Эх оронч тэмцэгч

2017/06/13
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатарын талаар миний сэтгэгдэл эерэг байдаг. Нийгэм ороо бусгаа, залуучууд амьдралд хөлөө олж тавих гэж зүдэрч байсан тухайн цаг үед тэр олон олон залуусын хувьд даган дуурайх хүн нь болж, нийгэмд тодоор гэрэлтсэн хүн. Англи хэл сурахад нь залуусыг түүчээлэн хөтөлснийг санаж байна. Англи хэл сурахад зориулж заавал цээжлэх 200 үгийн жагсаалт гарган, хэрхэн суралцах талаар өөрийн туршлагаа хуваалцсан, айлын ууган хүүгийн хувьд гэр бүл, дүү нараа авч явах үүргийг нэр төртэй биелүүлж, гадаад оронд хар бор гэлгүй ажил хийж, амсхийх завгүй байсан нь олон мянган залууст итгэл найдварыг өгч, амьдралынхаа төлөө тэмцэх хүчийг хайрласан. Ийм л учраас түүний талаар миний сэтгэгдэл ямагт эерэг байдаг. Нийгэм, улстөрд орж ирэхдээ ийм л дүрээрээ танигдсан түүний талаар энэ сэтгэгдэл минь хувирахгүй гэдэгт би итгэж байна. Яагаад гэвэл түүний зам мөрд монголчуудыгаа хохироосон нэг ч хар толбо байхгүй. Түүнийг хувь хүнийх нь хувьд гоочлохдоо боловсролгүй, хуурамч дипломтой гэдэг. Тэгвэл боловсролыг их дээд сургуулиар, бакалавр, магистр, докторын зэргээр үнэлэх нь өнөөгийн нийгэмд өрөөсгөл ойлголт болсон биш гэж үү. Ялангуяа зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш боловсролын үнэлэмж буурч, дээд боловсрол буюу диплом өвөртөлөх нь мөнгөтэй хүний хувьд хурууны үзүүрээр хийх ажил болсон. Эртний грекийн гүн ухаантан Сократ боловсролтой хүн гэж хэнийг хэлэх талаар “… ямар нэгэн шалтгаанд баригдахын оронд, шалтгааныг захирдаг, бүхий л боломжийг зоригтойгоор ашигладаг, хийж буй ажил болон хүрээлэлдээ нэр хүндтэй, ааш муутай хүмүүсийн дунд ч, болж бүтэхгүй зүйлд ч эв аятай, зөөлөн ханддаг, хувийн таашаалаа хянаж чаддаг, азгүйтэлд ялагддаггүй, амьдралын хатууд гудайдаггүй, олсон амжилтандаа ташуурдаггүй хүмүүсийг боловсролтой хүн гэж хэлнэ” хэмээн тэмдэглэн үлдээжээ. Энэ зарчмаар бол С.Ганбаатар хамгийн сайн боловсролыг олж авсан хүн. 

Тэр бас тэмцэгч.  Зүгээр нэг тэмцэгч бус, эх оронч тэмцэгч хүн. Эх оронч тэмцэгч имижийг түүнд түмэн олон хайрласан. Өөрийн үйл хэргээрээ эх оронч байхыг үлгэрлэн харуулж чадсан учраас түмэн олон түүнд энэ алдрыг хайрласан юм. Сүүлийн 12 жилийн турш С.Ганбаатар бусармаг бүхний эсрэг  дуугарч, тэмцэж яваа. Хэн нэгэнд худалдагдаж, эрх ашгийг нь хамгаалж, нэг хөнжилд хамт ороогүй. Өөрийнхөөрөө гэрэлтэж яваа нийгмийн нэг тод од яах аргагүй мөн билээ. УИХ-ын гишүүн байхдаа хаана хууль бус, хулгай байна, түүнтэй тэмцэж, илчилж нийгмийг, улстөрийг цэвэршүүлэхийн төлөө ажилласныг нь харж байснаас бус нэг ч удаа хувийнхаа болон бусад ашиг сонирхол нэгт нөхдийн бизнесийг дэмжихийн төлөө ажиллаагүйг түмэн мэдсэн. Тиймээс түүнд монголчууд хар буруу санадаггүй, хараан зүхдэггүй, зэвүүцэн доромжилдоггүй. Улс төрд шургалсан оффшорчдын эсрэг,  иргэдийнхээ тэтгэвэр тэтгэмж, цалинг нэмэхийн төлөө тэмцсэн дүрээрээ л С.Ганбаатар ард түмний сэтгэлд илүү хоногшсон юм. Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхийн төлөө түүний л дуу хоолой тод гардаг байсан. Энэ бүх эерэг чанараараа тэр хэн хүний хүрч чадахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн юм. Түүнийг сонгосон байхад Монгол Улс уруудан доройтохгүй гэдэгт би 200 хувь итгэж байна.  

Э.Эрдэнэ

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна