Ардчилал бол Сонголтын нийгэм, Төр бол Итгэлийн тогтолцоо. Өнөөдөр бидэнд горьдлого, үнэмшилд суурилсан хуурагдсан, хувхайрсан Монголоо Итгэлд үндэслэсэн мандан бадрах Монгол болгох түүхэн цаг ирлээ. МАН-АН бүлэглэлийн толгойлогчид, харьд урвагсад, газар нутгаа зарагсад, түмний хөрөнгийг луйвардагсад ард түмнийхээ эх оронч, төрч итгэлийг сэвтээж төр ба төрийн албыг худал амлан хуурч авдаг ашиг завшаан муу муухайн үүр болгов. Эх орноо хайрлах сэтгэл, нутаг орныхоо сайн сайхнаа хадгалах, хамгаалах, өрх гэр гал голомтоо дээдлэн, үр хүүхдээ аз жаргалтай өсгөж хүмүүжүүлэх, төр төвшин түмэн амгалан байх асуудалд ноён нурууг барьж хэлтийж хазайхгүй байх, баларлаг, баатарлаг, ухаанлаг түүх хэл соёлоо бахархан уламжилж шинэчлэх итгэл нь Монгол хүн бүрийн заяа тавилан мөн. Итгэл бол Ардчилал гэж зальдан ард түмнээ хүчээр, хуульчлан дарамталж өөрсдийгөө сонгуулах хэдхэн олигархи биш ард түмэн маань хэнд нь өгөхөө өөрсдөө сонгох сонголт. Ард түмэн төрдөө итгэх, төр нь ард олондоо итгэх нь гайхамшигт Монгол Ухаан.Итгэл алдах гэх ичгүүрт явдлаас Монгол хүн бүр болгоомжилдог эртний нийтлэг гол ёсон үгүй болж харин ч итгэл үл даагсад өгсөж өөдлөн Ман-Ан толгойллоо. Энэ бол бидэнд асар их алт баялгаа Оюутолгой, Таван толгойгоо алдахаас ч илүү харамсмаар гамшиг, гарз хохирол юм. Худалч, хулгайч, авилгач хүмүүсийн муухай үйлдлийг ч нэрлэн хэлэхээс цээрлэж зөрүү буруу яриатай хүн, үгэнд нь итгэлтгүй, хуруу хумс урттай зусар бялдууч зантай хүн гэлцэж нутаг усаараа жийрхэн жигшдэг асан цаг өнгөрч энэ нь эсрэгээрээ хүн бүхний нийтлэг зан заншил, ердийн төрх боллоо.
Эрээ цээрээ алдсан Элбэгдорж- Баяр хоёрын сагсуурал увайгүй үйлдлүүд нь дээрхийн тод жишээ, бидний гашуун зовлон, түүхийн давтаж үл болох сургамж. МАН-АН г арилгаж устгах эдний залгамж халааг таслах түүхэн хариуцлагатай энэ цагт эх орончид нэгдэж байна. Ардчилал гэж анх ойлгохдоо утгаараа сонголтын нийгмийг 1990 ээд оноос төр засгийг бужигнуулсан авилгач, овшоорчид, газар нутгаа зарагсад хувьдаа өмчлөх хувьсгал хийн хувьчлан авлаа. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар өөрсдийн залгамжлагчдаа тавихаар, ард түмнээ дахин зальдахийг оролдож байна. Хорвоогийн бүх зүйл жамтай настай. МАН-АН д ч энэ хууль үйлчлэнэ. Цахиагийн Элбэгдорж- Санжийн Баяр нарт ч энэ хууль бүр жинхэнэ үйлчлэнэ. Та нарын улс төрийн нас дууссан. Үлдсэн биологийн насаа харин яах нь та нарын өөрсдийн сонголт. Бид Монголчууд, эх орончид ялна. Монголчуудаа сэрцгээ, сэхээрцгээ нэгдэцгээ.
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү
Сэтгэгдэл бичигдээгүй байна