С.Ганбаатар: ОУВС, Рио тинто Монгол төрийн эрх барих эрхэнд халдлаа

2017/05/15

СЕХ-ны өчигдрийн хуралдаанаар МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. Энэ шийдвэрийн талаар өнөөдөр МАХН-ынхан мэдээлэл хийлээ. Тэд “СЕХ-ны шийдвэр маш ерөнхий байлаа. Уг нь СЕХ-ны шийдвэр тодорхой байх ёстой. Тухайлбал нэр дэвшигч шаардлага хангаагүй гэсэн. Ямар шаардлага хангаагүйг дурдаагүй. Бүрдүүлэх шаардагдах метариал дутуу гэсэн. Энэ нь бас байхгүй. Нэг талд ажиллаж буйг нь харуулж байна. СЕХ нэр дэвшигчдийг бүртгүүлэх ажиллагааг нээлттэй явуулна гэсэн атлаа хуралдаанаа хаалттай явууллаа. Бид хурлын явцыг нээлттэй байдлаар сонсохоор очсон ч СЕХ-ноос нэвтрүүлэхийг зөвшөөрөөгүй. Нэр дэвшигч Н.Энхбаяр өөрөө хүртэл очсон. Гэвч цагдаагийн хамгаалалт авч, биднийг нэвтрүүлэхийг хатуу хориглосон” хэмээв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Өчигдөр МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр гуай 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялчихлаа. Үүнийг МАНАН хүлээн зөвшөөрсөн. Тэд ерөнхийлөгч болъё гэвэл сонгох, сонгогдох эрхийг зөрчихгүй байх ёстой байсан. МАХН-ыг иргэний хөдөлгөөн, эвслүүд дэмжиж ажиллаж байгаа. МАНАН гурван сая иргэний эрхэнд халдсан юм биш.

ОУВС, Рио тинто Монгол төрийн эрх барих эрхэнд халдлаа. Тиймээс энэ сарын 18-нд 11:00 цагаас  Сүхбаатарын талбай дээр эсэргүүцлийн жагсаалд ирээрэй. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-ыг дэмжиж бид оролцож байгаа. МАХН-аас ерөнхийлөгч болчих олон хүчтэй боловсон хүчин байгаа.  Ойрын үед МАХН-ын эрх бүхий байгууллага шийдээ гаргаж та бүхэнд мэдээлэх болно. Миний хувьд гурван жилийн өмнө МУ-ын Ерөнхийлөгч болж улсаа авармаар байна төлөвлөгөө гаргаж байсан. Энэ удаад бид МАХН-ын нэр дэвшигчийг дэмжиж ялуулна" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна