Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте-д бараалхаж, харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар албан уулзалт хийлээ.
Родриго Дутерте дэлхий их хаадаас Чингис хаан, Хубилай хааны түүхийг их уншдаг гээд Монгол Улсыг АСЕН-тай ойр дотно, түншийн харилцаа тогтоож ажиллахад туслахаа илэрхийлэв.
Хоёр улс хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарч ажиллах боломжтойг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцолж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг холбох хамтын ажиллагаа тогтоох нь чухал байна гэлээ.
Мөн энэ өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Камбожийн Вант Улсын Ерөнхий сайд Хун Сен-тэй албан уулзалт хийлээ.
Манай хоёр улс 1960-аад онд дипломат харилцаа тогтоосон ч, харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хангалтгүй байгааг хэрхэн хөгжүүлэх талаар санал солилцов.
Камбож Улсын БНХАУ-тай байгуулсан Чөлөөт худалдааны хэлэлцээр, түүний үр дүн, алдаа онооноос суралцах, туршлага солилцох сонирхолтой байгаагаа Монголын тал илэрхийллээ. Хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд Монголд цагаан будаа нийлүүлэх, Монголын аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагаа тогтоох өргөн боломж байгааг Камбожийн тал онцлов.
Боловсрол, хүнс, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллах замаар хоёр улсын жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх, парламент, Гадаад харилцааны яамдын төлөөлөгчдийг харилцан айлчлуулах, Хамтарсан хороо байгуулахаар Ерөнхий сайд нар санал нэгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна