Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа өчигдөр эхэлсэн. Сонгуулийн насны иргэд сонголтоо хийхийн тулд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг нь сайтар судалж, харьцуулах нь чухал. Тиймээс www.zuv.mn сайт 2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нарын мөрийн хөтөлбөрийн гол үзэл санаа хийгээд мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь хүргэж байна.
М.ЭНХБОЛД: МОНГОЛ ТӨР-МОНГОЛ ГЭР
Монгол Улс бол монголчууд бидний гэр орон юм. Бид эх орноо УЛС ГЭР гэж хүндэтгэн ойлгодог ард түмний үр сад. Бид өвөг дээдсээсээ өвлөж ирсэн “Гэрээ засаад төрөө зас” хэмээх эрхэм сургаалтай үндэстэн. Манай Монгол бол эвдрэлцэх бүртээ уруудсан, эвлэх бүртээ өөдөлж мандсан түүхтэй. Улс гэрийнхээ маргаашийн төлөө монголчууд бид юу хийх ёстой вэ? Ирээдүй хэмээх нэгэн зүг рүү харж, хөгжил гэдэг нэг л оргилд хүрэх нь монгол хүн бүрийн хүсэл юм. Бид нэг түүхтэй, нэг зорилготой, нэг эх оронтой, нэгдмэл нэг үндэстэн. Нэг тэнгэрийн доор, нэгэн цаг үед амьдарч байгаа элгэн монголчууд бид эв саналаа нэгтгэн, хямрал хүндрэлийг хамтдаа давах болно.
Одоо ам нийлж шүүмжлэх төдий бус гар сэтгэл нийлж ажиллах цаг. Өнөөдөр эвдэрч хагарах биш эвлэрч ойлголцох цаг. Наян нэгэн уньтай, наранд өргөсөн тоонотой монгол гэрийг ганцхан хүн барьж чаддаггүй. Монголчууд бидний чин хүсэл, гэгээн зорилго, эв нэгдэл ямарч үгүйсгэлээс илүү, ямарч үгнээс хүчтэй билээ. 2016 онд ачааны хүндийг Ардын намд итгэж даатгасан ард түмэн маань ажлын үр дүнг ч Ардын намаас нэхэх болно.
Энэ бол итгэл найдвар төдийгүй их хариуцлага, том даалгавар юм. Энэхүү даалгаврыг би улс гэрийнхээ ТООНО, УНЬ, ХАНА, БАГАНА, ҮҮД гэсэн үндсэн таван хэсгээр төлөөлүүлж, “МОНГОЛ ТӨР-МОНГОЛ ГЭР” мөрийн хөтөлбөр болгон Танд хүргэж байна. Энэ тав нийлж байж голомтондоо галтай, хоймортоо эзэнтэй, уяан дээрээ морьтой, элэг бүтэн, туурга тусгаар МОНГОЛ болно.
Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.
Х.БАТТУЛГА: ХҮЧИРХЭГ МОНГОЛЫН ТӨЛӨӨ
Мянганаар өртөөлсөн Монгол үндэстний төрт ёс, түүх соёл, язгуур уламжлал, орчин цагийн ололт амжилт, өрнөх ирээдүйн их хүслийн гурван цагийн хэлхээнд орших эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт халдашгүй дархан байдал, ардчилал, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж хөгжин бадарсан “ХҮЧИРХЭГ МОНГОЛ УЛС”-ыг цогцлоох Эх оронч Ерөнхийлөгч байна.
-Эв нэгдлийг эрхэмлэж, үндэсний эрх ашгаа дээдэлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна
-Эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалж, иргэнээ дээдэлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна
-Эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна
-Экологийн тэнцвэрийг хангаж, газар нутгаа хамгаалсан Эх оронч Ерөнхийлөгч байна
-Экспортын шинэ эринийг эхлүүлсэн, эрх тэгш гадаад харилцааг эрхэмлэгч Эх оронч Ерөнхийлөгч байна
Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.
С.ГАНБААТАР: МОНГОЛЧУУД БОСОО ЗАЯАТАЙ, БОСОО БИЧИГТЭЙ, БОСОО ТӨРСӨН ТЭНГЭРЛЭГ АРД ТҮМЭН
Монгол хүний үнэлэмжийг даян дэлхийд дахин нэмэгдүүлэн цуурайтуулахын төлөө би зүтгэнэ. Монгол хүний эрүүл саруул ухаан, билэг авьяас, ажилсаг хөдөлмөрч зан чанар, аз хийморьт огт эргэлздэггүй. Монголчууд босоо заяатай, босоо бичигтэй, босоо төрсөн тэнгэрлэг ард түмэн.
Би ард түмнээ ажилтай, ирээдүй хойчийн залуусаа илүү өндөр боловсролтой болгож, ахмад үеийнхнээ хайрлан халамжилна. Өнөөгийн туурга тусгаар улсыг та бидэнд бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгсөн өвгөдийн ач, буяныг санан хариулж тэдний амар тайван амьдрах нөхцөлийг хангах ёстой.
1. Хариуцлагатай засаглалыг буй болгож, ажилгүйдэл, ядуурлыг зогсооно
2. Олигархиуд, оффшорчдыг хазаарлаж, шударга ёсыг тогтооно
3. Ард түмний амин эрх ашгийг дээдэлж, үндэсний эрх ашиг, эв нэгдлийг эрхэмлэнэ
4. Монгол хүн болж төрснөөрөө бахархаж, монголын төлөө зүтгэнэ
5. Монголчууд босоо заяатай, босоо бичигтэй, босоо төрсөн тэнгэрлэг ард түмэн
6. Монгол хүн монгол эх орныхоо эзэн нь байна
7.Ам ба ажил, үг ба үйл хэргийн нэгдлийг хангана
8. Эх орныхоо өмнө тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэнэ
9. Мянганы их бүтээн байгуулалтыг эхлүүлнэ
Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.
Б.Сондор
Сэтгэгдэл бичигдээгүй байна