Иргэн Г.Доржзодовыг баривчлах гэж байна гэсэн мэдээлэл өнөөдөр олны анхаарлыг их татсан. Үүнтэй холбогдуулан МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.
Тэрээр “АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн штабаас зохион байгуулалттай худал мэдээлэл тарааж байна. Мөн дээрээс нь “60 тэрбум бичлэг хийсэн Г.Доржзодов гэдэг залуугийн амь насанд аюул учирч байна. Хэрэв муу зүйл тохиолдвол МАН болон тус намаас нэр дэвшигч хариуцлагыг нь хүлээх ёстой” гэсэн мэдээлэл тарааж эхэллээ. АН-ынхан ийнхүү нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх оролдлого хийж байгаа учраас манай нам өчигдөр ЦЕГ, ТЕГ-т хандаж түүнийг хамгаалалтад авахуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Г.Доржзодовыг хэн нэгэн очоод цохиод унагахад л МАН, М.Энхболд үүнийг хийлгэлээ гэх, олон нийт ч ингэж хүлээж авах нөхцөл бүрдсэн учраас ийм хүсэлт гаргасан юм. Өнөө өглөө юу болоод байгааг цагдаагийн байгууллагаас лавласан боловч хариу өгөөгүй. Харин сая хийсэн мэдээллээс нь харвал манай намаас гаргасан хүсэлтийн дагуу Цагдаагийн байгууллагынхан түүнийг хайж УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрт байхад нь хамгаалалтад авсан байна” гэв.
Иргэн Г.Доржзодовт шилжүүлсэн 20 сая төгрөгийн баримтын талаархи сэтгүүлчийн асуултад Д.Амарбаясгалан дарга “Та бүхэн сайн анзаарсан бол тэр баримттай хамт гаргаж тавьсан мессэжний зураг дээр Доржзодов гэсэн нэр байгаа. Хэрэв өөр хүнээс өөрт нь ирсэн мессэж мөн бол тухайн хүнийх нь нэр гарах ёстой. Энэ мэт сэжигтэй зүйл их байгаа учраас үүнийг хуулийн байгууллагад шалгуулна” гэлээ.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна