Төр тэргүүлэх хүнд боловсролоор нь босго тогтооё

2017/05/22
Аливаа улсын Төрийн тэргүүн байх анхны бөгөөд түлхүүр шаардлага нь тухайн хүний боловсролын түвшин байдаг талаар олон улсын эх сурвалжууд онцолж ирсэн. АНУ, Сингапур зэрэг орныг өнөөгийн өндөр хөгжилд хөтөлсөн нууц нь тэдгээр орныг удирдаж байсан хүмүүсийн боловсролын түвшинтэй холбоотой гэж дүгнэж болохоор байна.

Тухайлбал, АНУ-ын 44 Ерөнхийлөгчийн 33 нь коллежийн болон түүнээс дээш түвшний боловсролтой аж. Харин 32 хувь нь доктор, профессор цолтой гэнэ. Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч байхын тулд ямар боловсрол, мэргэжил эзэмшсэн байх талаар тусгайлан зааж өгсөн байдаг юм байна. Юуны түрүүнд, хууль, эрх зүйн өндөр мэдлэгтэй байхаас гадна түүх, улс төрийн онолын мэдлэгтэй байх, эсэх нь хамаатай аж.

Мөн цэрэг, арми, гадаад харилцааны мэдлэгтэй, эсэх болон бусдыг манлайлах чадвар зэргийг зайлшгүй харгалздаг гэнэ. АНУ-ын Ерөнхийлөгч нарын 80 хувь нь өндөр боловсролтой юм байна. Жишээ нь, Теодор Рузвельт, Барак Обама нар алдарт Харвардын “бүтээгдэхүүн” бол Вүдро Вильсон Жон Хопкинсийн их сургуулиас докторын зэрэг хүртсэн нэгэн. Тус улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жон Кеннеди нэгэнтээ “Үндэсний хүчирхэг байдлыг нэмэгдүүлэхэд боловсролын түв­шин хамгийн чухал нөлөөтэй. Ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийхийн тулд энэ улсыг удирдаж байгаа хүмүүс өөрсдөө өндөр боловс­ролтой байх ёстой” гэж байжээ.

Загасчны тосгон байсан Сингапурыг 50 жилийн дотор дэлхийн зургаа дахь баян улс болгосон нууц ч удирдагчдынх нь боловсролын түвшинтэй холбоотой болохыг судалгаа нотолсон байна. Энэ улсын хөгжлийг “Сингапурын эцэг” гэгддэг Ли Куан Юнаас салгаж ойлгох аргагүйг хүн бүр мэдэж буй биз ээ. Кэмбрижийн их сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн тэрбээр Сингапурыг хөгжүүлэх “гуравдагч зам” гээч бодлого дэвшүүлсэн байдаг бол өдгөө тус улсыг удирдаж буй Тони Тан Денг Массачусетсийн их сургуулийг магистрын зэрэгтэй дүүргэжээ.

Тэгвэл сар гаруйнхны дараа тодрох Ерөнхийлөгчийн төлөөх өрсөлдөөнд хүч үзэж буй хүмүүсийн боловсролын түвшин ямар вэ. Улс орноо олон улсад төлөөлж, бүх ард түмний эв нэгдлийн илэрхийлэл болох учиртай энэ хүн хаана ч очсон үндэсний болон олон улсын асуудлаар байр сууриа илэрхийлж, санал солилцон эх орныхоо “нэрийн хуудас” нь болох учиртай. Үндсэн хуульд заасанчлан Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хамгийн түрүүнд боловсрол чухал.

Монгол Улсын Ерөнхийлөгч хууль, УИХ-ын бусад шийдвэрт хэсэгчлэн болон бүхэлд нь хориг тавих, улс орноо гадаадад төлөөлөх, уучлал үзүүлэх, Монгол Улсын нэрийн өмнөөс гэрээ байгуулах, онц болон дайны байдал зарлах, цэрэг хөдөлгөх гэх зэрэг өргөн эрх мэдлийг хэрэгжүүлэхийн тулд нэр дэвшигчдээс хамгийн түрүүнд боловсролыг харах шаардлага тулгарч байна. Энэ нь эргээд төр, иргэний харилцаа хийгээд төр тэргүүлэх тухайн хүний хүлээн зөвшөөрөгдөх байдалд чухал нөлөөтэй.  

Аливаа хүн боловсролынхоо хэрээр харах өнцөг нь тэлдэг. Тэр тусмаа энэ улсыг авч явах Төрийн тэргүүн аливаа асуудлыг эх орон, ард түмний цараагаар сэтгэж, бодлого боловсруулдаг байх ёстой. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй эрхмүүдийн тухайд МАН-аас өрсөлдөж буй М.Энхболд МУИС-ийг эдийн засагч, АН-ын нэр дэвшигч Х.Баттулга Дүрслэх урлагийн дунд сургуулийг зураач мэргэжлээр төгссөн бол МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нь хуурамч дипломтой гэх шуугианы эзэн болж байсан юм. Түүний албан ёсны намтраас харахад гадаад, дотоодын хэд хэдэн сургуульд сурч байсан гэх мэдээлэл буй.

 
Б.Оргил
эх сурвалж:breakingnews.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна