Өнөөдөр (2017.05.14) Сонгуулийн ерөнхий хороон дээр 11.30 цагийн үед МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс эмх замбараагүй байдал үүсгэв. Энэ өдөр Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан хугацаанд багтан улс төрийн намуудаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Энэ нь МАХН-ын дарга Н.Энхбаяр, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ, Ц.Шаравдорж нарын тэргүүтэй МАХН-ын гишүүдийн хөлд дарагдах шалтгаан болжээ. Энэ тухай мэдээллийг 11.30 цагт Ц.Шаравдорж өөрийн хуудаснаас LIVE хийж дамжуулсанаар олон нийт тэнд ямар үйл явдал болж байгааг анхаарсан.
МАХН Ерөнхийлөгчийн сонгуулийг шударга болохын төлөө зүтгэнэ гэсэн кампанит ажил өрнүүлж байгаа. Гэвч бодит байдал дээр намын удирдлагууд нь энэ удаагийн сонгуулийг шударга биш болгохын төлөө зүтгээд байх шиг. Дээрх шууд дамжуулсан бичлэг дээр МАХН-ын гишүүн Ц.Эрдэнэжамьян СЕХ-ноос 2016 оны гуравдугаар сард баталсан журам болон СЕХ-ны Ёс зүйн дүрмийг иш татан МАХН өөрсдийн төлөөлөгчөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах хуралд суулгах ёстой хэмээн тайлбарлаж, олон нийтээс дэмжлэг авахыг оролдов.
Монгол Улсын Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн гуравдугаар зүйл 3.4-т Сонгуулийн хороо үйл ажиллагаагаа бие дааж, хараат бус байдлаар явуулах талаар тодорхой заасан байгаа. Энэхүү хуулийн заалтыг тус намын гишүүд дэмжигчид эвдэж, нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж байгаа СЕХ-ны бие даасан байдалд нөлөөлөх оролдого хийчихээд байгаа. Тэд үүнээс болж буруудаж магадгүй болоод байна.
Төрийн тусгай хамгаалалтын чөлөөгөөр үүдэнд цугларсан хүмүүс байр руу дайрч ороход УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ харуул хамгаалалтын алба хаагчийн хоолойг боож зогссон нь содон харагдаж байсан юм.
Юутай ч Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын гишүүд санасандаа хүрч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ Ц.Оюунбаатарын нарын хамт СЕХ-ны хуралдаан руу оруулж чадлаа. 13.10 цагт хуралдааны танхимаас гарч ирсэн Н.Энхбаяр “Өөрийгөө ялтайд тооцох ёсгүй гэдэг үндэслэлээ хэллээ. Өршөөлийн хуулиар үндсэн гол ял орсон. Н.Энхбаяр миний бие Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны 3-105 тоотод сүүлийн 20 жил оршин сууж байгаа. Би аль нэг оронд зургаан сараас илүү хугацаагаар оршин суугаагүй. Ийм тайлбаруудыг өгөөд гарч ирлээ” гэсээр гарч ирсэн юм.
СЕХ бол Монгол Улсын Сонгуулийн төв байгууллага. Цагдаагийн албан хаагчид бол үүрэг гүйцэтгэж яваа төрийн тусгай албан хаагчид. Бие даасан байгууллагын үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлж, хүлээсэн үүргээ биелүүлж яваа цагдаагийн албан хаагчдад түвэг учруулах ёсгүйгээ Төрийн тэргүүн байсан хүн мэдэх л учиртай. Гэвч Н.Энхбаяр СЕХ-нд үүсгэсэн эмх замбараагүй байдлыг зохицуулахаар ирсэн цагдаагийн албан хаагчдад хандан “Энд байгаа цагдаагийн залуучуудад хандаж хэлье. Та нар Монгол Улсыг луйварчидтай хамт идэхгүй шүү. Та нар луйварчдыг хамгаалж болохгүй шүү” хэмээн бас хэллээ. Үүний дараа намын гишүүд дэмжигчиддээ хандан “одоо тарж болно” хэмээн мэдэгдсэн ч заалны энэ тэндээс “Битгий яваарай, явж болохгүй шүү” гэсэн дуу гарч байв.
СЕХ-н дээр үүссэн эмх замбараагүй байдалд нийгэм цаг үеийн амьдралыг даган хүмүүжиж, насаараа МАХН-д үнэнч явсан хөгшид голдуу цугларчээ. Дунд эргэм насныхан, залуучууд бол зохион байгуулагчид бололтой харагдаж байна. Тэд үймээн болж байгаа байрны хаалгаар гарсан хүмүүст хандаж “Бүгдээрээ хариугаа аваад явна, битгий тараарай” хэмээн мэдэгдэж байх юм.
Бужигнааны нэг буланд УИХ-д хэд хэдэн удаа сонгогдож, төрийн өндөр албан тушаал хашиж явсан нэгэн эрхмээс МАХН-ын хөгшчүүл юу болоод байгааг асуун зогсох юм. Шударга үнэний дуу хоолой болж яваа хэмээн ярьдаг тэр эрхэм харин тэдэнд “Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэхээс үхтэлээ айж байна. Тийм болохоор бид нар энэ дээр л дөрөөлөх хэрэгтэй” хэмээн хариулж байв. Энэ нь орчин цагийнхаар бол “тархи угаалт” бололтой юм.
13.30 цагийн орчимд Н.Энхбаяр, Ц.Оюунбаатар, Тулга, Ц.Шаравдорж нар “Бидэнд зөвлөлдөх асуудал байна” гэсээр хуучнаар Лениний музейн буланд тавьсан машиндаа сууж одсон бол З.Баянсэлэнгийн тэргүүлсэн “Битгий яваарай манайхаан, хариугаа авна шүү” гэсэн уриалгад автсан хүмүүс эндээ бужигнаад үлдэв.
СЕХ байрладаг Засгийн газрын байрыг цагдаагийн албан хаагчид хамгаалалтад авчээ. СЕХ нэр дэвшигчдийн асуудлыг эцэслэн шийдсэн хурлын явц, шийдвэрийн талаар ямар нэгэн тайлбар хийж амжаагүй байна. Шийдвэр хүлээгдэж эхэллээ. Харин МАХН-ын эхлүүлсэн эмх замбараагүй байдал хэдэн цаг хүртэл үргэлжлэхийг хэлэхэд эрт байна.
Д.ХАЛИУН
эх сурвалж: updown.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна