МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэснийг тус намаас УИХ-д цор ганц суудлыг авчирсан О.Баасанхүү гишүүн эсэргүүцэж байгаа. Тэрбээр “Миний хувьд намын Бага чуулганд өөрийн байр суурийг илэрхийлж байсан. Төрийг барих зангарагтай, хуулийг ясчлан биелүүлэх, нэр цэвэр хүн нэр дэвшээсэй гэж хүсэж байсан. Нам дээр ирээд нэг цаг 30 минутад сэтгэлийн хөөрлөөр нэр дэвшье гэж хэлсэн хүнийг дэмжих тухай ойлголт байхгүй. Намын харьяаллын хувьд МАХН, дорж хаяж нам бус гэдгээ баталгаажуулсан хүн байх ёстой гэж ойлгож байгаа.
Боловсролын талаас харвал гавьяат хуульч, доктор профессор С.Нарангэрэл гэдэг хүний нэрийг оруулж ирж байсан. УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан гээд дурьдвал нэлээд туршлагатай улстөрч. Гэтэл дээд боловсролтой эсэх гадаадад сурч байсан эсэхээ худлаа тавьж байсан гээд хэвлэлээр бичигдэж байсан ийм хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нь буруу гэж бодож байгаа.
Хуульзүйн хувьд ч боломжгүй, Үндсэн хуулийн хувьд ч боломжгүй гэж харж байна. Би УИХ-д сууж байгаа намын гишүүний хувьд байр сууриа илэрхийлж, нэр дэвшигчийг дэмжихгүй багаагаа илэрхийлж байна. Намайг улстөрийн хөдөлгөөн хийх нөхцөл байдалд битгий хүргээсэй. Хатуухан хэлэхэд намаасаа гарах нөхцөл байдал руу МАХН-ын удирдлагууд битгий түлхээсэй гэж хүсч байна” гэсэн юм.
Тэрбээр цаг үеийн асуудлаар өнөөдөр 11.30 цагт мэдээлэл хийхээр зарлаад байгаа. Түүнийг намаасаа гарах эсэх талаараа мэдээлнэ гэх хүлээлт байна. Үндсэн хуулийн хүрээнд энэ сарын 27-ноос өмнө би намаасаа гарвал С.Ганбаатарын нэр дэвших эрх түдгэлзэх үндэслэлтэй юм байна. Нөгөө талаас С.Ганбаатар тусгаар тогтнол, эв нэгдлийн намаасаа гарсан байх ёстой. Сонгуулийн тухай хуульд өөр намын хүнийг нэр дэвшүүлж болохгүй гэх заалт бий.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна