Т.Аюурсайхан: Нам гэдэг нэрийн дор буруу зүйлийг хаацайлдаг байж болохгүй

2017/05/31
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаанаар БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БСШУС-ын сайдыг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан хэмээн огцруулах саналыг МАН-ын бүлэгт өргөн барьсан. Улмаар МАН-ын бүлэг дэмжсэнээр Ерөнхий сайд саналаа УИХ-д өргөн барьж, өнөөдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэж байгаа юм. 

БСШУС-ын сайдыг огцруулах саналыг ЗГХЭГ-ын сайд Ж.Мөнхбат танилцууллаа. Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд боловсролын салбарт олон асуудал гарч, иргэдийг бухимдуулсан. Тухайлбал, 29 дүгээр сургууль, 116 дугаар сургуулийн сурагчид ажил хаялт зарласан. Мөн Элсэлтийн Ерөнхий шалгалтын материал задарсан. Энэ нь тухайн салбарыг хариуцаж яваа сайд нь салбараа нэгдсэн бодлогоор хангаагүй. Үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэж Ерөнхий сайд үзсэн. Одоо хүртэл сургуулиудад үүссэн асуудалд ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Ерөнхий сайд, Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй. Үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан учраас Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хуульд заасан үндэслэлийн дагуу огцруулах санал гаргасан. Энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү" гэлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-
Монгол төрд хариуцлага байх ёстой. Ажлаа өгч чаддаг, итгэл өгч чаддаг, хариуцлага тооцож чаддаг байх ёстой. Нам гэдэг нэрийн дор буруу зүйлийг хаацайлдаг байж болохгүй. Өмнөх парламентийн алдааг давтах ёсгүй. Тиймээс хариуцлага тооцдог байгаа асуудлыг дэмжиж байна. Одоо ажиллаж байгаа сайд нарт ч гэсэн анхааруулга болог. Энэ асуудал нь зөвхөн салбарын сайдын асуудал биш. Дунд шатны дарга нар ч гэсэн ажилдаа хариуцлагагүй ханддаг, хүнд суртал гаргаж, ард түмнийг бухимдуулдаг, авлигын хэрэгт холбогддог. Хүнээ зөв томилж чадахгүй. Хамаатан садан танил талын хүрээгээр их томилж байна. Тиймээс үүнийг таслан зогсоож, төрийн албыг цэвэрлэх шаардлага гарч байна. Энэ зөвхөн боловсролын салбарт гарч байгаа юм биш. Бүх салбарт байна. Зөвхөн нэг сайдын асуудал биш. Бүх байгууллагыг цэгцлэх том бодлогын салхи хөдлөөсэй гэж хүсч байна. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Сахилга хариуцлага тооцох асуудалд санал нэг байна. Энэ удаагийн хариуцлага тооцож байгаа асуудал нь эзнээ олсон уу гэж асуумаар байна. Төрийн тогоонд ажиллаж байгаа туршлагатай, ганц боловсон хүчиндээ хариуцлага тооцох асуудал яригдаж байгааг гайхаж байна. Энэ эзнээ олсон явдал мөн үү. Дэд сайдыг нь Элчин сайдаар томилчихоод, сайдыг нь огцруулж байгаа нь зөв шударга зарчим мөн үү. 29 дүгээр сургуулийн асуудал бол Нийслэлийн харьяанд байдаг асуудал. Нийслэлийн удирдлагуудтай хариуцлага тооцоогүй байж, шууд боловсролын сайдтай хариуцлага тооцож байгаа нь зөв үү. Үндэслэлүүд нь хууль тогтоомжид нийцэж байгаа юм уу. Зөвхөн сайдад нь  хариуцлага тооцох биш. Газрын дарга, төрийн нарийн бичгийн дарга нарт нь хариуцлага тооцох юм уу.

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат:

-Ж.Батсуурь сайд бол докторын зэрэгтэй боловсон хүчин. Гэхдээ хуулийн заалт байна. Энэ заалтын дагуу Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх ажилд хойрго хандаж, хариуцлагагүй хандсан гэж Ерөнхий сайд үзсэн. Монгол Улсад анх удаа элсэлтийн шалгалтыг дахин авч байгаа нь боловсролын салбарт анх удаа гарсан асуудал. Тиймээс БСШУС-ын сайд үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан. Мэдээж шат шатанд нь арга хэмжээ авч ажиллана"
УИХ-ын гишүүн Ч.Улаан "Хариуцлагыг сайжруулая гэж байгааг дэмжихгүй хүн байхгүй байх. Яамныхаа сайдын бодлого үйл ажиллагааг дэмжиж ажилладаггүй хүмүүсийг яах вэ. Харин ч сайдынхаа өгсөн үүрэг даалгаврыг гардаж хийж байсан хүмүүст ямар арга хэмжээ авах вэ. Сайдыг нь огцруулсан бол энэ яаманд нэлээн том хариуцлагын асуудал яригдана гэж харж байна. Ж.Батсуурь сайд бол мэдлэг чадваргүйдээ огцорч байна гэж би харахгүй байна. Хариуцлагыг шат шатны хүмүүст нь авах ёстой юм бишүү.

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат:

Сайдын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж байсан шат шатны хүмүүст хариуцлага тооцно. Өнөөдөр сайдынх нь асуудлыг оруулж ирж байгаа нь салбар нь унасан учраас УИХ-д сайдыг нь огцруулах асуудлыг оруулж ирж байна. Алдаа гаргасан боловсролын яамны ажилтнуудад хариуцлага тооцно гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна