсын нягт хамтын ажиллагааг нэн тэргүүнд тавихаар болж, хүнсний аюулгүй байдлын стратеги, ган гачигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх асуудалд анхаарахаа амлалаа.

Зорилтын хүрээнд эрсдэлт байдлыг үнэн зөв үнэлж, цаашдын төлвийг тодорхойлох чиглэлээр:

-Нутгийн уугуул иргэд, Орон нутгийн иргэдийн нөхөрлөлийн бүтцийг бий болгох

-Шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргалтыг бэхжүүлэх үүднээс Конвенцид заасан ёсоор шинжлэх ухаан, хууль эрхзүйн хоорондын уялдаа холбоог сайжруулах ажлыг үргэлжлүүлэх

-“Business4Land” төсөлд хамруулах замаар цөлжилт, ган гачигтай тэмцэх ажилд хувийн хэвшлийг татан оролцуулах зэрэг ажлыг хийхээр болж, 2026 онд Монголд болох дараагийн хурал хүртэл дээрх бүх чиглэлээр ахиц дэвшил гаргах үүрэг, амлалт авцгаалаа.

Түүнчлэн цөлжилт, ган гачигт хамгийн ихээр өртөж буй орнуудад нөлөөлийг бууруулах чиглэлээр 12 тэрбум ам.долларын санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлэхээр болов.  


Хуралд оролцсон 20,000 гаруй төлөөлөгчийн 3500 гаруй нь иргэний нийгмийнхэн байсан бөгөөд чуулган үргэлэх хугацаанд ТТБ, хувийн хэвшлийг хамруулсан 600 гаруй арга хэмжээг төлөвлөсөн нь цаашид энэ ажилд хувийн хэвшлийнхний оролцоо өмнөхөөс мэдэгдэхүйц нэмэгдэх юм байна гэсэн дохиог талуудад өглөө.  

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Ж.Мохаммед Бага хурлыг хааж хэлсэн үгдээ “Талуудын ажил COP 16 хаагдсанаар дуусчихгүй. Бид уур амьсгалын хямралын эсрэг үргэлжлүүлэн тэмцэх ёстой. Энэ бол хүн бүр “оролцоо”, “инноваци”, “тогтвортой байдал”-ыг хүлээн зөвшөөрөх үйл ажиллагааны уриалга юм. Залуучууд болон уугуул иргэд эдгээр хэлэлцүүлгийн төвд байх ёстой. Хойч үедээ шинэ итгэл найдвар төрүүлсэн тогтвортой ирээдүйг бүтээхэд тэдний мэдлэг, дуу хоолой, бүтээлч байдал юугаар ч орлуулшгүй юм" хэмээн онцолжээ.

Харин COP 16-ын Ерөнхийлөгч бөгөөд Саудын Арабын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайд Абдулрахман Альфадли “Энэ уулзалт нь газар нутгийг нөхөн сэргээх ажлыг түргэтгэх, ган гачигт тэсвэртэй байдлыг сайжруулах зайлшгүй шаардлагыг олон улсад нэгдмэл ойлголт болгож хүргэх үйлсэд эргэлтийн цэг болсон” гэжээ.

Хурлын бас нэгэн гол оролцогч, BWC-ийн дэд ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тиав "Бид сүүлийн хэд хоног энд ярилцсанаа ажил хэрэг болгох боломжтой. Өнөөдрийн бидний хийж буй энэ үйл ажиллагаа манай гарагийн ирээдүйг төдийгүй газар шорооноос хамааралтай бүх хүмүүсийн амьдрал, амьжиргаа, боломжийг бүрдүүлэх болно” гэсэн юм.

Тэрбээр мөн “Газар нутаг, ган гачигтай холбоотой асуудал нь уур амьсгалын өөрчлөлт, биологийн төрөл зүйл устах, байгалийн олон янз байдал алдагдах, хүнсний аюулгүй байдал, албадан шилжилт хөдөлгөөн, цаашлаад дэлхийн тогтвортой байдалтай холбогдох өргөн хүрээний нөлөө үзүүлж байгаа учраас энэ асуудлыг шийдвэрлэх арга барилд дэлхий нийтийг хамарсан томоохон өөрчлөлт хийх шаардлагатай” байгааг онцолсон юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна