Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр хэн тодрох вэ гэдэг асуултаас дутахгүй улстөрийн хүрээнд цаашид өрнөж болзошгүй өөр нэгэн сонирхолтой үйл явц бол эрх баригч хүчин доторх дараагийн улстөрийн хүчний хуваарилалт хэрхэн явагдаж, хэн гэдэг лидер М.Энхболдын орыг залгах гэдэг явдал юм.
УИХ-ын дарга бөгөөд МАН-ын дарга М.Энхболдын тухайд хэрвээ энэ удаагийн сонгуульд ялалт байгуулж Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож чадвал УИХ-ын гишүүний суудал, УИХ-ын даргын суудал, МАН-ын даргын суудал тус, тус МАН дотор хэн нэгэнд нээлттэйгээр үлдэнэ.
Тэгвэл МАН-ын даргын суудлын төлөөх өрсөлдөөн Шадар сайд У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарын хооронд битүүхэн өрнөж байгаа гэх мэдээлэл байна. Ямартай ч тус намынхан энэ цаг үед дээр, дооргүй Ерөнхийлөгчийн сонгуульд бүх анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байгаа хэдий ч нэр дурдагдсан хоёр эрхмийн хэн нь намын дарга болох вэ гэдэг нууцхан өрсөлдөөн МАН дотор аль хэдийнээ өрнөж эхэлсэн нь тодорхой аж.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ удаад МАН-ын дараагийн даргаар сонгогдвол үлдэж буй хугацаанд танхимаа удирдаад явах чадамжаар хангагдаж, цаашид “айх айдасгүй” болно. Харин МАН-ын даргын тамга Зүүний хүчний холбоо хэмээх хүчирхэг нэгдлийг нам дотроо үүсгээд удаж буй У.Хүрэлсүхэд очих аваас Ерөнхий сайдын эрх мэдлээ авах улстөрийн амбийц гаргаад зогсохгүй Засгийн газрын зарим сайд нарыг чөлөөлж орны хүмүүсийг нь дагуулж очих нөхцөл байдал үүсэж болзошгүй.
Учир нь өнгөрсөн хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааг хамгийн их шүүмжилж байгаа Ч.Хүрэлбаатар, Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр нар У.Хүрэлсүхийг ил далд дэмжиж байгаа бөгөөд У.Хүрэлсүх ч Ерөнхий сайд болсон даруйдаа эдгээр хүмүүст сайдын суудлыг найр тавих магадлалтай юм.
Харин УИХ-ын даргын суудалд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах санал хураалтад нам дотроо өрсөлдөөд ялагдал хүлээн Ц.Нямдорж болон өрсөлдөөнөөс нэрээ татсан Ө.Энхтүвшин нарын аль нэг нь очих болов уу.
Мөн УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд Төв аймагт хэн өрсөлдөх вэ гэдэг асуулт бас л анхаарал татсан сэдвүүдийн нэг. Эх сурвалжийн мэдээлж байгаачлан Ерөнхийлөгчийн санал хураалтын дүн хэрхэн гарахаас хамаарч Төв аймгаас суларч магадгүй 28 дугаар тойрогт одоогийн Шадар сайд У.Хүрэлсүх, Улаанбаатар хотын дарга С.Батболд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясагалан нарын нэр яригдаж байгаа юм байна.
Юутай ч Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн эцэслэн гарсны маргааш өдрөөс нь эхлээд М.Энхболдын эзэмшиж буй одоогийн суудлуудын төлөө МАН-ын 70-аад оны залуучууд өөр хоорондоо ширүүхэн өрсөлдөж нам доторх хүчний хувиарлалт, түүхээ өөрөөр бичиж эхлэх бололтой.
Р.Улам-Оргих
Сэтгэгдэл бичигдээгүй байна