Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд Эрүүгийн хуулиас эх орноосоо урвахтай холбоотой зүйл заалтыг авсан гэх асуудалтай холбогдуулж байнгын хорооны хуралдааны үеэр айлбар өглөө.
Тэрбээр хэлэхдээ “Өнгөрсөн долоо хоногт батлагдсан Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр эх орноосоо урвах гэдэг зүйл заалтыг устгаад хаясан мэтээр зарим хүн яриад байна. Энэ удаагийн өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн эх орноосоо урвах, төрийн эсрэг гэмт хэрэгтэй холбоотой нэг ч зүйл заалтыг хөдөлгөөгүй. 2015 онд батлагдсан тэр хэлбэрээрээ байгаа. 2002 оны Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлд тусгагдсан “Эх орноосоо урвах” гэдэг зүйл 2015 оны шинэ хуулиар 19.1, 19.4 гэж хоёр зүйл болж салж батлагдсан. Эх орноосоо урвах гэдэг зүйлийг Эрүүгийн хуулиас бүхэлд нь энэ чуулганаар аваад хаясан мэт, эсвэл Эрүүгийн хуульд огт байхгүй юм шиг ойлголтыг зарим хүмүүс яриад байгаа нь огт худлаа шүү. Нийгэмд буруу зөрүү ойлголт өгч тараагаад байгаа нь зохисгүй учир Тагнуулын ерөнхий газар хэвлэлийнхэнд тодорхой мэдээлэл өгөх нь зүйтэй” гэв.
Сэтгэгдэл бичигдээгүй байна