МАХН-ын удирдлагууд болон тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Ганбаатар сонгуулийн хандивын дансаа албан ёсоор нээж байгаагаа зарлалаа. Тэдний байр суурийг хүргэе.
С.Ганбаатар: АРД ТҮМНИЙХЭЭ ДЭМЖЛЭГТ НАЙДАЖ БАЙНА
-Ард иргэдийнхээ төлөө дуу хоолойгоо хүргэсэн 12 жилийн хугацаанд авлигачдын халаасанд оролгүй, ард түмнийхээ хяналт, дэмжлэгт найдаж ирсэн. Одоо ч энэ зарчмаа баримтална. Цаашид ч тийм байх болно. Олигархи, оффшор данстай хүмүүс, үндэстэн дамнасан том корпорациас хэзээ ч мөнгө авахгүй. Харин ард түмнийхээ дэмжлэгт найдаж байна. Хүн болгон бололцооныхоо хэрээр намайг дэмжээсэй хэмээн хүсч хандивын аянаа эхлүүлж байна. Ард иргэдийнхээ төлөөлөл болж ирсний хувьд ард түмнээсээ хандив гуйж байна.
Сонгуулийн хар пиар эхэлсэн байна. Жинхэнэ монгол хар пиар эхэлжээ. Нэр дэвшигч миний биеийг очиж очиж Рио Тинтогоос мөнгө авсан тухай ярьж байна. Н.Энхбаяр дарга олон жилийн турш Рио Тинтогийн 51 хувь, цаашлаад 100 хувийг Монгол Улсын мэдэлд авах ёстой гэсэн байр суурьтай байсаар ирсэн. Монгол Улс уул уурхайн баялагтаа эзэн суух ёстой гэж ярьсаар ирсэн. Оюутолгойн гэрээг засч ард түмэндээ ашигтай болгох ёстой, Тавантолгойн хувьд ч байр суурь дээрээ хэвээр байгаа. Ард түмэн засаглалын эрхээ эдлэх ёстой. Бид ард түмнээсээ хандив гуйх нүүртэй гэж бодож байна.
МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар: МАХН-Д ОЛИГАРХИЙН ТӨЛӨӨЛӨЛ БАЙХГҮЙ
-Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН Сайнхүүгийн Ганбаатар гэж Монголын ард түмний хүүг дэвшүүлсэн. МАХН Монголын нийгэмд дундаж амьдралтай ард иргэдийн эрхийг хамгаалсаар ирсэн. Аливаа асуудалд олигархийн төлөөлөлгүй, тэдэнтэй ямар нэг байдлаар харилцаа холбоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар хуульд заасны дагуу нэр дэвшиж Монголын баялгийг цөөн хэдэн олигархи хувааж идэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцэж, ард түмний дуу хоолой болж байгаа учраас ард иргэдийнхээ дунд хандивын аян эхлүүлж байна. Нэг сая иргэн мянган төгрөг хандивлахад манай нам, нэр дэвшигчийн санхүүжилт бүрдэнэ. Үүнээс өөрөөр ямар нэг байдлаар хэн нэгнээс нэг ч төгрөг аваагүй болно. Шударгаар Монголын ард түмний төлөө зүтгэж байгаа. Ард түмний бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө байх болно. Монголын баялаг нийт ард түмний дундын өмч учраас гурван сая иргэн, хойч үе эзэмших ёстой гэсэн байр суурийг баримталж байгаа. Оюутолгойн 51-ээс доошгүй хувь Монголын ард түмэнд байх ёстой гэдгийг Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлсээр ирсэн. Тавантолгойг цөөн хэдэн олигархи гартаа авсныг Монголын төр буцаан авахыг шаардсан. Үүнээс болж Н.Энхбаяр дарга, МАХН өнөөг хүртэл хэлмэгдэж байна. МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар Оюутолгойн асуудлыг хамгийн анх гаргаж тавьж тууштай тэмцэж олон нийтийн анхааралд хүргэсэн. Гэвч нэр сүрийг нь гутаах бохир арга хэрэглэж байна. Шударга нэр цэвэр, эх оронч хүнийг Монголын баялгийг завшиж байгаа гадна дотны олигархи хүмүүстэй холбох гэж оролдож байгаа нь гутамшигтай байна. Монгол эх орныхоо төлөө, тусгаар тогтнол, газар нутагтаа эзэн суухын төлөө С.Ганбаатарт хандив өгөхийг уриалж байна. Бид сонгуульд шударга оролцоно. МАНАН-гийн бүлэг, төрөөс төрсөн тэмбумтангууд асар их мөнгө тарааж санал худалдаж авч УИХ-д сонгогдон 65-уулаа болчихоод тэр аргаа одоо ч хэрэглэж байна. Асар их мөнгөний асуудал яригдаж байна. 60 тэрбум төгрөгөөр төрийн албыг бий болгосон асуудал бодит зүйл. Прокурор, мэргэжлийн мөрдөн байцаагч хүний хувьд энэ асуудлыг гаргаж тавьсан хүнтэй биечлэн уулзсан. Хууль хяналтын байгууллагаар дарамтлуулж, С.Зориг шиг болгоно шүү гэж заналхийлсэн байна лээ. Олон нийтийн санал бодлыг өөрчлөх оролдлогууд явж байна. Ийм зүйлд битгий автаасай гэж хүсч байна. Шударга сонгуулийн төлөө бүх ард түмэн ажиллаасай. Эх орныхоо төлөө нэг сэтгэлээр ажиллая. Эх орон газар нутгийнхаа төлөө сонгуульд оролцоцгооё.
Хандив авах ажлын хэсгийн ахлагч Н.Баяраа: ХАНДИВЫН ХАЙРЦГИЙГ БҮХ ДҮҮРГЭЭР АЯЛУУЛНА
-Хандив өгөхдөө овог нэр, утас, регистрийн дугаарыг заавал бичих шаардлагатай. Мөн буцах дансны дугаараа бичиж өгнө. Хандивын хайрцаг нийслэлийн бүх дүүргээр аялана. Банкны өр авлагатай, насанд хүрээгүй, гадны харъяалалтай иргэн хандив өгөх нь хуулиар хориотой байгаа. Бид хандив өгсөн иргэдийг Монголбанкаар шүүлгээд хууль бус хандивыг буцаах ёстой. Эзэн нь тодорхойгүй бол улсын орлого болгох талаар хуулийн хүрээнд ажиллана.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл бичигдээгүй байна