-Хоёр төрлийн танил-
Хэдэн жилийн өмнө, сар шинэ дөхсөн үед хоёр танилтайгаа таарсан юм. Нэг нь “Цагаан сар болох гээд мөнгөний хэрэгцээ тун ч ихтэй сандарч явна” гэчихсэн явсан. “Хэчнээн төгрөг хэрэгтэй юм, танай цагаан сард” гэж асуухад “Дор хаяж сая, таван зуун мянга аа хө” гэчихээд цааш одож билээ. Харин нөгөөх нь “Манайхаар очоорой, шинийн 1, 2-нд ээж гэртээ байна, 3-наас гараад явчихна шүү” хэмээн тайван ярьсан. Мөнгө төгрөг огт дурдаагүй найзаасаа үгийн далимд сар шинийн бэлтгэлээ хэрхэн базаасныг нь асуувал “Баярын хадгаламжаасаа” хэмээн хоёрхон үгээр товчхон хариулж билээ. Эндээс нийтээр тэмдэглэх баяруудын зардлаа монголчууд хэрхэн шийддэг, дагаж дуурайчихмаар чиг хандлага юу байна вэ гэдэг асуудлыг анхаарах санаа төрсөн юм.
-Баяраас баярын хооронд зүдэх монголчууд-
Манай улс жилд есөн баярыг бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэдгээр баярууд бүгд иргэдээс тодорхой хэмжээний зардал мөнгө шаарддаг. Орлого багатай нэгэнд эдийн засгийн дарамт болдог нь ч бий.
Зардал ихтэй шинэ жил, Цагаан сарын баяраас гадна Хэллоуин гэх мэт маш олон баярыг монголчууд тэмдэглэдэг болсон. Шашны ялгарал үүсэж, иргэдийн тэмдэглэх баяр өөрчлөгдөхийн зэрэгцээ бизнес эрхлэгчид зар сурталчилгаагаар дамжуулан бусдыг мөн тэмдэглэхийг уриалж байгаа нь үүнд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна.
Тухайн шашныхан болон бизнес эрхлэгчдэд илүү хамаатай уламжлалт бус эдгээр баярууд нь Чингис хааны мэндэлсэн өдөр, Бүгд найрамдах улс тунхагласны өдөр, Эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний өдөр гэх мэт монголчуудын дархлаатай холбоотой баяруудын ач холбогдлыг өргөж, үр хүүхдүүдээ дагуулан музей үзэх, түүхэн дурсгалт газраар аялах зэргээр зайлшгүй тэмдэглэх ёстой гэсэн дохиог өгч буй. Энэ нь эргээд иргэдийн нуруун дээр ачаа болдог.
Тэгэхээр, баяруудын ач холбогдлыг эрэмбэлэхээс илүү /ямар баярт ач холбогдол өгөхөө хувь хүн өөрөө шийдэх учир/ санхүүгийн хувьд хэрхэн өөртөө дарамт багатай тэмдэглэх вэ, аливаа баяр, тэмдэглэлт өдрүүдэд зарцуулах мөнгөний хэмжээ орлогын тань хэдэн хувийг эзэлбэл зохистой вэ гэдэг талаар ойлголттой болох нь зүйтэй санагдана.
Санхүүгийн сахилга баттай иргэд баяраар хэрэглэх мөнгөө тусгай данс нээж урьдчилан хуримтлуулдаг. Зургаан дасны арга гэх энэ арга сүүлийн үед түгээмэл болж байгаа нь сайшаалтай.
Монголчуудын нийтээр тэмдэглэдэг баярууд, амралтын өдөр
-Орлогоо захирагдахуй буюу "чирж", "чирэгдэхгүй" болох арга-
Хөгжингүй орнуудад санхүүгийн сахилга бат маш өндөртэй, хамгийн хатуу дүрэм сахидаг хүмүүс нь баярын зардал жилийн орлогын 1 хувиас илүүг эзлэх ёсгүй гэсэн дүрэм барьдаг юм байна. Жишээ нь, жилийн 50,000 ам.долларын орлоготой бол баярын зардлыг 500 ам.доллар орчимд барьдаг гэсэн үг. Гэхдээ энэ бол иргэд нь нийтээрээ санхүүгийн сахилга бат өндөртэй хөгжингүй орнуудад ч манайхны хэлдгээр маш “нарийн” хүний л хэрэгжүүлдэг дүрэм бөгөөд дундаж америк хүн баяр ёслолд жилд 1100 орчим ам.доллар зарцуулдаг гэсэн нь Европтой ч бараг дүйх болов уу.
Энэ нь америкчууд жилийн цалингийнхаа 2 орчим хувийг /Муж, мужид ялгаатай ч АНУ-ын хэмжээнд жилийн дундаж цалин 56,000 орчим байдаг/ л баяр тэмдэглэхэд зориулдаг гэсэн үг.
Тэгэхээр, монголчууд бид америкчууд шиг жилийн цалингийнхаа 2 хувь гэх нь юу юм, гэхдээ өөрсдийн орлогодоо зохицуулаад нэг харьцаа гаргаж, тэрийгээ барьдаг болчихвол бие, биеэсээ дээр, доор орчихлоо гэх, нэг, нэгнээ чирэх асуудал үгүй болох гаргалгаа харагдаад л байна. Яагаад гэвэл, монголчуудын дийлэнх нь ижилдүү цалин орлоготой байгаа шүү дээ.
-Бага зардал, их сэтгэл ханамжтай “Өөртөө зөв” баярлах ухаан буюу шинэ чиг хандлага-
АНУ, Баруун Европын улсуудын иргэдэд баярт хандах хандлага, чиг шугам нь бат суусан байдаг нь манайхнаас ялгарах нэг онцлог. “Хүн болгонтой адилхан баярлах албагүй” гэж ерөнхийлөн нэрлэж болмоор энэ ойлголт дотор авахаар, гээхээр их олон “юм” байна.
Тэдгээрээс сүүлийн үед трэнд болж байгаа нь өөртөө сэтгэлийн таашаалыг хамгийн ихээр өгөх зүйлийг хийж баярлах явдал аж.
Шинэ жилийн шөнө заавал гэртээ их юм бэлдэж, оргилуун дарс буудуулах албагүй гэсэн үг. Үүний оронд ойр дотны хүмүүсдээ бэлэг авч өгөх, өөрийнх нь амьдралд ойрхон, сэтгэлд нь нийцсэн үйл ажиллагаа явуулж буй байгууллага, хувь хүнд хандив өгч, үйл ажиллагааг нь дэмжих зэрэг хэлбэр дэлгэрч байгаа юм байна. Манайхаар бол Цагаан сараар тарган ууц, хэвийн боов авах мөнгөөрөө ах дүүсийнхээ хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, хувцас авч өгөх, үйл ажиллагаа нь жигдэрсэн ТББ-д хандив өргөх гэх мэттэй дүймээр.
Ингэж баярлаж байгаа хүнийг эерэгээр хүлээж авдаг байдал ч тогтож эхэлжээ. Эндээс харахад, баяр ёслол гэдэг эдийн засгийн гэхээсээ илүү сэтгэлийн асуудал, материаллаг эд баялагтай холбоогүй гэдгийг бусад улс ойлгож эхэлсэн байна. Манай улс ч энэ жишгээр явж байгаа ч хувь хүний хөгжилтэй холбоотой ойлголтуудыг /Бусдын ялгаатай байдлыг хүндэтгэх гм/ илүү хурдасгах шаардлага байгаа гэж бодно. Хөгжингүй улсуудад бусдыг хүндлэх нь нийгмийн байдал, гадна төрх гэх мэт ялгамжгүй гагц "хүн" гэсэн ойлголт дээр суурилдаг бол монголчууд "ахмад настай юм", "Гавьяа байгуулсан юм", "Одон тэмдэг авсан юм" гэх зэргээр ялгамжтай ойлголт дээр суурилдаг нь бидний хоцрогдлын нэг шалтгаан ч байж мэдэх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна