С.Жавхлангийн сонгогчид хөөрхий

2017/05/19
УИХ-ын гишүүн С.Жавхлан өчигдөр Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард оффшор данстай холбоотой хэд хэдэн шаардлагыг УИХ-ын дарга болон Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Гэвч түүний шаардлагад хариу өгөөгүйд ихэд  "тунирхав".  

Үгийг нь  сонсохгүй, "Нохой хуцсан чинээ тоохгүй" болохоор нь Бурхан халдун хайрханд  хов хүргэж, хаданд хүртэл хашгираад иржээ. Уг нь их хуралд гарахаасаа өмнө үхэр тэрэг хөллөж, туулайг урдаа гүйлгэсэн. Мөн сонгуулийнхаа сурталчилгаанд цагаан дээл өмсөн морь унаж дэмжигч олондоо таалагдаад амжсан.  Сонгогч олныхоо итгэл сэтгэлээр эрч хүчтэйгээр их хуралд гарч ирсэн С.Жавхлан гишүүн маань "хаширч" байгаа бололтой.

Тэрээр нэг жил ч бололгүй  сонгогч олныхоо итгэлийг алдаж, шантарч эхлэв. "УИХ-ын гишүүнээ өгсөн ч болно" хэмээн  ам алджээ. Түүний хэлснээр тойргийнх нь сонгогчид  хуралдаа сууж, хууль батлалцахад оролцохгүй байгааг нь огт буруутгахгүй байгаа гэнэ.

Тэр байтугай  хүн ам олонтой Баянзүрх дүүрэгт байшин барилга хэрэггүй, гагцхүү Монголын төрийг  цэвэрлэх л чухал гэж ташуурдсан юм байх.  Бие дааж гарч ирсэн хүнийг ямархуу нөхцөл байдал угтахыг тааварлаж байсан ч гадуурхагдаад хэцүү байгаа учир Төрийн ордноос  дөлөх болсноо илэн далангуй ярина лээ.  

"Үнэнээр явбал үхэр тэргээр туулайг гүйцнэ" хэмээн ярих дуртай С.Жавхлангийн сонгогчид хөөрхий болж байх шиг байна. Сайн дураар “ажил хаясан” гишүүнээ буруутгах уу, эсвэл сайн дураар УИХ-д илгээсэн сонголтондоо харамсах уу.


Т.Очир

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна