О.Баасанхүү: "Заан цолтонгууд барилдахыг хүссэн ч аманд гарч чадсангүй"

2017/06/14
Өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ид дундаа өрнөж ард түмэн хэнийг сонгох вэ гэсэн сонголтоо хийх хариуцлагатай үе үндсэндээ бидний өмнө ирээд байна. 

Өнгөрөгч бүтэн сайн өдөр буюу 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр миний бие Эрдэнэт хотынхоо иргэд сонгогчидтойгоо уулзалт хийсэн билээ. Ингэхдээ “Зөв сонголт” гэсэн нэртэй самбарын өмнө зогсоод “Өнөөдөр 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр, нэг жилийн өмнө би энэ газар, энэ цагт Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгааг эхлүүлж байсан” хэмээн хэлсэн.

Мөн та бүхэндээ юу амлаж байсан, юу хийж байгаа, юу хийх гэж байгаа зэргийг сануулахын тулд, хүсэлт саналуудыг авахын тулд уулзалтаа хийж байна” хэмээн яриагаа эхлүүлсэн юм. 

Уулзалтын дундуур зарим нэг иргэдээс “Гишүүн та ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг дэмжиж байгаа вэ, Бид хэнийг сонгох ёстой вэ гэх мэт асуултууд нэлээдгүй гарч байсан. Энэ асуултыг зарим иргэдийн зүгээс надад тавьсаар байгаа тул би тухайн үед иргэдэд өгч байсан хариултаа та бүхэндээ хуваалцахыг хүслээ. 

Ерөнхийлөгчийн сонгууль дөнгөж эхлээд Миеэгомбын Энхболд, Жэнко Баттулга нар намаасаа нэр дэвших эрхээ авч байх тэр үед цахим ертөнцөд “одоо сур харваач нь хэрэгтэй байна” гэсэн хөгжилтэй ч юмуу, инээдэмтэй мэдээ тархаж байсан санагдаж байна.

Яагаад ч юм би тохиолдлоор энэ парламентад үндэсний сурын тухай хуулинд өөрчлөлт оруулан батлуулсан цорын ганц гишүүн юм. Намаасаа сонгогдсон цорын ганц гишүүний хувьд сонгуульд идэвхитэй оролцох ёстой, намын нэр дэвшигчээ өмөөрч хамгаалж ярих ёстой, ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд гол үүрэгтэй оролцох ёстой гэдэг ард түмний хүлээлт, шаардлага, дэмжлэг байгаа нь зүй ёсны асуудал гэж би бодож байна.

Тиймээс бүгдээрээ хөгжилтэй байдлаар энэ удаагийн сонгуулийн өнгийг эхлээд харцгаая. Удахгүй наадам болох гэж байгаагийн хувьд хүн бүр үндэсний бөхийн барилдаанд хэн нь түрүүлэх бол, хэн арслан заан хэмээх цолтой болох бол, начны найраа энэ жил байгаа болов уу гэсэн яриа ард түмний дунд нэлээдгүй яригддаг учраас сонгуулийн тухай, нэр дэвшигчдийн тухай үндэсний бөхөөр жишээ дурдан өөрийн бодлоо та бүхэндээ хуваалцахыг хүсч байна.

Тэгээд.. 



Улсын Их Хурал болон орон нутгийн сонгуулийн бүх түвшинд ялсан намын дарга бол мэдээж аварга цолтой бөх гэж үзэж болно. Тэр бүр аварга аваргаа амлаад байдаггүй. Амласан ч ард түмэнд жудаггүй харагддаг учраас цол, чансаа доогуур бөхөө амлаж барилдах нь ойлгомжтой.

Аварга барилдах бөхөө амлахдаа мэдээж тухайн бөхийн чансаа, нутаг ус, мэх, гарал үүсэл гэх мэт олон зүйл л боддог байх. Ард түмний хүслээр байдагсан бол аваргыг энэ удаа арслан цолтой бөхтэй барилдаасай гэж хүссэн. Арслан цолтой бөх гэдэг маань АН-ын Р.Амаржаргалыг хэлээд байгаа юм.

Дэвжээ нь таалаагүй юу, дасгалжуулагч нь дэмжээгүй юу, эсвэл бөхийн найраа орсон уу. Ямар ч байсан энэ удаа арслан барилдсангүй. Миний мэдэхийн арслан маань өөрөө барилдахыг маш их хүсч байсан. Даанч харамсалтай нь аваргын аманд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын начин Жэнко хочит Баттулга барилдахаар болж байна.

Ард түмэн арслантай барилдахгүй юм бол ядаж аваргыг заан цолтой бөхтэй барилдаасай гэж хүссэн. Заан цолтой бөх гэдэг нь Гадаад харилцааны сайд асан Эрдэнэчулуун, гавьяат хуульч С.Нарангэрэл гуайг хэлээд байгаа юм шүү дээ.

Харамсалтай нь дахиад л бөхийн найраа орсон уу, дасгалжуулагч нь дэмжээгүй юу, мөнгө төгрөг нөлөөлсөн үү. Заан цолтонгууд барилдахыг хүссэн ч аманд гарч чадсангүй. Бас л Баянхонгор аймгийн Галуут ч юмуу Баянхонгор ч юмуу сумын өсөх ирээдүйтэй, хурдан шаламгай, хурц хараатай босоо хочит С.Ганбаатар өрсөлдөхөөр болж байна.

Ерөнхийлөгчийн сонгууль бол намуудын сонгууль мэдээж биш. Ерөнхийлөгчөөр сонгогдсон хэн ч намаасаа гарч, үнэмлэхээ хураалган, бүх ард түмний төлөө, бүх намын төлөө төрөө төлөөлөх журамт үүргийг хүлээдэг. 

Аваргыг давж байж аварга болдог. Зарим нь Миеэгомбын Энхболд даргыг юу гэж аварга болгоод байгаа юм бэ гэж гайхаж магадгүй. Саяхны жишээ хэлэхэд шинэхэн аварга маань өөрийн дор байдаг албан тушаалтнуудаа бүрэн хөдөлгөж, армийн таван машин дүүрэн цэрэг авчирч, Буянт-Ухаа хавийн төрийн албан хаагчдыг цалингаар нь барьцаалан байж, түүхэндээ хэзээ ч дүүргэж үзээгүй Буянт-Ухаа спорт заалыг битүү дүүргэн, иргэдийг цуглуулж чадсан байна.

Тиймээс мэх, хүч, авьяас чадвар бүрэн бүрдсэн шинэхэн аваргыг давахын тулд начингууд маань ганцхан эх оронч, ганцхан тэмцэгч нэр зүүгээд нэмэргүй. Харин ч аваргын хэлсэн уриаг начингууд маань өөрсөд дээрээ тусган, хагарал бутралаа хойш тавиад хамтдаа зогсож чадвал “бөх хүн бүдүүн өвсөнд” гэгчээр аваргыг давах гайхалтай мэхүүд аль аль начин нь хийж чадна гэдэгт би эргэлзэхгүй байна.

За бас засуулууд гэж зовлонтой хүмүүс бий. Хөлийн цэцдүүд бас хэн байхаас хамаарна. Хамгийн инээдэмтэй нь барилдах эрхийг өгсөн боссууд нь барьцаалагдаагүй, авилгалд өртөөгүй, ард түмний талд байх юм бол аварга бол үнэндээ зүгээр л нэг бөх болж харагдана. 

Та бүхний маань сонголт мэргэн байх болтугай. 

Монгол Улсын Их Хурлын гишүүн Октябрийн Баасанхүү


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна