УИХ-ын чуулганы лхагва гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар ажлын хариуцлага алдсан гэх БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах асуудлыг хэлэлцэж БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулахыг дэмжих үү гэсэн томьёоллоор санал хураахад гишүүдийн 64.3 хувь нь дэмжсэн юм.
Ингэснээр БСШУС-ын сайд Ж.Батсуурь уг өдрөөс эхлэн ажлаа өгсөн бөгөөд БСШУС-ын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатыг томилсон юм.
Тэгвэл Ж.Батсуурийн оронд буюу дараагийн Боловсролын сайдаар УИХ-ын гишүүн О.Содбилэгийн нэр яригдаж байгаа юм. Түүний хувьд 2012 оноос хойш хоёр удаа УИХ-ын гишүүнээр улиран сонгогдоод байгаа юм.
О.Содбилэгийн намтар:
Отгонбилэгийн Содбилэг 1979 оны гуравдугаар сарын 19-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. Эхнэр, хоёр хүү, охины хамт амьдардаг.
Швейцари улсын Кеймбриджийн Эйллон коллежийг 1998 онд, АНУ-ын Жорж тауны их сургуулийг 2002-2006 онд тус тус төгссөн. Улмаар 2010 онд Францын INSEAD-д бизнесийн удирдлагын магистр, 2012 онд Бээжин хотын Чинхуагийн их сургуульд бизнесийн удирдлагаар магистр хамгаалсан.
Тэрбээр 2003-2004 онд Гадаад хэргийн яаманд атташе, 2004-2005 онд “Капитрон” банкинд газрын дарга, 2005-2007 онд “НИК” хувьцаат компанийн тэргүүн дэд захирал, 2007-2012 онд “Петровис” ХХК-ийн дэд захирал, 2008-2012 онд "Мон ойл энд газ" ХХК-ийн гүйцэтгэх захирлын алба хашиж байсан.
Монгол Улсын Их Хурлын 2012, 2016 оны сонгуульд МАН-аас нэр дэвшиж Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.
МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, МАН-ын Бага хурлын гишүүн, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, Монголын олимпийн боксын холбооны ерөнхийлөгчийн сонгуульт үүрэг гүйцэтгэдэг.
Олон улсын уулын цанын спортын нэгдүгээр зэрэгтэй. Англи, орос, герман хэлтэй.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна