П.Очирбат: Бурууг нь шүүмжилж, бүхнийг нь харлуулан үгүйсгэхийн ашиг гэж огт байхгүй

2017/05/22
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын "Хүний мөс чанар" сэдвээр тавьсан лекцийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Бидний өнөөдрийн энэ ярилцлага Монголын зачуучуудад хүрч, тэд өөрсдийнхөө сэтгэл бодлыг янз бүрийн хэлбэрээр солилцож, илэрхийлэх байх. Хүсэл тэмүүлэлгүй хүн гэж ерөөсөө байдаггүй. Хүн бүр дор бүрнээ хүсэл мөрөөдөл, тэмүүлэлтэй. Хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх хувь тавилан өөрт л ногдсон байдаг. Өөрийнхөө хүслийг хүнээр биелүүлүүлэх гэж хүнээс шаардах эрх байхгүй. Түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө сурч мэдэх, ажиллаж бүтээж энэ бүхнийг хийх ёстой. Нийт нь нэгийн төлөө гэдгийг миний хүслийг нийгэм ханган биелүүлэх ёстой гэсэн хандлага байсаар ирсэн. Нийгмээс сайн шаардаад байвал тэр хэмжээгээр хүсэл минь биелнэ гэж бодох тал бий. Энэ бол тун өрөөсгөл ойлголт. Хүн бид нийгэм дотор өсч бойжиж, сурч ажиллаж байгаа болохоор энэ орчноос ангид байна гэж мэдээж үгүй л дээ. Гэхдээ өөрөө нийгэмдээ тодорхой хувь нэмэр оруулаагүй байж нийгмээс юм авах гээд шаардаад байх нь өрөөсгөл байгаа юм. Нийгмээс юм хүсч хүлээж шаардахын тулд өөрөө нийгэмдээ үнэлэгдэхүйц юм бүтээж, хувь нэмрээ оруулсан байх ёстой. Хувь нэмэр оруулъя гэвэл эрдэм мэдлэг сайтай, төлөвшил хүмүүжил сайтай байх хэрэгтэй болно. Хүмүүжил, боловсрол хоёрыг зааглаж салгаж болдоггүй. Хүмүүжил муутай бол хичнээн дээд боловсрол эзэмшээд үр шимийг нь нийгэмд хүртээж чаддаггүй. Хэчнээн ихийг мэдлээ ч ааш авир муутай, хамт олон дотор ажиллаж чаддаггүй, эсвэл хүний үг сонсдоггүй, өөрөөсөө бусдыг дорд үздэг, бардам давилуун зантай хүн өөрийн мэдлэгийг гаргах орчноо хязгаарлаад байдаг. Мэдлэгээ ажил болгоё гэхээр хамт олон, хүрээлэл нь түүнийг хүлээж авахгүй болчихдог. Бусдын дэмжлэггүйгээр ганцаараа бүхнийг бүтээж чаддаг хүн гэж бараг байхгүй.

Нөгөөтэйгүүр, хүмүүжил муутай хүн заримдаа мэдлэгээ буруу ашигладаг. Бусдын тусын тулд биш хувийн сайн сайхныхаа төлөө бусдад хор хүргэх байдлаар ашигладаг. Бүр их буруу ашиглаж байгаа жишээг атом цөмийн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд хүмүүжил муутай байвал түүнийг хүний сайн сайхан хөгжил дэвшлийн төлөө биш нийтэд аюул авчрахаар ашиглачихвал яах вэ. Залуучууд маань давын өмнө сайн хүн болох, сайхан иргэн болж төлөвшихөд анхаарах хэрэгтэй. Эндээс цаашлан дүү нараа, үр хүүхдээ сайн хүн болгох чухал үүрэг бий. Хүн шиг хүн болоорой гэж ахмадууд сургадаг шүү дээ. Тархи толгойтой, гар хуруутай, бусадтай яг адилхан байхад яагаад заавал ингэж онцолдог байсан юм. Хүн шиг хүн байна гэдэг бол гадаад, дотоод хоёр ертөнцөд жигд тэнцүү сайн байхыг хэлж байгаа юм. Эхлээд сайн хүн болж байж эрдэм боловсрол эзэмшин үр шимийг нь хүртэх хэрэгтэй байна.

Хүний чанар гээд л бас ярьдаг. Олон хүн сайнтай муутай, хүний чанар ч янз янз. Монголчууд бидний ярьдаг хүн болох багаасаа гэдэгчлэн сайн хүн болох гэдэг бага балчраас эхэлдэг. Нэр хугарахаар яс хугар гэдэг. Эцэг өвгөдөөс өвлөсөн нэрийг сэвтүүлэхгүй хайрлан хамгаалж хүндэлж явснаар тэр хэрээрээ өөрийн нэрээ мөн тэр түвшинд аваачдаг. Эх эцгийн нэр сүрийг хамгаалах гэдэг бол монгол хүний нандин чанарын нэг. Одсоны яс өндөлзүүлж, амьдын чих халууцуулахгүй гэж тун чухал үг бий. Муу хэрэг хийчихвэл тэдний хүүхэд гэж удмаараа дуудуулдаг. Яагаав, нөгөө тэдний хүүхэд гээд л аль хэдийнэ бурхан болчихсон хүмүүсийг нэрлэн хэдэн үе урагшаа хөөн ярилцдаг шүү дээ. Энэ бол яс өндөлзүүлж байгаа хэрэг. Ингэж эцэг өвгөдийнхөө ясыг өндөлзүүлэхийг монголчууд ихэд цээрлэдэг, эмээдэг, хичээж явдаг. Энэ бол монгол хүний бас нэг сайн чанар.

Эцэг эхээ хайрлах, эмээ өвөөгөө хүндлэх, өвөг удмаа дээдлэх бол үр хойч залуу үеийнхний үүрэг юм гэж хүмүүжүүлдэг. Сургуульд ороход төлбөр зардлыг чинь төлнө, айл болоход гэрийг чинь барьж өгнө, амьдралаа төвхнүүлэхэд хүүхдийг чинь өсгөнө. Ингэж ээлж халаагүй энэрэн бөөцийлдөг нь бас л монголчуудын тун онцлог чанар. Иймээс эцэг эх, эмээ өвөөгөө хайрлаж, халамжлан асарч, баярлуулж явах нь залуу үеийнхний ачлал, бас хариуцлага юм. Ингэж чадаж байвал сайн хүн болж байгаагийн чинь нэг илэрхийлэл дээ. Залуус маань хүн чанарын энэ сайхан ёсыг алдагдуулан эцэг эхээ гомдоож, ачлалгүй яваа нь нэлээд дуулдах болоод байгаа. Хүнийг хүмүүжүүлж төлөвшүүлэх үйл явц монголчуудын хувьд гэр бүлийн дотор л болдог. Гэрийн хүмүүжил бол хамгийн чухал хүмүүжил юм. Тэр удам угсааны зан үйл, хамаг сайн сайхныг залгуулан авч явахад хамгийн тохиромжтой хэлбэр байгаа юм. Хүний ч бай, өөрийн ч бай, таньдаг ч таньдаггүй ч ах зах, ахмадыг хүндлэх ёс гэдэг хүмүүжлийн дээд илэрхийлэл, үзүүлэлт байх. Энэ тал дээр одоогийн залуучууд нэлээд анхаармаар харагдаад байгаа юм.

Хүний мөс гэж бас ярьдаг. Яриа хөөрөө чагнаж байхад ирээдүйдээ итгэх итгэл нэлээд алдарч байна гэсэн үг олонтаа сонсогдоод байх болж. Яагаад тэр вэ? Ирээдүй чинь би, та өөрсдөө шүү дээ. Сайхан залуучуудтай хэрнээ яахаараа ирээдүйдээ итгэх итгэлгүй болдог билээ. Бидний ирээдүйг хэн нэгэн америк, япон хүрч ирээд шийдэхгүй биз дээ. Ухаан, мэдлэг оюун, чадвар чадамж, хичээл зүтгэл, хөдөлмөрөөрөө ирээдүйгээ бид өөрсдөө л гардаж бүтээнэ. Хүүхэд манай ирээдүй гэдэг үг зүгээр л нэг чамин ч юм уу, хээнцэрлэж хэлсэн үг биш шүү. Мөн чанар нь тийм. Үе удам залгамжилж, эх орныхоо эзэн болоод явдаг, амьдралаа бүтээж дархлаад явдаг мөн чанар нь тийм учраас хүүхэд, залуучууд манай ирээдүй мөнөөс мөн. Ямар нийгэмд амьдармаар байгаа юм, юу хийж бүтээхийг хүсч яваа юм, тэр тэмүүллээ хэрэгжүүлэх боломж бололцоо залуучуудын гарт л байна. Үе болгон өөрийн залуучуудтай. Үе үеийн залуучууд өөрийн гэсэн онцлох чанартай. Би тухайлбал 1960-аад оны оюутан. Тэр үед биднийг ахмадууд заримдаа жаахан зэмлэдэг. 16, 18-ын гэгддэг шилбээ барьсан нарийхан өмд өмсдөг, үсээ шилээ давуулан ургуулдаг байсан үе. Шилээ дарсан үстэй, шилбээ барьсан өмдтэй гэж хоршоо үг ч гарсан шүү дээ. “Энэ золигнуудын үс зүс, хувцас хунар, байгаа байдал нь олиг муутай” гээд тухайн үеийн залуус биднийг ахмадууд зэмлэдэг л байсан. Тэгж зэмлүүлж явсан залуусын нэг нь Ерөнхийлөгч болчихсон явсан шүү дээ.

Тухайн үеийн залуусын дүр төрх, онцлог ялгаа тийм байж. Өнөөдрийн залуус мөн л өөрийн гэж ялгарах дүр байдал, шинж төрхтэй. Арай л боловсронгуй, чамин дэгжин байна. Бүсгүй хүүхдүүдийн бас их өөрчлөгдсөн. Хүйс, бэлхүүсээ гаргаад л явдаг болсон шүү дээ. Энэ чухам оновчтой юу, үгүй юу гэдгийг би хэлж мэдэхгүй. Халуун орныхон л нэг иймэрхүү байдгийг бид мэддэг байсан. Тэднийг дуурайж ийм өндөр газрын сэрүүн орныхонд энэ нь хэр зохимжтой юм бол. Харагдах байдал талаасаа биш, зөв аж төрөхүйн талаас нь харж байгаа хэрэг л дээ. Хойд хөршүүд яагаа ч үгүй эрт үстэй малгай, нэхий шубадаа орчихдог атлаа нимгэн ботинк, шилэн өмдтэй явж байдгийг та нар мэднэ. Тэдний нутгийн салхины даралт дээрээсээ учраас толгой талаасаа сайн хамгаалж өгөх онцлог гарч ирдэг юм. Гэтэл манайхан ихээ эрт эсгий монгол гутал, нэхий өмддөө орчихдог. Толгой нь харин уур савсаад нүцгэн явахад гэмгүй л байдаг. Энэ бол нутгийн онцлогтоо тохирсон зөв хувцаслалт. Энэ байдал бүр алдагдаж, охид бүсгүйчүүд маань мэдэх мэдэхгүй олон өвчний эх үүсвэр болох нь нэмэгдээд байх шиг. Цаг цагийн залуусын шинж төрх өөр боловч амьдарч буй нутаг орны маань байгаль, цаг уурын онцлог гэж юм тогтмол хадгалагддаг. Энэ онцлогтоо дасан зохицож тохируулан хэдэн мянган жил хэрэглэж ирсэн эд хэрэглэл, түүнд агуулагдсан сэтгэлгээг үндсээр нь үгүйсгэж, хаа байсан халуун Африкийн соёл моод дагах нь их эрсдэлтэй санагдаад байгаа юм. Ингэж хэлж байгаа нь та нар монгол гутлаа л заавал өмс гэж байгаа үг биш юм шүү дээ. Цагийг нь олж зохицуулах нь мэдээж байх ёстой үзэгдэл.

Түрүүхэн цухуйлгаад орхичихсон хүний мөсний талаарх яриагаа үргэлжлүүлье. Хүний сайхан чанараа хэр хадгалж байгаагаар нь хэр хүний мөстэй явааг нь шинжинэ гэж ойлгож болно. Тусархуу, өрөвч, хүний өөрийн гэж ялгалгүй ханддаг нь өөрчлөгдөөд хувиа бодсон, уур уцаартай зантай, ядарсан зүдэрсэндээ тусалж дэмжих, өрөвдөн энэрэх сэтгэл нь нэлээд хатуу болчихсон, бусдад буян хийхээсээ гай тарих нь олширчихсон гэхчлэн хүн чанарын сайхан илэрхийллүүд эсрэг тал руугаа хэлбийн хувирч байгаа хүн чанар, хүний мөс муудаж байна гэж хэлээд байгаа юм. Энэ их ортой. Зах зээл гэдэг угаасаа ихээхэн өрсөлдөөнтэй орчныг хэлдэг юм байна, түрүүлж л жаахан юм олж долоохгүй бол тэсч үлдэж чадахгүй юм байна, за амиа л бодно шүү гэх эдэд түшиглэсэн сэтгэлгээ нь давамгайлаад хүнлэг чанарын үйл хөдлөл нь гацчихаад, эсвэл хожуу хойно нь орчихоод байгаа. Үүнээс үүдээд хүний мөс муудаж байна уу даа гэсэн эргэлзээ болгоомжлол бий болсон. Нийгэм журмын үеийнх шиг бүхнээ хувааж идээд, маргааш гэж өдөр байхгүй юм шиг халгиаж цалгиагаад явахыг арай бас хэлээгүй. Зөвхөн хувиа бодоод, би л болж байвал бусдын хэрэг надад хамаагүй гэж туйлшрахыг хүний мөсгүй болж байна гэж ойлгож дүгнээд байгаа болов уу гэж би боддог. Тиймээс манай залуучууд тэртэй тэргүй Монголын ирээдүйд хамтынхаа хүчээр, хамтын мэдлэг оюунаар бүтээнэ. Эв эеэ хичээж, бие биедээ хань түшиг болсноор бүхнийг бүтээнэ гэсэн үзлийг үзүүлэн түгээх хэрэгтэй байгаа юм. Энэ нь угаасаа монгол ухаан, монгол заншил сэтгэлгээний гол түлхүүр нь шүү дээ.

Эх орон, эх оронч үзлийн тухай орхигдуулж болохгүй юм. Эх орон гэж юу юм, хаанаас эхэлдэг юм гэдэгт тогтсон хариултгүй, ойлголт үгүй учраас олон янзаар тайлбарлаж мэтгэлцдэг. Хамгийн энгийнээр бодоход эх орон гэдэг өөрийн чинь мэндэлсэн гэр орон юм. Эх үр хүйн холбоотой. Өөрөөр хэлбэл хүн төрөхдөө эхтэйгээ хүйс нэгтэй байдаг. Ийм учраас эхийг хайрлах, хүндэтгэх гэдэг асар их чухал гэдэг нь энэ холбоог хэлээд байгаа хэрэг. Нөгөөтэйгүүр, хүйсний цаана тасраад үлдсэнийг төрсөн газар, хаваржаа намаржааны хөрсөн дээр хүйн чулуун дор дарсан байдаг. Хүйсний нөгөө тасархай чинь тэнд бий. Хүйн чулуунд дараастай тэр хөрс чиний эх орон. Тэгэхлээр чи эхтэйгээ, эх оронтойгоо аль альтай нь хүйгээрээ холбогдсон байгаа биз. Та бид энэ сая таван зуун жаран таван метр хавтгай нутаг дээрээ хоёр саяулаа айл аймаг, сум баг болон амьдарч байна. Тэр баг сум болгон энэ хоёр сая хүний хэн нэгнийх нь хүйгээр холбогдсон эх орон. Харин бид хоёр саяулаа харахад энэ монгол нутаг тэр чигээрээ бидний эх орон. Энэ эх орноо, төрүүлсэн эцэг эхээ хайрлахгүй юм бол бидний амьдралын утга учир чухам юундаа байх вэ. өөрийг нь төрүүлсэн эх эцэг, эх орны төлөө цохилдоггүй зүрх гэвэл чухам юу байх юм. Хэрвээ ингэж цохилохгүй юм бол хэн хүрч ирж бидний эх эцэг, эх орныг гэх юм. Нэг их том, баримжаагүй зүйл биш байгаа биз. Эх оронч үзэл гээд асар том юмны тухай яриад байгаа шиг мөртлөө яг нарийн дээрээ хамгийн нарийн нандин сэтгэл зүрхний харилцааг л хөндөгдөж байгаа юм. Энэ л орчноо ариун тунгалаг, өөдтэй өнгөлөг, элбэг баян авч явах хариуцлагатай болж таарна. Үүний төлөө бид тэмүүлдэг, мөрөөддөг.

Хүн мөрөөдөл тэмүүлэлгүй байж хэрхэвч болохгүй. За яахав, тэгж байтал болно биз, явж л байя. Яаж явна гэхээр өө яахав, шороо хөдөлгөж л явна… Ийм идэвхгүй амьдарч болохгүй шүү дээ. алхам бүрдээ сурч, боловсорч, мэдэж, хийж бүтээж, үр дүнд нь баясаж, ах дүү амраг садандаа хүртээж явах хэрэгтэй. Бидний дунд бас нэг яриа байгаа. “Надгүйгээр болно доо, би юугаар гийгүүлээ аж” гэж. Ингэж өөрийгөө дорд үздэг гутрангуй гэмээр нэг үзэл бидний дунд яваад л байна. Өөрийгөө голж гутрангуй явснаас дэврүүн байх нь дээр. Нөхрийг муу хэлэх, өөртөө муу байгаа юм шиг бодон өөрөө түүнд муу хандах ёстой юм шиг санаж хандах маш буруу. Маргаж байгаа хоёр хүний аль алинд нь зөв тал заавал бий. Маргахаасаа урьтаж тэр зөв талыг нь олж тусган авч, зөвийг нь дэмжиж, зөв дээр хоёулаа хүчээ нэгтгэ. Ингэхэд маргаан мартагдаж орхигдоод, хоёул дэмжсэн ажил нь харин эрчтэйгээр урагшилдаг. Бурууг нь шүүмжилж, бүхнийг нь харлуулан үгүйсгэхийн ашиг гэж огт байхгүй. Энэ намайг дандаа шүүмжилж, надад дандаа муу санаж явдаг учраас түүнтэй би нөхөрлөхгүй, тэр миний дайсан гэж хандмаар бодогдож болох юм. Гэтэл ингэж болдоггүй юм байна. Өөрийн чинь тухай хэн нэгэн таагүй сэтгэгдэлтэй байгааг мэдсэн л бол чи харин ч түүнд сайн ханд. Сайн талыг нь олж харж сайшаа. Тэгээд ирэхээр нөгөө хүн өөртөө дүгнэлт хийгээд, чамд бас сайн хандаж эхэлнэ. Бүр сайн нөхөр чинь болж хувирна. Тэр надад муу, би ч бас тийм байна гэсэн бодол дүгнэлтээр хаачихаад яваад байж болохгүй. Энэ бол манай залуучуудад алхам тутамд нь хэрэг болох чанар юм шүү. Ялангуяа хүн ам их төвлөрсөн их хөлийн газар иймэрхүү араншин их бий болоод байна. Хөдөө орон нутагт хүн ам цөөхөн учраас голдуу бие биенээ мэддэг, сайн муугаа баримжаалдаг шүү дээ.

Уур уцаар гэж бас нэг хэрэггүй юм байна. их эрчимтэй хөдөлгөөнтэй энэ үед стресс гээд нэг гадаад үг ороод ирлээ. Стресстээд, түүнээ тайлахаар баар цэнгээний газар луу явдаг ухааны юм ярьдаг болсон. Уг нь ойд явмаар байна шүү дээ. Тэнд л жинхэнэ алжаал ядаргаа тайлагдана даа. Эсвэл уудам талд гараад тааваараа алхаж болохоор. Гэтэл манайхан тайлах биш бүр ч ядраахаар газар луу зүтгээд байгаа юм биш биз. Алжаалаа тайлж ангижирч чаддаггүйгээсээ болоод уур уцаар ихтэй, өчүүхэн өөнөөс ч маргаан муудалцаан гаргахаар байдалтай болчихдог. Эцэст нь бие биедээ хань, түшиг тулгуур болж явах монгол зан заншлуудыг эрхэмлэж явбал хүний мөс сайтай хүн явна.

Эрдэм боловсролын чухлыг энд дурьдаад яахав. Харин давын өмнө эх монгол хэлээрээ сайхан ярьж хэвших хэрэгтэй. Та нар заримдаа сайхан гэх гээд “аягүй эсвэл аймаар” болгочихдог. Аягүй гэдэг зэвүүн, ёстой аягүй л юмыг хэлнэ шүү дээ. “Аягүй сайхан”, “аймаар сайхан” гэхээр харин ч сөрөг утгатай болоод явчих жишээтэй. Үүнтэй адилаар “муухай гоё” гэнэ. Эх хэлээрээ ойлгомжтой сайхан ярьдаг болж эзэмшчихээд гадаад хэл сурсан нь дээр. Бидний үед орос хэлийг тууштай үзэж, сайн эзэмш гэдэг байсан бол та нар орос хэлийг тоохгүй талдаа, англи болон бусад хэлийг илүү сонирхож байна. Буруу гэж байхгүй. Гэхдээ туйлшрах хэрэггүй. Бидний үед англи, япон, хятад зэрэг хэл сурахаар оролдвол хөрөнгөтний хэлээр яах гэж байна, их Зөвлөлт, аугаа Лениний хэл байхад гэхчлэн дэмждэггүй байлаа. Одоо бол аль ч хэлийг ямар ч байдлаар сурах боломж нээлттэй байна. Интернэтээр ч суралцаж болж байна. Оролдох биш сурсан шиг сурах хэрэгтэй. Англи үгээр монголоор яриад байж болохгүй. Тиймээс үгийг нь төдийгүй аялга, сэтгэлгээг нь ч сурах хэрэгтэй. Хэл гэдэг зөвхөн мэдлэг эрдмийн төдий бус ажил төрлөө амжилттай явуулахад хэрэгтэй харилцааны чухал хэлбэр болчихсон байна. Даяаршлын эриний бүх мэдээлэл энэ хэл дээр, ашиглаж хэрэглэж байгаа утас, компьютерээс авахуулаад орчин тойронд байгаа даяаршлын бүтээгдэхүүн болгон энэ хэл дээр байгаа учраас амьдралын шаардлага болчихсон байна. Иймээс сурсан шиг сурах хэрэгтэй. Хүн шиг хүн байх, хүн мөстэй амьдрахын зах зухаас үе хойч та бүхэндээ захилаа. Одоо хамтдаа ярилцацгаая.

– Үндсэрхэг үзэл гэж таны хувьд юу вэ?

– Үндэсний үзэл, үндсэрхэг үзэл гэж газар тэнгэр шиг ялгаатай хоёр тусдаа ойлголт бий. Аливаа үндэстэнд, тэр тусмаа монголчуудад үндэсний үзэл онцгой чухал. Эх эцгээрээ, өвөө эмээгээрээ, нутгийнхнаараа, өөрөөр хэлбэл үндсээрээ бахархах үзэл бидэнд байх ёстой. Би ийм монгол хүн гэж байж хүний орчлонд өөрийн гэсэн нэр нүүртэй, мөртэй үйлтэй явна. Үндэсний үзэл нэвт шингэсэн байж байж бид монгол хүн байна. Үндэсний үзэл байхгүй бол биднийг монгол гэж яаж ялгах вэ, бид өөрсдийгөө ч хэн гэж үзэх вэ. Монгол үндэстэн болж төрсөндөө би бахархаж явдаг. Ийм үндэсний үзэл чиний, миний, бидний бахархал. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын Ерөнхий зүйлийн 1-рт нь “Монгол Улсын оршин тогтнох аюулгүй байдлын үндэс нь үндэсний үзэл мөн” гэсэн өгүүлбэр байдаг. Энэ зүгээр нэг зохиомол юм биш төрийн бодлогын баримт бичиг дотор тодорхойлж заасан үг. Үндэсний үзэл бол хүн болгонд байх бахархал юм. Бид эзэн хаан Чингисээрээ бахархдаг. Энэ бол үндэсний үзэл. Тэгвэл үндсэрхэг үзэл гээч нь юу вэ гэхээр, өөрийнхөө үндэстэнг бусдын дээр тавьж, бусдад дээрэлхэх үзэл юм. Хүн төрөлхтний сор нь, жанжлагч нь ч гэдэг юм уу бид байх ёстой, Монгол үндэстэн дэлхийг ноёрхож байх ёстой, яагаад гэвэл бидний эзэн хаан энэ дэлхийн талыг эзлээд эзэгнэж байсан. Дэлхийн том эзэн бол Чингисийн монгол байх ёстой гэх мэтээр өөрийн үндэстнээ дэвэргээд, бусад улс үндэстнийг дорд үзэх, дээрэлхэх, дарамтлах үзэл бол үндэсэрхэг үзэл юм. Намайг байхад чи юу юм гэсэн л үзэл гэж энгийнээр ойлгож болно. Бид хэзээ ч ингэж болохгүй. Бид бие биедээ нөхөр, хамтран зүтгэгчиддээ түнш л байх ёстой. Дэлхийн бөмбөрцөг дээр байгаа зургаан тивийн улс үндэстнүүдтэй найрсаг, эвтэй амьдрах учиртай. Бидний хэн ч ялгаагүй дэлхий гэдэг нэг л бөөрөнхий дээр багтан амьдарч байгаа. Цугаараа дэлхийн иргэд учраас бие биедээ үндсээрээ дээрэлхэнгүй хандаж болохгүй. Бид үндэсний үзлийг хөгжөөн дэмжинэ, үндсэрхэг үзлийг хүлээн зөвшөөрөхгүй.

– Өнөөдөр хүүхэд гаргавал тэдэн төгрөг, гэр бүл болбол тэдэн төгрөг гэх зэргээр тэтгэмж өгч байна. Энэ нь иргэдийхээ толгойд биш ходоодонд юм хийж байгаа хэрэг биш үү. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

– Эдээр биеэ чимэхээр эрдмээр биеэ чим гэсэн ахмадын сургаал байна. хүүхэд залуу хойч үедээ бидний өвлүүлж өгөх баялаг бол ерөөсөө эрдэм боловсрол. Эрдэм боловсролын төлөө байгаагаа өгөхөөс л аргагүй. Тэгж байж сүүлд ачийг нь эцэг эх ч хүртэнэ гэж горьдож байгаа, эх орон ард түмэн ч тэгж хүлээж байгаа. Эд баялгийн тусламж гэхээсээ эрдэм номтой болоход нь үзүүлсэн тусламж их чухал. Сурах гээд төлбөр мөнгийг нь даахгүй яваа залуучуудад нэг жилийнх нь ч атугай төлбөрөөр дэмжих шиг буянтай ажил үгүй. Залуусыг дэмжихээс аргагүй байдал бий. Гагцхүү төр нийгмийн зүгээс залуу үедээ үзүүлэх тусламж дэмжлэгээ зааглан ялгаж өгөх нь илүү ойлгомжтой, тодорхой болгох юм л даа.

– Манай боловсролын тогтолцоо их хоцрогдсон байна гэж ярьдаг. Эрэлт нийлүүлэлт нь хоёр тийшээ салчихсан ч юм шиг заримдаа харагддаг. Манайд нийгэмд хэрэгцээтэй мэргэжилтэн бэлтгэж чадаж байна уу?

– Олон сургууль байна. Жил бүр олон арван мянган мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэн гаргаж байна. Тэд оюуны зах зээл дээр тодорхой орон зай эзэлж, ажил олоод яваад байгаа учраас тодорхой хэмжээний эрэлт байна гэж ойлгож болох юм. ер нь нарийндаа үзвэл энэ үйлдвэр үйлчилгээний салбар боловсролын тодорхой түвшингүүдийг шаарддаг. Үүгээрээ ялгаа заагтай байх ёстой. Одоо бол цугаараа дээд боловсрол олгодог болчихсон байна. Гэтэл нийгмийн хэрэглээн дотор дээд боловсролтой мэргэжилтнүүд ажиллах нэг хүрээ байна. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нь ороод явах оператор гэж нэрлээд байгаа тодорхой мэргэжлийн ажилтнуудыг шаардах бас нэг хүрээ байна. Үүнд гагнуурчин, автоматикийн засвар тохируулгын механикч, үйлдвэрлэлийн шугамын удирдагчид, хуучнаар ээлжийн мастерууд, бүх чиглэлийн инженерүүд гэх мэт үйлдвэрлэлийн явцыг дааж ажиллах амин чухал хүмүүс багтана. Нөгөө нэг хүрээ нь яг өөрийн гараараа үйлдвэрлэлийг биечлэн гүйцэтгэдэг ажилтнуудыг шаардана. Уурхайд яривал эксковаторчин, барилгын ажил дээр яривал нийв бариад өрлөг засал хийдэг нарийн мэргэжлийн энэ хүмүүсийг бид бэлдэхгүй байгаа. Хуучин бол Техник мэргэжлийн сургууль гэж байгаад, тэнд 8, 10-р анги төгссөн хүүхдүүдийг сургаад, ерөнхий боловсролын гэрчилгээг мэргэжлийн үнэмлэхтэй нь олгочихдог байлаа. Цахилгаан, эсвэл хийн гагнуурчин гэхэд уулын, цахилгааны, барилгын аль ч салбарын үйлдвэрт ажиллаж болно.

Хаана металл хийц байна, тэр бүхэнд ажиллаж болдог хөрвөмтгий мэргэжил. Гэтэл бид тийм мэргэжилтэнг бэлдэхээ байчихсан. Яагаад ТМС-ийн нэр хүндийг унагачихсан юм гэхээр дунд сургуульд дунд гарсан хүүхдийг “Чи сурлага муутай учраас ТМС-д өгнө” гэх маягаар сурлага муутай, зүггүй дүрсгүй хүүхдүүдийг явуулдаг газар шиг сэтгэгдэл төрүүлсэн. Ийм ойлголт газар авчихсан учраас хүүхдүүд тэнд очих дургүй, сурсан ч нэр хүндгүй гэж харагдахаар болчихсон. Өнөөдөр бүгдээрээ бакалавраас дээш зэрэгтэй дээд мэргэжилтнүүд болоод гагнуур хийдэг хүн ганц ч байдаггүй. Үйлдвэр дээр тэр мэргэжлийн хүн дутаад байдаг, өөр газар нь олон дипломтонгууд багтахгүй, ажил олдохгүй болоод байдаг. тухайлбал, оёдлын бакалаврт яаж оёх тухай л заагаад байхаас оёулж сургадаггүй. Нэг сайхан монгол дээл эсгээд оёод орхи гэхээр чаддаггүй. Хийж сурдаг, хийлгэж сургадаг тогтолцоо манайд үнэхээр хэрэгтэй байна. Барилгаар яривал баахан архитекторууд бэлтгэчихсэн, барилгыг нь барих хүн харин олдохгүй. Энэ тал дээр бид үнэхээр алдсан. Хэдэн жил үргэлжилсэн энэ гажгийг засахаар манай төр засаг ажиллаж байгаа ч дорвитой бүтээлч үр дүн гарч эхлээгүй л байна. Хүн болгон эрдэмтэн, доктор байх албагүй. Хүн болгон бүтээлч чадамжтай, уран ухаантай байх хэрэгтэй.
 
Пунсалмаагийн Очирбат


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна